No icon

Сонгууль

Ч.Содномцэрэн: Сонгуулийн нийт саналын 50 хувьд хяналтын тооллого явуулна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил болон хуулийн зохицуулалтын талаар СЕХ-ноос өнөөдөр мэдээлэв. Нийт саналын 50 хүртэлх хувийг нь хянан тоолох зохицуулалтыг хуульд тусгасныг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн онцлов. СЕХ-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн хугацааг товлох, санал авах өдрийн тогтоох саналаа УИХ-д хүргүүлжээ. Мөн 1992-2016 он хүртэлх УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарийн судалгааг хавсаргасан тухай СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэлдээ дурдсан. Тэрбээр, “Хуулиараа, СЕХ нь тойрог, мандатыг хуваарилах боломжгүй. УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо санал, дүгнэлтээ гаргаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийднэ” хэмээв.

Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуусах хүртэл сонгогчдыг өөртөө урвуулах зорилгоор олон нийтийн ажил зохион байгуулах, мөнгө, эд зүйл тараахыг хуулиар хориглосныг ЦЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Чинбат тэмдэглэлээ. Гэхдээ, одоо бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын гишүүд хэвлэмэл хэлбэрээр эсхүл биечлэн иргэдтэй уулзаж ажлынхаа тайланг танилцуулж болохоор зохицуулсныг мөн онцлов. Тэрбээр, “Сонгуулийн жил эхэлснээс хойш сурталчилгаа явуулсан иргэнийг 20 мянган нэгж, хуулийн этгээдийг 200 мянган нэгжээр торгохоор хуульчилсан” гэлээ.

УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуульд тухайн нэр дэвшигчийг СЕХ-нд бүртгэхээс татгалзах үндэслэл болон цахим орчинтой холбоотой зохицуулалтыг тусгасныг СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн танилцууллаа. Тодруулбал, сонгуулийн жил эхэлснээс хойш хууль тогтоомж зөрчсөн нь хуулийн байгууллагаар тогтоогдвол тухайн нэр дэвшигчийг СЕХ бүртгэхээс татгалзах юм. Мөн сонгуулийн сурталчилгаа хийхдээ, нам болон нэр дэвшигчийн цахим хуудас, олон нийтийн цахим сүлжээн дэх хуудас, мэдээллийн сайтаар дамжуулах талаар зохицуулжээ. Ингэхдээ, нэр дэвшигч нам болон өөрийн албан ёсны цахим хуудас, олон нийтийн сүлжээн дэх хуудсаа аймаг, нийслэлийнхээ Сонгуулийн хороонд бүртгүүлэх аж. “Хэрвээ цахим хуудсаа Сонгуулийн хороонд бүртгүүлээгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно” хэмээн СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн анхаарууллаа. Түүнчлэн цахим мэдээллийн сайтаар сурталчилгаа явуулах бол мэдээний доод хэсгийн “сэтгэгдэл” хэсгийг байхгүй болгох шаардлагыг хуульд нэмсэн байна.

Үүнээс гадна олон нийтийн цахим сүлжээнд хуурамч хаягаар, ташаа мэдээлэл тараахтай холбоотой асуудлыг ЦЕГ, СЕХ, ХХЗХ-ны хамтарсан ажлын баг цэгцэлж ажиллахаар нарийвчилсан журам гаргажээ. Тухайлбал, цахим орчинд хуурамч мэдээ тарсныг мэдээлсэн тухайн нэр дэвшигчийн гомдлыг цагдаагийн байгууллага үндэслэлтэй гэж тогтоовол ХХЗХ-ноос тухайн хуурамч хаягийг хаана. Ингэхдээ Фэйсбүүк компанийн төлөөлөлтэй хамтран ажиллах бөгөөд тус компани сонгуулийн сурталчилгааны хугацаанд Монгол Улсад оффис ажиллуулна хэмээн СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн тэмдэглэлээ.

Comment As:

Comment (0)