Otgontenger.mn

АЙМГИЙН ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

МУ-ын Засгийн газраас 2016 оныг ”Хэрэглэгчийн жил” болгон зарласан. Мөн Засгийн газрын 2009 оны “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөр, 2016 оны “Үндэсний чанарын хөтөлбөр” 2005 оны “Үдийн ца”й хөтөлбөр, МУ-д Үндэсний худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, ОУ-ын тогооч нарын өдөр, МУ-д мастер тогооч цол олгож эхэлсэний 50 жилийн ой, “Хэрэглэгчээ дээдэлсэн Монгол тогооч” аяны хүрээнд салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, орчин үеийн хоол үйлдвэрлэлийн болон үйлчилгээний арга технологиос харилцан туршлага судлах, иргэдэд эрүүл орчинд эрүүл хоол хүнсээр үйлчлэх чадавхийг бүрдүүлэх зорилгоор аймгийн хүнс үйлдвэрлэгчдийн  зөвлөгөөнийг 2016 оны 11-р сарын 25, 26 ны өдрүүдэд  зохион байгууллаа.

Завхан аймгийн хүнс үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнийг  анх 2006 онд зохион  байгуулж байсан бөгөөд  10 жилийн дараа хоёр дахь зөвлөгөөнөө зохион байгуулсан нь энэ юм

Аймгийн хүнс үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэсэн бөгөөд 26-ны өдөр хүнс үйлдвэрлэгчийн “Ур чадвар-2016” аймгийн аварга шалгаруулах тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж шилдгүүдээ тодруулсан.

Ур чадвар 2016 уралдаанд нийтдээ 120 гаруй тогооч оролцож мэдлэг, ур чадвараа шалгаруулахаар өрсөлдлөө. Шүүгчдийн оноож өгсөн цагт зууш, салат, нэг болон хоёрдугаар хоол бэлтгэн уралдсан юм.

Сумаа төлөөлөн ирсэн хүнс үйлдвэрлэгчид өөрсдийн брэнд бүтээгдэхүүнүүддээ шинэлэг санал санаачлагыг тусган төрөл бүрийн бүтээлүүд урласнаа олон нийтэд дэлгэн харуулж үзэсгэлэн худалдаанд оролцлоо. Хоол гэдэг хүний биед ашиг тустай, шим тэжээлтэй байхаас гадна өнгө үзэмж сайтай, идэх хүсэл төрүүлэхүйц байх ёстой байдаг. Харин тус үзэсгэлэн худалдаанд оролцсон хүнс үйлдвэрлэгчдийн бүтээлүүд хүн бүхний арааны шүлсийг асгаруулж, гайхаш төрүүлэм байж чадсан юм.

Зөвлөгөөнд аймгийн хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа явуулж буй тогооч, талх, нарийн боов үйлдвэрлэгчид оролцож нийт 300 орчим төлөөлөгч хамрагдлаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын орлогч Б.Ариунаа, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Саранчимэг, МХГ-ын дарга П.Батсайхан, Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Г.Цэцэгээ болон бусад албаны хүмүүс урилгаар оролцож үг хэлсэн юм.

Шинэ Завхан Телевиз Амартүвшин

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл