No icon

С.Зоригийн амь насны үнээр улс төр хийсэн он жилүүд байлаа

Уржигдар өглөө ажилдаа ирж явах замдаа 08.20 цагийн орчимд С.Зоригийн хөшөөг автобусны цонхоор их л удаан ажигласан юм. Яагаад гэхээр түүний бусдад хорлогдсон өдөр байсан болохоор тэр. Эгэл даруухан төрхтэй тэр хөшөө ордны зүг хараа билчээсэн хэвээр, баруун гартаа тамхи, зүүн гартаа цүнхээ сугавчлаад С. Зориг алхаж байх шиг харагдахад “Энэ хүн ардчиллын төлөө итгэл үнэмшилтэй зүтгэж яваад цэл залуухан насандаа бусдад хэрцгийгээр алуулчихаад байхад Монголын төр өдий болтол алуурчдыг нь бүрэн тогтоож, захиалагчийг нь нэрлэж чадахгүй суутлаа ялзрах гэж” хэмээн өөрийн эрхгүй бодогдсон юм. Бодлын үзүүр хөвөрсөөр. Ер нь С.Зориггүй энэ 21 жилд улс төрийн амьдралд ямар үйл явдал өрнөв. С.Зориггүй ардчилал хэнд хэрэгтэй байв гэх мэтээр үргэлжилсээр. Автобус түгжрэлд нам зогсож, миний бодол гарцгүй гацаанд оров. Жирийн өдрийн л адил нам гүмхэн байх энэ хөшөөнд удахгүй цэцэг өргөхөөр, түүнийг дурсахаар хүмүүс ирнэ дээ гэх гунигтай ч юм шиг бодол орж ирнэ. Үүнээс улбаалаад энэ хэргийн эргэн тойронд үргэлжилсэн зүйлсээс, улс төрийн үйл амьдралаас, түүнтэй хамтран тэмцэж явсан нөхдийн тухай бодлоо.

image

С.Зоригийн хувьд 1992, 1996 онысонгуулиар УИХ-д сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв. 1997 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчин болох МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди ялав. 1998 оны зургаадугаар сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн Сэргээн Босголт Банкийг хувийн "Голомт банк"-тай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж, Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорлоо. Дараагийн ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Н. Багабанди тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд Ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. Харин Ц. Элбэгдоржийн Засгийн газрын гишүүд “үүрэг гүйцэтгэгч” гэсэн тодотголтойгоор дөрвөн сар ажиллаж байсан тэр үед буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд С. Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэсэн. Гурав хоногийн дараа түүнийг эцсийн замд нь үдэх үед салах ёс гүйцэтгэхээр 30 мянган хүн цугларч, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж, Монголын ард түмэн “монгол хүний саруул ухаанд итгэдэг” хайрт хүүгийнхээ хойноос эмгэнэн гашуудсан юм.

image

Эрх баригч эвслийнхэн С.Зоригийг Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж байсан гэх яриа байдаг. Үнэн худлыг бүү мэд. Юутай ч, монгол зон энэ хэргийг улс төрийн аллага байсан гэдэгт эргэлзэлгүй итгэдэг. Түүндээ ч өнөөг хүртэл алуурчдыг олохыг хууль хяналтынхнаас, захиалагчийг нэрлэхийг улс төрийнхнөөс шаардсаар байгаа нь үнэн. Ингэхээс ч аргагүй. Энэ чинь амьд гэрчтэй аллагын хэрэг шүү дээ. Харин хэрэгт холбогдуулж Оюун, Батаа нэртэй хүмүүсээс эхлээд олон хүнийг сэжигтнээр татсан. Түүний эхнэр Б.Булган ч амьд үлдсэн гэрчийн хувьд сэжигтнээр татагдаж байлаа. “Ард” Батсүх, Д.Энхбат гээдзарим нэгнийг зөвхөн энэ хэрэгт холбогдуулан хилийн чинадаас барьж ирж байсан түүх бий. Харин эцсийн эцэст Орхон аймгийн харъяат гурван иргэнийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж, 2016 оныарванхоёрдугаарсарын 27 -нд хорих 0461-р ангид анхан шатны шүүх хурлыг хаалттай явуулж, тэдэнд захиалгаар, хүний амь нас санаатай хөнөөсөн хэмээн 24-25 жилийн ял тулгасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг шат шатны шүүх хэвээр баталж, хэрэгт холбогдогчид хоригдсоор өнөөг хүрээд байна. Харин энэ хэрэгт буруутгагдаж шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг “Буруугүй, хэргийн золиос болсон” гэж үзэж байгаа ар гэрийнхэн нь шат шатны шүүхийн шийдвэрийг огт хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн, алах захиалга өгсөн этгээдүүдийг зарлана гэж мэдэгдээд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёрыг шалгахыг хүссэн хүсэлтийг хэвлэлийн бага хурлаар дамжуулж олон нийтэд түгээсэн. Тэгэхдээ тэднийг С.Зоригийг алах захиалга даалгавар өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл шалгахгүй байгаа хууль хяналтын байгууллагуудад итгэл алдарч байгаа гэж хэлсэн байдаг. Энэ бол шалгах ёстой нэг сэжүүр яах аргагүй мөн гэж харж байгаа олон хүн бий гэдэгт итгэдэг. Аллагын холбоотой асуудлыг түр хойш тавиад энэ хугацаанд улс төрд юу болж өнгөрөв гэдгийг эргээд санахыг хичээе.

Үнэндээ С.Зориг агсны амь насны үнээр улс төр хийсэн он жилүүд байлаа гэхэд хатуудахгүй, бас худал болохгүй. Тухайн үед ЦЕГ-ыг толгойлж явсан хүн нь хүртэл “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлнэ”хэмээн мэдэгдэж, олны сэтгэлийг хөдөлгөөд төрийн түшээ болж, УИХ-ын танхимд заларч л явсан цаг шүү дээ.С. Зоригийг хөнөөсөн алуурчдыг барина гэх юм бол хэнийг ч гаргаад ирэх сэтгэл байлаа, ард түмэнд. Даанч тэгсэнгүй. Итгэл алдав.

image

Энэ хооронд түүний хамтран тэмцэж явсан нөхдөөс Э.Бат-Үүл улсын баатар болов. Арван жилийн өмнөх энэ үйл явдалтай холбогдуулан тэр үед хүмүүсийн цахим ертөнцөд үлдээж байсан сэтгэгдлээс ишлэе. “Бат-Үүл тэгээд бусад нь мэдээж түүхэнд бичигдэх гавъяа байгуулсан. Бат-Үүл мэдээж нөгөө хэдээсээ цагын шалгуурыг арай дөмөг давж яваа нь үнэн /Сайн хүний үр, сүүт гүүний унага гэж нэг үг бий/ Уг нь жинхэнэ баатрууд бол энэ хэдийг дэмжиж явсан, бидэнд үлдсэн хар цагаан зурагнууд дээр зүрх сэтгэлтэйгээ, хүсэл мөрөөдөлтэйгөө, зурвасхан гарчхаад, өнөөдрийн энэ амьдралыг надад түүчээлэн өгчхөөд, он цагын урсгалд хаашаа ч юм одсон гавъяа шагнал шан харамж нэхэлгүй явсан эгэл жирийн залуус, ард түмэн юмаа. Би бол тайзан дээр байсан хэдэд нээх итгэддэггүй. 20 жилийн турш тэгж итгэж хамаг найдвараа өгөөгүй маань зөв болохыг эдгээр нөхдүүд ч харин ч нэг нотолсон доо. Ер нь та нар тэр тайзан дээр толгойлж байгаад дараа нь түүнийхээ хөлс шанг харамгүй /бүүр давуулж/ авсан өнөөдөр ардчиллын анхдагч цол хэргэмтнүүдийн удам судрыг хардаа. Ээ базарваань, нуль тэр үеийн нам засаг хийгээд бусад салбарын том албатан, мяндагтануудын үр сад. Ийм хүмүүст яаж итгэнэм. Хөөрхий миний ард түмэн. Тэртээ тэргүй эргэж буцалтгүй эргэсэн цагийн салхи баруунаас үлээж буйг мэдэрсэн эдгээр хувалзууд харин чиг үүнийг ашиглан үр хүүхдээ ийм зүйл хийвэл тэнгэрийн умдаг атгах нигууртайг зөвлөж зааварлаа бизээ. Харин буруудаж гэмээ нь тайзан дээрх хэд ор мөргүй алга болж миний түрүүнд дурссан жинхэнэ баатрууд гол буруутан болж хөшиг хаагдах байсан даа, аягүй бол” гэсэн байх жишээтэй. Үнэний ортой л үг хэлж.

Ардчиллын 20 жилийн ойгоор Э.Бат-Үүл ийм хүндэт цолыг өөрийн анд, тэр үеийн Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн гараас хүртэж, баатрын алтан соёмбоор энгэрээ мялаасан. Чухам тэр үедээ ардчиллыг тогтоох гэж дарцаглаж яваад бусдын гарт амь үрэгдэж, бул чулуун дор хэвтэж буй андаа дурссан эсэхийг мэдэхгүй. Яагаад ингэж хэлэв гэхээр улсын баатар маань андынхаа амь насны хэрэгт холбогдсон бас нэг сэжигтний нэг болохоор тэр.Олон түмэн мэднэ дээ, Э.Бат-Үүлийн малгайны асуудлыг. Аллагын хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн ч Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж хоёрыг шалгах ёстой гэж хэвлэлийн бага хурал зарлаж байсан. Энэ тухай тодруулах гэхээр “20 жил намайг гүтгэж гүжирдэж байгаа хуулийнхнаас наад асуултаа асуу” гээд ямар нэг тайлбар өгөхийг хүсэхгүй бухимддаг улсын баатар маань харин өнөөдөр “Ардчилсан Нам нурвал Монголын ардчилал устана. Талаар нэг тарсан жижиг намууд юу ч болохгүй. Хүрэлсүхээс айгаад тарж алга болно. Тэсэх ч үгүй” гээд сууж байна. С.Зориг байсан бол үүнийг юу гэж ойлгох байсан бол. Тэрямар нэг намын төлөө ардчилал гэж дарцаглаагүй байх, хэн нэгнээс айх байсан бол түүний амийг нь авахгүй байсан биз.

Энэ 21 жилийн хугацаанд Ц.Элбэгдорж АН-ын даргаар, Ерөнхий сайдаар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тус бүр хоёр удаа сонгогдсон. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эхний дөрвөн жилд түүний удирдаж байсан АН тухайн үед олонхи байсан МАН-тай нэгдэж, МАНАН-гийн Засгийн газрыг байгуулсанаар улс төрийн амьдралыг жинхэнэ утгаар нь манантуулж эхэлсэн нь маргашгүй үнэн. Дараачийн дөрвөн жилд нь түүний хоёр дахь удаагаа нэр дэвшсэн АН олонхи болж, Засгийн газрын эрхийг барьсан. Энд юуг хэлэх гээд байна гэхээр түүнд бүхий л боломж бололцоо байсан. Гэтэл тэр найман жил зөвхөн ярьсан уу, хэлээд л байсан уу. “Хэлэх бол хийхийн хагас” гэж Ц.Элбэгдорж номлодог. Тийм болохоор Монголын төлөө юм хийсэн гэж боддог байж магад. Харин түүнийг амнаас цаашгүй байсан гэдгийг хэлж араас нь чулуу шидэх хүний тоо л өдрөөс өдөрт нэмэгдэж байна даа. Өдгөө 30 нас шүргэж яваа ардчилал нь ч мухардалд ороод байгааг ардчилагчид захаасаа хүлээн зөвшөөрч эхлээд байна.
Ийм он жилүүдийг туулж өнөөдөртэй золгов. Тэгэхээр С.Зориггүй ардчилал хэнд ашигтай байв. Авсан хүн баригдах вий гэдэг ганцхан тамтай байдаг бол, алдсан хүн хэн юм бол гэдэг арван тарчлаантай байдаг хойно С.Зориг агсны төрөл төрөгсдийн гомдол тасарна гэж үгүй. Ямартаа түүний төрсөн ах С.Баяр “Бид энэ хэргийг захиалагч, зохион байгуулагчид олдохоос нааш санаа амрахгүй. Гомдол тайлагдахгүй. Хэрэг илэрч байж Монгоын ард түмний хүндэтгэдэг хүүгийн харамсалтай тавилангийн эцсийн хариуг сонсоно гэж бодож байна” гэж хэлэхэв.

Comment As:

Comment (0)