Otgontenger.mn

Банкууд зээл олголтоо зогсоож эхэллээ

Арилжааны банкууд зээл олгохгүй байгаа талаар иргэд, аж ахуйн нэгжүүд маш ихээр гомдоллох болсон. Хэрвээ зээл олгохоор бол маш өндөр шаардлага, шалгуурыг тулгаж байгаа гэнэ. Тэгвэл энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан дараах тайлбарыг хийсэн байна.

Тэрээр "Арилжааны банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 40 орчим хувьтай байна. Энэ нь арилжааны банкууд чөлөөт эх үүсвэр хангалттай байгааг харуулж байна. Харамсалтай нь, арилжааны банкуудаас бизнес эрхлэгчдэд зээл олгох сонирхол бага байна. Энэ нь өмнө олгосон зээлийн эргэн төлөлт хангалтгүй, нийт олгосон зээлийн найман хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтсан байна. Салбараар нь авч үзвэл уул уурхай, барилгын салбарт олгосон зээлийн төлбөр хугацаандаа хийгдэхгүй, маш хүнд байна. Эдийн засагт үүссэн энэ нөхцөл байдлаас шалтгаалан арилжааны банкууд бизнес эрхлэгчдэд зээл олгохоо хумьж, Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах зам руу түлхүү орж байгаа. Тиймээс Сангийн яам, Монголбанкнаас бизнес эрхлэгчдээ дэмжиж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зүйтэй гэсэн бодлогыг баримталж байна” гэжээ.

Эндээс арилжааны банкууд эрсдэлээ тооцож, зээл олгох эсэхээ шийдвэрлэж байгаа гэж ойлгож болно.

Эх сурвалж: http://www.breakingnews.mn/

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл