Otgontenger.mn

Д.Оюунхорол: Хятад иргэдийг визгүй зорчуулах шийдвэр гаргахгүй гэдгийг онцолмоор байна

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдлын талаар танилцуулав. 

Уг мэдээллээр Засгийн газраас Улаанбаатар хот орчмыг аялал жуулчлалын үүд хот болгон хөгжүүлэх, Хөвсгөл чиглэлд байгалийн, Хэнтий чиглэлд Чингис хааныг алдаршуулах зорилтот байдлаар аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөж буйгаа онцолсон байна. Жилдээ манай улсад 400-500 мянган жуулчин ирж, 300 гаруй сая ам.долларын орлого төвлөрүүлдэг. Энэ тоо хэмжээг нэмэгдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд төрийн зүгээс виз олголтын хүндрэлийг багасгах, агаарын тээврийн үнийг хөнгөвчлөх, жуулчны бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлд анхаарах шаардлагатай байгааг дурдсан юм.

"Тэр зургийг хэн тавьсан, юу хийснийг нь би мэдэж байгаа"

 

 
Гэрэл зургийг mpa.mn

.Үүний дараа сүүлийн үед олны анхаарлыг татаад буй асуудлуудад тайлбар хийлээ.

-Таны албан өрөөндөө гитар тоглож байгаа зураг олон нийтийн сүлжээнд тарсан. Энэ зурагтаа тайлбар хийхгүй юу. Төрийн түшээ хүн албан өрөөндөө согтууруулах ундаа хэрэглэх нь хэр ёс зүйтэй асуудал вэ. Согтууруулах ундаа хэрэглээгүй ч өрөөндөө тийм байдалтай байх нь хэр ёс зүйтэй юм бол?

-Тэр зургийг Төрийн ордон болон БОАЖЯ-ны албан өрөөнд авахуулаагүй. Тэр бол миний өөрийн байгуулсан сургуулийн охины маань өрөө. Сонгуулийн өмнө би охиныхоо өрөөнд авахуулсан зураг.

Би Төрийн ордонд 20 орчим жил ажиллахдаа албан өрөөндөө архи ууж байгаагүй. Тэр зургийг хэн тавьсан, юу хийснийг нь би мэдэж байгаа. 

Ер нь би чөлөөт цагаараа, ядарсан үедээ гитар тоглох дуртай. Би улстөрч болчихсон гээд энэ хоббигоо орхиогүй. Надад олон ч гитарны цуглуулга бий. Хаана ч тоглоод л явдаг. Ядарсан үедээ гитараа тоглоод хоёр дуу аялаад, гитараа тоглочиход надад их эрч хүч, энерги өгдөг. Тэр үед зураг авахаар нь “Битгий зураг дараарай” гээд гараа өргөн хаалт хийсэн. Ийм зургийг гаргаж түгээж байгаа нь бидний хүнд чанар хаашаа явж байгааг л харуулна. Бид ингэж бие биеэ хэмлэх аян дайнд мордсон юм байна гэдгийг л харууллаа. 

-Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр та Хятадын жуулчдыг визгүй оруулна гэх утга бүхий асуудлыг хөндөж ярьсан талаархи дүрс бичлэг цахим орчинд түгсэн. Үнэхээр ийм асуудал салбар яамны хүрээнд яригдаад, шийдэгдчихсэн зүйл байгаа юу?

-Ер нь аялал жуулчлын салбарыг хөгжүүлэхэд хил орчмын аялал жуулчлалыг зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай байна гэдгийг аймаг орон нутгийн удирдлагууд манай яамтай гэрээ хийхдээ байнга санал болгодог. Өөрөөр хэлбэл, Дорнодын хилээр орж ирээд, тус аймгийг үзэх гэсэн жуулчид Улаанбаатарт ирж виз аваад аялдаг хүнд суртлыг арилгах хэрэгтэй байгаа юм.

Тийм учраас бүлэг жуулчдыг орж ирэхэд визний хөнгөлөлт үзүүлэх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гадаад харилцааны яам, манай яамтай хамтран ажлын хэсэг байгуулсан. Эдийн засгийн байнгын хороон дээр би яг энэ асуудлыг л ярьсан.

Монгол Улсад Хятад Улсын иргэнийг визгүй зорчих асуудлаар ямар ч шийдвэр гараагүй. Цаашид ч Хятад иргэдийг визгүй зорчуулах шийдвэр гаргахгүй гэдгийг онцолмоор байна. Гадаад харилцааны маш эмзэг сэдвийг нийтийн сүлжээгээр зориуд гуйвуулан цацаж байгаа нь буруу юм.

Эх сурвалж: Ikon.mn

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл