No icon

А.Цогтмагнай: Залуу хүн эхэлсэн ажлыхаа ард нь гардаг байх ёстой

>>Завхан аймгийн Улиастай сумын уугуул, “Сансари” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Мөрөөдөл Олон улсын Хүүхдийн зуслан, Баянгол амралтын гүйцэтгэх захирал,  "Мөрөөдөл хүүхэд хөгжлийн төв" НҮТББ-ын Тэргүүн,  "Редокс" ХХК-ийн ТУЗ-ийн дарга, үүсгэн байгуулагчдын нэг, "Студи 15"-ын үүсгэн байгуулагчдын нэг А.Цогтмагнайтай ярилцлаа.

-Юуны өмнө энэхүү ярилцлагыг уншиж буй нутгийн залуустаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний бага нас Улиастай хотод өнгөрсөн. Бусад хүүхдийн адил зуны амралтаараа хөдөө, Эрдэнэхайрхан, Завханмандал сумдад очиж амардаг байлаа.  Дунд сургуулийнхаа 1-5 дугаар ангийг аймгийн хоёрдугаар арван жилд суралцаж, тэндээс ШУТИС-ийн лизей сургууль гэж Б.Элдэв-Очирын нэрэмжит нэгдүгээр арван жилд байгуулагдах үед анхны элсэгчдийн нэг болж орж байлаа.

-Өөрийн тань сонгосон мэргэжил болоод одоо эрхэлж буй ажлын хооронд нилээд зөрүү байгаа мэт санагдлаа л даа. Энэ талаараа бидэнтэй хуваалцахгүй юу?

-Би анх 2008 онд ШУТИС-ийн КТМС-ийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Түүний дараа олон улсын байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд БНСУ-д хоёр жил хэлний бэлтгэлд суралцаж байгаад, тэр байгууллагынхаа шугамаар Малайз улсад ажиллаж, амьдрах болсон. Тэндээс эх орондоо буцан ирж, ёстой л салбар бүрт ажиллаж үзсэн дээ. Яг одоо эрхэлж буй Мөрөөдөл зуслан, Баянгол жуулчны баазад өнгөрсөн тавдугаар сараас эхлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд үл хөдлөхийн компани, эмнэлэг, гоо сайхны газар гэх мэт олон салбарт, янз бүрийн ажил хийж явсан ч өнөөдрийн энэ ажил миний мөрөөдөл, хүсэл, сонирхол мөн гэдэгт итгэлтэй байгаа.

-Яагаад?

-Эзэмшсэн мэргэжил маань Бизнесийн удирлагын чиглэл. Харин миний зорилго бол өсвөр үе, залуучуудад боловсрол олгох юм.  Өнөөдөр Улаанбатар хотод байгаа хүүхэд, залуучуудад маш олон боломж нээлттэй байна гэж хардаг. Тэд хүссэн секц дугуйландаа суралцаж, хүссэн лекцээ сонсож, суралцах бололцоо байна. Харин орон нутагт байгаа хүүхэд, залуучуудад тийм боломж хангалттай бус. Анх оюутан болоод Улаанбаатар хотод ирэхдээ эдгээр боломжийг хараад үнэхээр их баярлаж, алгасахгүй, алдахгүй суралцахын төлөө хичээдэг байлаа. Энэ ч үүднээсээ боловсролыг илүү өргөн хүрээнд тарааж, хүртээх юмсан гэж бодох болсон. Тэрхүү мөрөөдөлтэй маань энэ ажил илүү холбогддог гэхэд болно.

-Таны хувьд хүүхдийн зуслан ямар байх ёстой юм бол?

-Зуслангаас бид ашиг харж болохгүй юм. Гэхдээ ашигтай ажиллах шаардлагатай. Харин олсон ашгаа эргээд хүүхдэд, хүүхдийн боловсролд зориулдаг байх ёстой юм. Яавал хүүхэд зөв мөрөөдөлтэй болж төлөвших вэ гэдэгт чиглэж, хөтөлбөрөө боловсруулж, хүүхэд зусланд чин сэтгэлээсээ дурладаг, тэндээс зөв зүйлийг олж авдаг байгаасай гэж хүсдэг. Түүний төлөө хичээн ажиллаж байна.  Цаашлаад зөвхөн зуслан энэ зүйлийг өгөх бус, академик боловсролын түвшинд энэ хөтөлбөрийг  ашиглаж болох юм. Өөрөөр хэлбэл, зуслангаар дамжуулан зөв мөрөөдөлтэй монгол хүүхдийг бэлдэх юм. Хүүхэд насандаа зөв төлөвшил, зөв хүмүүжил, зөв мөрөөдөлтэй болчихвол ирээдүйд тэр хүнээс зөв шийдвэр гарна. Нийгэм зөв байх үндэс болох юм. Энэ хүслийг хүүхдүүд Мөрөөдөл зуслангаас олж аваад буцдаг байхын төлөө хөтөлбөрөө боловсруулан, хичээн ажилладаг даа.

-Шинэ бүхний эхлэл тийм ч амар байдаггүй шүү дээ. Ялангуяа залуу хүн энэ том хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд бэрхшээл тулгарч байгаа байх. Үүнийг хэрхэн даван туулж, зорилгодоо хүрэх ёстой юм бол. Яг зовлон, жаргалыг нь туулж яваа залуу хүний хувьд та юу гэж хэлмээр байна?

-Мэдээж юм бүхэн амар байдаггүй. Миний хувьд ч шинээр эхлэх бүрт мэдэхгүй, чадахгүй зүйл тулгардаг. Тэр бүхэнд хийж үзээд, туршлага хуримтлуулаад явах нь залуу хүнд хэрэгтэй юм гэж хардаг. Харин хийсэн алдаандаа гутрах биш, ямар ч хэрэггүй зүйлийг эхлүүллээ гэж бодох биш юуг туршлага болгож авах вэ, яг аль нь миний ирээдүйн хүсэл мөрөөдөлд ойрхон юм гэх зэргээр үр бүтээлтэй хандах нь зүйтэй гэж хэлмээр байна.  Эхлүүлсэн ажлыхаа ард нь гардаг байх хэрэгтэй.

-Завханыхаа залуустай хэр хамтарч ажилладаг вэ?

 -Нутагтаа очиж ажиллах, бүр амьдрах битүүхэн хүсэл байлгүй яах вэ. Одоогоор эндээ ажиллаж, илүү туршлага суух нь зөв байх гэж боддог. Завханыхаа хүмүүстэй аль болох хамтарч ажиллахыг хичээдэг.  Тухайлбал манай компанид хуулийн талаарх тусламж, хэрэгцээ шаардлага гарлаа гэхэд “Легал Полис” хуулийн компанийн хуульч н.Даваажанцан өмгөөлөгчид хандах зэргээр хамтын ажиллагаа байна. Гэхдээ тэр болгон Завханы хүмүүс хаана, ямар ажил эрхэлж, хэрхэн хамтран ажиллах боломжтой гэсэн мэдээлэл хомс байдаг. Тиймээс Завханы залуучууд руу чиглэсэн уулзалт, үйл ажиллагаа илүү олон байвал өгөөжтэй болов уу  гэж хардаг юм.

-Энэ зорьсон ажлаа нутагтаа хэрэгжүүлэх боломж бий талаар судалж үзсэн үү?

-Яг нутгийн зөвлөл ч юм уу, аймгийн удирдлагуудад хандаж үзээгүй л дээ. Харин ирэх жилийн төлөвлөгөөндөө Завханыхаа дунд сургуулиудтай хамтран ажиллах санал тавихаар тусгасан байгаа. Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Зөв монгол” хүүхэд хөтөлбөрийн хүрээнд нэг ээлж авч үзсэн. Үүнд мөн хамтран ажиллах боломжтой гэж харж байгаа.

-Нутаг гэснээс хэзээ хамгийн сүүлд очив?

-Хамгийн сүүлд гурав хоногийн өмнө нутагтаа очоод ирсэн. Ээж, аавдаа очиж амарсан. Ер нь жил бүр л нутагтаа очих юмсан гэж хичээдэг. Ажлын онцлогоос хамааран зуны улиралд ачаалалтай ажилладаг учир очих боломжгүй байдаг. Улаанбаатар хотын энэ их чимээ шуугиан, замын түгжрэл , утаа, стресс гээд л энэ бүхнээс салахыг хүн бүхэн хүсдэг байх. Яг тэр хүслийг биелүүлэх газар нь миний Завхан нутаг юм шиг санагдсан.  Мэдээж хүн бүрийн нутаг л тэгж санагдах байх л даа. Надад бол Завхан бол Улаанбаатарчуудын хүсдэг Диваажин нь энэ юм гэж бодогдсон. Аав, ээж маань нутагтаа байгаа болохоор ч тэр үү, байнга л нутгаа санаж, очихын хүслэн болж байдаг юм.  

-Завханы хүүхэд бүрийн зуслангийн тухай дурсамж Даян гэж л буудаг байх. Одоо ч гэсэн үйл ажиллагаа явуулж буй ганц зуслан л тэр хэвээрээ байгаа. Та одоо хүүхдийн зуслангийн салбарт ажиллаж байна. Харьцуулж бодоход, энэ л зүйлийг Даян зусланд хийчих юмсан, хэрэгжүүлэх юмсан гэсэн бодол байдаг байх?

-Тэгэлгүй яах вэ. Миний бага нас яах аргагүй Даян хүүхдийн зуслантай холбоотой. Яг зуслан хариуцаад, ажиллуулаад ирэхээр олон зүйл өөр санагдсан л даа. Тухайлбал, Мөрөөдөл зуслангийн хамгийн том давуу тал бол хөтөлбөр байдаг. Хүүхдүүд нь эргээд зуслангийнхаа хөтөлбөрт нь татагддаг, тэмүүлдэг, зорьж байдаг. Харин Даян зуслан бол нэг л сонголттой. Хүүхэд бүхэн хүссэн, хүсээгүй Даянг л сонгоно. Даян зуслангийн тэр хөтөлбөр нь илүү гоё байсан гэхээс илүү найзуудтайгаа, ангийнхантайгаа сайхан байж байгаад ирсэн санагддаг. Тэгэхээр зусланд амарч буй хүүхдэд хөтөлбөр маш чухал нөлөөтэй юм. Хүүхдэд үр өгөөжтэй, сонирхолтой хөтөлбөрийг хэрэгжүүлж, түүнийгээ бүрэн эзэмшсэн багш, боловсон хүчинтэй байх шаардлага бий л дээ. Энэ мэтчилэн ялгаа байгааг олж харсан.

-Хүсэл мөрөөдөл нь байгаад байдаг. Яг юуг хаанаас эхлэхээ мэдэхгүй залуучуудад хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Залуу хүн мөрөөдөл нь байгаад, зорилго тавьбал хийх нь маш хурдтай байдаг юм шиг. Нас ахих тусам энэ хурд саардаг гэж боддог. Тиймээс залуу байхдаа хийе, бүтээе гэснээ эхлүүлэх хэрэгтэй юм болов уу. Гэхдээ өөрөөсөө арай туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг авах нь зүйтэй. Мөн судалгаа хийх нь хамгийн чухал байдгийг анзаарсан. Тухайлбал би хоёр жилийн өмнө найзтайгаа нийлээд тавилгын компани байгуулсан юм. Бүх л зүйлийг долоо хоногийн дотор бүрдүүлээд л бизнесээ эхлүүлсэн. Гэвч тухайн салбарт мэргэшсэн хүнтэй хамтарч чадаагүй, мөн зах зээлээ бүрэн судлаагүйн улмаар жил хагасын дараа компани маань дампуурсан л даа. Эндээс би алджээ гэхээс илүүтэй ингэдэг юм байна гэсэн туршлагыг олж авсан. Залуу хүнд яг иймэрхүү алдаа их байдаг юм байна гэж хардаг. Аливаа зүйлийг маш түргэн шийддэг. Шууд л эхэлчихдэг. Тиймээс аливааг эхлүүлэх гэж байгаа бол судалгаатай, түүндээ суралцсан байх шаардлагатай л гэж хэлнэ.

-Залуу хүний сонирхол, хүсэл хязгааргүй шүү дээ. Таны хувьд ажлаас өөрийгөө чөлөөлсөн үедээ ямар зүйлийг илүү сонирхдог вэ?

-Чөлөөт цаг барагтай л бол гарахгүй юм. Тийм боломж олдвол гэр бүлдээ цаг илүүтэй гаргахыг хүсдэг. Мөн кино үзэж, ном уншдаг даа. Амарч байх үед уран зохиолын ном илүү унших сонирхолтой. Харин ажлын байрандаа бол амжилттай холбоотой ном сонгон уншдаг.

-Ярилцсанд баярлалаа.

О.НОМИН

Гэрэл зургийг А.БОЛДБААТАР

-->

 

Comment As:

Comment (0)