No icon

Ш.Сайхансамбуу: Төрд шургалсан эрүүгийн элементүүдээс салъя

 

 

Ш.Сайхансамбуу: Төрд шургалсан эрүүгийн элементүүдээс салъя

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай ярилцлаа.


-УИХ-аас гарч буй шийдвэрүүд хууль бус гэж та үзэж буй юм байна. Яагаад тэр вэ? 

-60 тэрбумаар албан тушаалыг үнэлж, хуваарилсныг нийт ард түмэнд зарласан. Би энэ Их хурлыг анх бүрэлдсэний маргааш л хэлсэн. Ерөөсөө хууль бус Их хурал бүрэлдлээ гэж сонин хэвлэлд өгсөн миний ярилцлагад бий. Хэрвээ юм мэддэг, чаддаг, хууль дүрэм биелүүлдэг шинэ хүчин гарч ирвэл энэ улсуудыг бүгдийг нь хариуцлагад татна. Хууль бусаар төрийн эрх хуйвалдаж авсан. Албан тушаалыг үнэлсэн. Миний 2016 онд хэлсэн үг Сандуй, Ганбаатар хоёрт ял оноосноор нотлогдож байна. Хэрвээ тэр хоёр хүн буруугүй байсан бол шүүх ял оноохгүй байсан. Ял оноогоод, таслагдаад явсан. Тиймээс одоогийн энэ Их хурлын гаргасан бүх шийдвэрийг би хүчингүй гэж үзэж байгаа юм.

-Дийлэнх нь нэгэн цагт хүчээ өгч байсан намынхан чинь байгаа шүү дээ?

-Намайг хүмүүс нэг их сайн мэддэггүй юм. Би хуучин МАХН-ыг эрх барьж байхад, 1983 оноос хойш энэ намд явсан. Сүүлд хотын гүйцэтгэх захиргаанд ажиллаж байхад Мөнхжаргал, Алтангэрэл, Энэбиш дарга, нийслэлийг хариуцаж ажилладаг МАХН-ын Улс төрийн товчоо, Ардын их хурал, Сайд нарын зөвлөлд байсан хүмүүстэй ажиллаж байсны хувьд төрийн ажил яаж явдгийг сайн мэдэж, сурсан байна, одоо бодоход. Одоогийн энэ УИХ-ын гишүүдтэй харьцуулахад би хамаагүй илүү боловсорсон юм байна. Ер нь олон улсад ч ярьж байгаа, энэ Их хурлыг. Гадны сайтыг уншиж байхад тийм байна. Энийг юмны учир гадарладаг, улс төр жаахан сонирхдог, тэндээс гарч буй хууль тогтоомж шийдвэрүүдийг уншдаг, уншсанаа өөрийнхөөрөө ойлгодог иймэрхүү түвшний хүмүүс бол мэдэж байгаа. Ер нь ихэнх хуульч ч хууль бус Их хурал гэж ярьдаг. Надтай санал нэгддэг хүмүүс байна. Тэгэхээр эндээс гарсан Засгийн газар бас хүчингүй засгийн газар. Энэ Засгийн газраас гарсан бүх шийдвэр хүчингүй. Өнөөдөр нэг юм яриад, маргааш нь тэс өөр юм ярьдаг. Тэр нь саяын Үндсэн хуулийн өөрчлөлт болоод Сонгуулийн хууль гарахад айхтар мэдэгдэж байна. Аливаа юманд ер нь 100 хувь гэж байдаггүй. МАН-ын Удирах зөвлөл дотор нь ядахдаа нэг хүн санал зөрж болно шүү дээ. Гэтэл тэгсэнгүй. Тэгэхээр энэ бол хуурамч. Энэ нам нэг хүний удирдлагаар явдаг, төрийн дээр гарчихсан гэдэг нь маш сайн мэдрэгдэж байна.

-Бид хүн бүр сонголтоо зөв хийвэл улс орон өөдлөн дэвжинэ гэж ярьсаар л сонгуультай золгодог. Манай улсад зөв хүн байна уу, таны бодлоор? 

-Монголын ард түмэн болоод сонгогч нар сүүлийн 15 жил, гурван сонгууль дамжин зөв хүнээ сонгоно гэж ярьж байна. Зөв хүн гэж хэнийг хэлээд байгаа юм бэ, зөв хүнээ нэрлэ дээ гэхээр хэлдэг хүн байхгүй. Тэрийгээ мэддэггүй. Иргэд дээр очиж өөрийгөө таниулах, мэдүүлэх хаалттай. Одоо нэг сарын 1-нээс хаачхаж байна, хэн ч, хаашаа ч явж болохгүйгээр. Тэгсэн мөртлөө сонгогдсон луйварчин гишүүд тайлангаа тавьж болно гэсэн шийдвэр гарч байна. Би яг бүтэн уншаагүй, телевизээр баталж байгааг нь харахад. Мань мэт бол яах вэ. Батсүрэн гэдэг шинэ хүн яваад очвол урдаас нь сонгогчид шоолоод инээнэ. Энэнээс нь залхаад хүмүүс улс төр лүү ойртдоггүй. Зориг гаргадаг хүн байдаггүй. Ерөөсөө Монголын нийт ард түмэн айдас дунд амьдарч байна. Хуулийн байгууллагынхан, шүүх прокурорынхон, цагдаа сэргийлэхийнхэн нь ч тийм байна. Өөрсдийгөө хашир туршлагатай парламентын гишүүд гээд нэрлэчихсэн хэсэг бүлэг дээрэмчид байна шүү дээ. Эд нар чинь базаад, хуулийнхныг айлгаад сурчихсан. Тэд нар нь ажлаасаа салахгүйн тулд хэлсэн үүрэг даалгаврыг нь биелүүлээд явдаг. Хууль жирийн иргэнд айхтар ширүүн үйлчилж байна.  Бид ийм л ертөнцөд амьдраад байгаа юм.

-Таны бодлоор энэ бүхнийг яаж залруулах боломж байна вэ?

-Би Монголын ард түмэнд мөн их олон хэлж байна аа. Элдэв жагсаал цуглаан хийгээд нэмэргүй болсон. Жагсуулах ч үгүй, цуглуулах ч үгүй албадан тараадаг. Зөвшөөрөл авъя гэхээр өгдөггүй. Тийм учраас радио өргөн нэвтрүүлэг, телевизор, сошиал ертөнцөөр иргэдтэйгээ харьцахаас өөр аргагүй болсон. Яг ийм улс дэлхий дээр Хятад, Монгол, Орос гурав л байх шиг байна. Бусад орон бол чөлөөтэй байна. Франц гэхэд өнгөрсөн хоёр дах өдөр бүх орон даяар ажил хаялт хийж байна. Өөрсдийнхөө төлөө жагсаач ээ гээд ганц уриалахад гараад ирж байх жишээтэй. Манайхан тэгж эвлэлдэн нэгдэхгүй байна л даа. Эвлэлдэн нэгддэггүйн гай эргээд өөрсдөд нь тусаад, түүнийг нь хэсэг бүлэг хүмүүс ашиглаад, 30 жил явчихлаа. Хүмүүс энэ бүхнийг амьдрал, бие махбодоороо ойлгочхоод байна л даа. Би нэлээн олон аймаг, хөдөө орон нутгаар явж байна. Сонгуулиас гурав, дөрвөн хоногийн өмнө хүмүүс дүлий юм шиг болчхоод, сонголтоо хийчихсэн байдаг юм. Хүмүүс энэ хоёр намыг сонгохгүй л гэсэн юм ярьж байна. Миний бодол, хүмүүс сонгохгүй нь энэ гээд баахан цагаан хуудас хийгээд баллаад хаячих вий дээ гэдгээс жаахан айж байна.

ТОЙРГОО БУЛААЦАЛДААД, БӨӨН ХЭРҮҮЛ БАЙНА ГЭХ ЧИНЬ БИЛЭЭ

-Монголд МАН, АН-тай дүйцэхүйц нам үнэндээ байхгүй. Тэгэхээр 2020 онд сонгууль болдгоороо л болох юм биш үү?

-Түүнийг өөрчлөхийн төлөө бид залуучуудыг бэлтгэж байна. Аливаа нам, эвсэл ард иргэдтэйгээ тулж ажиллах зарчимтай. Бид тэр зарчмыг барьж ажиллаж байна. Ард иргэд сонгогчдоо хууран мэхэлдэг, залилдаг МАНАН шиг нам улс орныг хөгжүүлнэ гэдэг асуудал ярих ямар ч ёс зүй байхгүй болчхож байгаа юм. Хамгийн аймшигтай жишээ гэвэл манай эрх бүхий байгууллага АТГ-аас албан ёсоор зарласан 12 триллион төгрөг байна. Идэж уусан, үр дүнгүй зарцуулсан. Улсад их хэмжээний хохирол учруулсан байгаа байхгүй юу. Миний мэдэхийн тэр мөнгөөр Улаанбаатар хотыг иж бүрэн тохижуулаад, бүх хүмүүсийг орон сууцжуулаад, илүү гарснаар нь аймгийн төвүүдээ орон сууцжуулах, цахилгаан станц барьчих хангалттай мөнгө байсан байна лээ. Одоо тэгэхээр тэдэнд итгэж болохгүй. Бүр дахиж гарна гээд ажиллаж эхэлж байна. Би одоо болъё гэсэн хүн нэг ч байхгүй. Тэр битгий хэл тойргоо булаацалдаад, бөөн хэрүүл байна гэж байх чинь билээ.

-Намаар талцаад үр дүнд хүрэхгүй, ерөнхийлөгчийн засаглал дээр гэж зарим хүн үздэг. Та санал нийлэх үү?

-Манайд Ерөнхийлөгчийн засаглал зохихгүй л дээ. Парламент, Ерөнхийлөгчөө ард түмэн сонгодог байж тэнцвэр хадгалагдана. Ерөнхий сайд яах вэ, хэд ч огцроод, хэд ч алга болсон хамаагүй албан тушаал. Төрийн хэрэгт нэг их нөлөөтэй биш. Зөвхөн засгийн үйл ажиллагаа явуулах л үүрэгтэй. Нэг ёсондоо Монголын ард түмний зарц нь юм шүү дээ. Тэрийг төрийн гурван өндөрлөгт авч хэлэлцээд байх ч шаардлага байхгүй. Гадны ерөнхий сайд нар тийм л юм билээ. Иргэдийн төлөө зүтгэхээс өөр төрийн хэрэгт оролцоод байх хүн биш. Одоо Их хурлын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр хамгийн чухал хүн болчхоод байгаа юм. Ер нь тийм юм байна. Би олон жилийн практикаас тэгж л харлаа.

-УИХ-ын гишүүн байсан хүний хувьд энэ парламентын хамгийн том алдаа юунд байна бэ?

-Хамгийн том алдаа нь хууран мэхлэх бодлогыг ард түмэнд үнэн юм шиг танилцуулдаг. Хууран мэхлэх тэр арга техникийг маш сайн боловсруулж, араас нь мэдээллийг сайн тараадаг. Тийм ойлголтыг Монголын ард түмний тархинд гүн бат суулгаж өгсөн. Түрүүлж цацсан мессежээ бататгаад, сонгуулийн үеэр худлаа ярихад маш амархан байсан байхгүй юу. Ийм зарчмаар л бид явсан байна. Өмнөх ерөнхийлөгчид ч ялгаагүй. Тав дах ерөнхийлөгчөөс бас нэг сайн үр дүн гарахгүй л байна. Үе үеийн ерөнхий сайд нар байна. Жасрай гуайгаас бусад нь ёстой адгийн шаарнууд. Адгийн амьтад. Дандаа хулгайч. Дандаа худал, залилан мэхэлдэг. Нэг ч олигтой ерөнхий сайд байхгүй. Эднийг удаа дараалан сонгосон Монголын ард түмний буруу. Хамгийн ойрын жишээ, Эрдэнийн хувь гэж сая төгрөг өгнө гээд амласан, байхгүй. Тэрийг дагуулаад С.Баяр гэдэг луйварчин 1.5 сая төгрөг өгнө гэж амласан. Монголын ард түмэн 500 мянга илүү өгөх нь гээд МАХН-д 46 суудал өгчхөж байгаа юм. Тэр бас байхгүй. Батболд гэж нэг луйварчин гарч ирээд хүн болгонд 1072 хувьцаа өгнө гэж хуурсан. Ийм улсуудыг удаа дараалан сонгосон Монголын ард түмний буруу болчхоод байна. Чи бод доо! Ц.Нямдоржийг долоон удаа сонгоод, таван удаа яамны сайд хийлгэчхэж байгаа байхгүй юу. Монголд хууль байна л даа, хэрэгждэггүй. Жирийн иргэнд хамгийн чангаар үйлчилж байна.

-Заримдаа ямар ч улсад амьдраад байна даа гэж бодох үе гарах л юм?

-Төрийн хүмүүсийн амнаас гарч байгаа амлалт яриа бүгд худлаа. Жирийн хүн чинь Их хурлын гишүүн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэлчихлээ гээд үнэмшдэг юм шиг байгаа юм. Иргэд улс төрчидтэй чи тэгж худлаа хэлсэн гээд эргээд тооцоо хийхгүй юм. Одоо Францад буруу хүн сонгосон байна гээд Макроныг авч хаяна гээд жагсаад, ер нь “мултрах” шинжиндээ орж байна. Гэтэл манайх байдаггүй. Үнэнийг хэлэхэд, Монголын ард түмэн луйварчин улс төрчидтэйгөө хариуцлага тооцож чадахгүйд хамаг гол учир байна. Намын гишүүнчлэл гэдэг балай юмаар аль 1992 оноос хойш хоёр хуваагаад, нэгдмэл Монгол Улсыг сарниачихсан. Иргэд өөрсдийнх нь мөнгийг хулгай хийгээд, буцаагаад тараагаад өгөхөөр хувиасаа өгч байна гэж ойлгоод байх юм. Хэн ч өөрийнхөө мөнгийг гаргаад надад саналаа өгөөрэй гэдэггүй. Яамны сайд нар яамнаасаа хулгай хийж аваачиж өгнө. Одоо бүр амар, Эрдэнэт, “Эрдэнэс Тавантолгой”-гоос хулгай хийдэг болж. Уул уурхайн тооцоо данс байхгүй. Хэдэн зуун вагоноор нь ачаад гаргаж байхад мэддэггүй. Гишүүн болно гээд дэвшээд явж л байдаг, болгоод л байдаг Монголын ард түмэн одоо дүгнэлт хийхгүй бол болохгүй нь. Нийт сонгогчдоос их болж байна.

ИРГЭДИЙГ ЗОРИУД ЯДУУ АМЬДРУУЛЖ БАЙНА

-Хүмүүсийн амьдрал сайнгүйгээс мөнгө бүхнийг шийдээд байгаа юм биш үү?

-Иргэдийг зориуд ядуу байлгаж байна шүү дээ. Оросууд манайхыг хөгжүүлэхгүй гэсэн бодлого барьсантай адилхан. Манайх бол өмнөд, хойд хоёр хөршид яг иймэрхүү байдлаараа байхад л болох юм байна лээ дээ. Иргэдээ ядуу байлгаж, байдлыг энэ луйварчид сайн ашиглаж байна. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг Сингапур шиг 45 мянган доллар болгочихвол сонгогч нар чинь шал өөр болчихно.

-Зөв бодлого бариад явбал 3-хан сая хүнийг хангалуун амьдруулж болох юм гэж санагддаг?

-Зөв бодлого бариад явах чадвартай хүн байхгүй. Би энэ хүмүүсийг дэндүү сайн мэдэж байна. Төрийн нэгдсэн бодлого ч байдаггүй. Нэг хүн гарч ирээд, тэс өөр юм яриад л явдаг. Нэгнийхээ юмыг үргэлжлүүлж хийнэ гэж хэзээ ч байхгүй. Тийм учраас энэ сонгогч нарт л их учир байгаа юм. Одоо энэ улс төрчидтэй хамтран идэлцэж уулцаж байгаа хүмүүс мэдээж эд нарынхаа талд л байна шүү дээ. Бүх мэдээллийг зохиодог, тэр мэдээллээ өөрсдөө авдаг. Нэг тендер зарлахад өөрсдөө зохионо. Зохиосон мэдээллээ таньдаг хүмүүстээ өгчихнө. Тэрнээс Баянхошуунд байгаа Дорж, Дулмаа нар зохиохгүй. Тэгэхээр жирийн иргэн яаж бизнес хийх юм бэ.

-Та яагаад МАХН-аас гарчихсан юм бэ?

-Би ийм улсуудтай чинь яаж таарах юм бэ. Намайг хөөгөөгүй, би өөрөө гарсан. Сосорбарам шиг би энэ намаас биеэ татаж авсан юм. Миеэгомбын Энхболд бид хоёр цуг л хотын захиргаанаас эхэлсэн. Надаас дүү хүн. Би энэн шиг улс төр хөөгөөд явчихвал явчих байсан, тэр үед. Би бизнесмен болъё гэж бодоод улс төрийн ажлыг орхисон болохоос биш. Улс төр хөөгөөд явбал явчих л байсан. Буруу улсуудтай санал нийлэхгүй болохоор гарсан. Би Оюутолгойгоос болж үзэж тарсаар байгаад дууссан хүн. Эд нар чинь 2012 онд намайг хүчээр сонгуулаагүй. Нэр дэвшүүлээ ч үгүй. Би ч дэвшье гэж улайраагүй. Эд нар чинь бүр улайрчихдаг байхгүй юу. Аймаар. Амь юм шиг. Энэнгүй бол зарим нь үхчих гээд байгаа юм л даа. Алуулчих гээд байгаа. Одоо Их хуралд сонгогдохгүй. ЖДҮ-ээс идсэн, 60 тэрбумд орооцолдсон, дээр нь тендерээс эд нар аймаар идэж байгаа. Ерэн хэдэн онд яамны төсөв бага байсан юм. Зарим яамных тэрбум төгрөг ч хүрдэггүй байсан юм.

-Одоо сайд нар тэр үетэй харьцуулашгүй төсөв батлуулж байна?

-Тийм ээ, доод тал нь 100-гаас дээш тэрбум төгрөгийн төсөв батлуулж авч байна. Энийг чинь ерөөсөө ганцхан яамны сайд нь гартаа авчихдаг гэж байгаа. Дороо өөрсдийнхөө гар, хөл бологчдоо авчраад тавьчихна. Газар, тасгийн даргаар тавьсан тэднээрээ хийлгэнэ. Тэгээд тэндээс мөнгө цавчих ажлыг гардан зохион байгуулдаг. Миний сонссоноор, их олон яамны дэд сайд нарт юм халгаадаггүй юм билээ. Эд нар нь “Сайд бүх тендерийг гартаа авчих юм” гээд үглээд яваад байх юм. Уг нь дэд сайд болоод нэг юм хийх гээд байдаг, зайлуул. Сайд нь төрийн нарийнтайгаа нийлж мөнгө цавчдаг юм шиг байгаа юм. Энийг манай АТГ шалгадаг л байх гэж найдаж байна. Энэ парламентад үнэхээр эрүүгийн гэмт хэрэгтнүүд цугласан. 2016 оноос хойш сонгогдсон хүмүүс дотор элдэв булай хэрэг гарлаа шүү дээ. Хүн амины хэрэг гарлаа, хүчингийн хэрэг гарлаа. Энэ чинь дандаа хогийн хулгай нар л хийдэг хэрэг биз дээ. Ухвар мөчид, хүмүүжлийн доголдолтой ийм л улсуудын хийдэг ажил. Хулгай хийнэ, хүн ална, хүчин хийнэ гээд бузар булай бүх хэрэг гарлаа. Сүүлд нь тэр Одбаярын гадаад ертөнцөд хийж байгаа үйлдэл байна. МАН нам дотор хоёр ч удаа хүн амины хэрэг гарч байгаа юм. Тэрийг ярьдаг ард түмэн ерөөсөө байхгүй.

-“Бүгд эрүүгийн гэмт хэрэгтнүүд” гээд хэлчихээр таныг Зөрчлийн хуулиар шийтгүүлнэ гэх вий дээ?

-Юу гэж, хн. Бүгдээрээ ил байна шүү дээ. Гантулга нь хүчин хийгээд явчихаа биз дээ, шорон руу. Сандуй, Ганбаатар хоёр 60 тэрбум идээд явчихсан биз дээ. ЖДҮ-гээр эрүү үүссэн, хэрэгт татагдсан, шалгагдаж байгаа. Цагдаагийнхан өөрсдөө хүртэл мэдэж байгаа.

Ч.ХҮРЭЛБААТАРТ САНГИЙН ЯАМЫГ УДИРДАХ МЭДЛЭГ, ЧАДАМЖ АЛГА

-Залуусын дийлэнх нь гадагшаа явах хүсэл тэмүүлэлтэй хэвээр. Төрд гарсан хүмүүс хэтэрхий амин хувиа хичээж, ашиг сонирхлоо тэргүүнд тавиад байхаар арга ч үгүй юм уу?

-Гадагшаа яваад хаачих юм бэ?… Бид ерээд онд адилхан нэг гараанаас л эхэлсэн улсууд, бүгд л ядуу байсан. Юм үзээгүй улсууд гэнэт эрх мэдэл авахаараа эргүү тэнэг болдог гэж ёстой үнэн юм. Зөвхөн амин хувиа бодоод л. Манайх шиг алтныхаа олборлолтыг хувь хүний гарт өгчхөөд, хяналт тавьдаггүй улс дэлхийд байхгүй. Бусад улс бол тийм биш. Алт гэдэг бидний хэрэглэж буй цаасан төгрөгийн чадвар ямар байх вэ гэдгийг баталдаг ганц металл байхгүй юу. Түүх уншиж байхад энийг Хубилай хааны үед яг гаргаж ирсэн байна лээ. Яг тэр зарчмаар энэ дэлхий явж байна. Хэдийчинээ их алт олборлоно, төдийчинээ бидний энэ цаасан төгрөг хүчтэй болоод байх нь тэр. Дэлхий дээр алтны хамгийн их нөөцтэй улс Америк байна. Дараа нь Хятад, Япон орж байна. Польш наян хэдэн онд нэг сая золотоор нэг кофе, талх худалдаж авдаг байсан. Одоо бараг арын зургаан тэгийг нь хассан. Одоо нэг евротой гурван золот тэнцэж байна. Тийм болтол нь мөнгөө чанга болгосон байна. Улсаа боддог удирдлагатай улс тийм мундаг байна. Алтны нөөцөө нэмээд, гаднаас авсан зээлээ маш ариг гамтай ашигласан байна. Ерэн онд Польш АНУ-аас хамгийн анх урт хугацааны 10 тэрбум ам.доллар зээлж байсан. Тэндээс боссон, үргэлжлүүлээд Герман, АНУ-аас зээл авсан. Гэтэл манай гаднаас авсан 29 тэрбум ам.доллараар юу ч хийсэнгүй. Хятадууд харин танайх өгсөн мөнгө идчихнэ, үрчихнэ гээд Нисэхэд биеийн тамирын цогцолбор, Яармагийн гүүр бариад өгчихлөө. Энд нэг гүүр, дахиад Баянзүрхийн гүүр барьж байна, Налайхын замыг тавьж өгч байна. Бидэнд өөрсдөө хийж байгаа юм алга.

-Дээр нь Олон улсын валютын сангаас хараат байдалтай байдаг?

-Одоо ОУВС Сангийн яамыг жинхэнэ удирдаж байна. Энэ Хүрэлбаатарт ямар ч толгой алга. Энэ хүнд ямар ч мэдлэг алга. Уг нь би цуг ажиллаж байсан, овоо гайгүй залуу юм уу гэж бодож байсан. Ёстой нээрээ Сангийн яамыг удирдах ямар ч боломж, чадамж түүнд алга. Эдийн засгаар юу ч сураагүй хүн юм. Одоо “саарал жагсаалтад гайгүйд нь орсон” гээд яриад байх юм. Ичмээр юм аа.

-Та хөдөөгүүр их явсан гэлээ. Орон нутгийн иргэдийн амьдрал ахуй хэр байна вэ?

-Муу шүү дээ. Сүүлийн үед хятадууд тодорхой хэмжээгээр мал авч, малын үнийг жаахан өсгөж өглөө. Монголчууд өсгөчихөж байгаа юм биш, төр засаг зохион байгуулчихаж байгаа юм биш. Хятадуудыг бид махаар хангана гэж байхгүй. Нэг хэсгийг нь ч болтугай дундлаад, хөгшин махыг нь цөөлөөд, сүргийн бүтцийг нь  сэлгээд өгч байгаа нь их юм. Бид өөрсдөө сүргийн бүтцээ өөрчилж чадахгүй байгаа шүү дээ. Манай дотоодын хэрэглээ маш бага. Энэ 60 сая хүрчихсэн малыг селекцийг нь сайжруулаад, солио холионд оруулаад явах хэрэгтэй. Хятадаас өөр манай малын түүхий эдийг авдаг улс байхгүй. Хойд хөрш тэртэй тэргүй манайд худалдааны хориг тавьсан. Одоо бид үндсэндээ Хятадаас 90 хувийн хараат амьдарч байна. Бодит үнэн бол ийм л байна.

-Хятадад яваандаа уусна гэж зарим хүмүүс ярьдаг. Та юу гэж боддог вэ?  

-Үгүй, арай ч дээ. Худалдаа наймаа хийнэ гэдэг бол ондоо. Манайх уусах байсан бол аль дээр үед л уусаад алга болчих байсан. Одоо орчин үед олон улсын хараа хяналт, дүрэм журам гэж байна. Хятад манайхыг эзэлнэ гэвэл өөрсдөө шившиг болно гэдгээ мэднэ шүү дээ. Орос дураар нь дургиулаад ч байхгүй. 1947 оны аравдугаар сард бил үү бүх нийтээрээ Хятадын харъяатаас гарч, тусгаар тогтнох санал хураалт явуулсан юм билээ. Гэтэл 99.99 хувиар Хятадын харъяанд орохгүй гэж санал өгсөн байна лээ. Тэрэн шиг ард түмнээсээ энэ луйварчдыг сонгохгүй байгаарай гэж гуйна даа. Би ч гуйгаад л байгаа юм. Нэг ч хүн сонгож болохгүй. Яагаад гэхээр 1-5 хүн ороод ирэх юм бол тэгээд л байхгүй болно. Өөр хүмүүс гараад ирвэл эд нартай өөр үзэх байхгүй юу. Тэгэхийн бол бид эд нараас идэж уусан мөнгөө олоод авчихна. Монголчууд одоо нэг зүгт хараад, сонгуулиа өгөх хэрэгтэй. Эцэст нь иргэдээсээ ирэх жил эрүүгийн гэмт хэрэг өдүүлсэн энэ улсуудаас салгах сонгууль хийгээч ээ гэж л хүсэх байна.

Д.ЭРДЭНЭТУЯА

Comment As:

Comment (0)