Otgontenger.mn

Б.Ану-Үжин хасагдсанд хүүхдүүд хүртэл уйлж байна

Загварын ертөнцөд нэр хүндтэй “Next top model” телевизийн шоу нэвтрүүлэг “Боловсрол суваг” телевизээр үзэгчдэд хүрээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэмцээн эхэлсэн даруйдаа л хурц, ширүүн өрсөлдөөнөөр үзэгчдийг татаж эхэлсэн юм. Дугаар болгон дээр сайн зураг авахуулдаг, ирээдүйтэй моделийн нэгээр Б.Ану-Үжинг нэрлэж байлаа. Түүнийг ч үзэгч олон нас залуу хэрнээ хичээл зүтгэлтэй хэмээн ихэд дэмжиж байсан. Гэтэл өчигдөр буюу хоёрдугаар сарын тавны дугаараар шүүгч нар Б.Ану-Үжинг хассан юм. Тэгвэл шүүгчдийн энэхүү шийдвэр нь үзэгчдийн томоохон эсэргүүцэлтэй тулж мэдэхээр байна. Учир нь сошиал ертөнцөөр “Б.Ану-Үжинг буцааж оруул, хасах хэрэггүй байсан” гэх мэт маш олон коммэнт давлагаалж эхэллээ. Зарим нэг үзэгч нь түүнийг хасагдсанд ундуйцан зурагтаа хүртэл хагалсан, бүүр хүүхдүүд хүртэл эхэр татан уйлж байгаа бичлэг гарчээ. Харин түүний өрсөлдөгч нарыг хасагдах байсан гэж янз бүрээр бичэж байна.

     Тэмцээн эхлэхэд Б.Ану-Үжинг зургийн позны санаа хулгайлсан хэмээн өрсөлдөгч нар түүнд дургүй болж, гадуурхаж эхэлсэн билээ. Түүнийг поз хулгайлсан эсэх дээр маш их маргаан дэгдсэн. Энэ тухай шүүгч Д.Оюунномин позоо хулгайлуулсан хэмээн гомдолсон оролцогчид хандан “Модель хүний поз хэзээ ч дуусна гэж байхгүй” хэмээн үнэн хэрнээ хатуухан үг хэлсэн юм.

    Гэвч түүнийг гадуурхах гадуурхал зогсоогүй. Бусад оролцогчид “Ану-Үжин хоёр өөр зан гаргадаг. Бодит амьдрал дээр энгийн байдаг хэрнээ зураг авахуулахдаа тэс ондоо болчихдог. Энэ нь бидэнд огт таалагдахгүй байна. Хүн нэг зангаараа байсан нь дээр. Бусдад өрөвдүүлэх гээд ядсан юм” хэмээн шоуны үеэр хэлж байсан. Мэдээжийн хэрэг нэгэнт тэмцээнд орсон бол ялахаас өөр замгүй. Ялахын тулд яаж ч хувирч, ямар ч дүрийг бүтээж жүжиглэж болно. Харин түүний энэ байдал нь тэдэнд таалагдаагүй бололтой.

      Шүүгч нар түүнийг хасах шийдвэрийг гаргахдаа хэтэрхий их хичээсэн байна хэмээсэн. Энэ тухай Б.Ану-Үжин “Би маш их зүйлийг тэвчиж энэ шоунд оролцсон. Юм хэмжээнээсээ хэтрэх хэрэггүй юм байна. Хэтэрхий их хичээх нь заримдаа сөрөг үр дагавар гардаг аж. Намайг дэмжсэн ээждээ баярлалаа” хэмээн шоуг даруухнаар орхисон юм. Тэмцээний үеэр түүний өрсөлдөгч нар Б.Ану-Үжинг хасагдсанд баярласан уу, эсвэл Г.Ижилцэцгийг үлдсэнд баярласан эсэх нь мэдэгдэхгүй ямар ч байсан шүүгчдийн шийдвэрийг ихэд дэмжин баяр хөөр болцгоож байсныг хүн бүр үзсэн.

Магадгүй тэрээр нас залуу ч хүчтэй өрсөлдөгч байсан биз ээ.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл