Otgontenger.mn

Баян айлын хүүхдүүдээc Үндэсний бөхийн аварга хүртэл үргэлжлэх УИХ

Энэ удаагийн сонгуульд МАН ялалт байгуулсан ч Их хуралд сонгогдсон зарим нөхдүүд одоо хэр цочроо нь гараагүй яваа сурагтай. 39 нэр дэвшигч шинээр гишүүн болсноос улс төрд нэр нь дуулдаж байгаагүй, урьд өмнө нь харагдаж байгаагүй хүмүүс гишүүнээр сонгогдсон байх юм. Түүнчлэн энэ удаагийн парламент их сонин өнгө төрхтэй харагдаж буй. Баян айлын хүүхдүүдээс эхлээд яруу найрагч, дуучин, Үндэсний бөхийн аварга хүртэл УИХ-ын гишүүдийн жагсаалтыг үргэлжилж байна.

-Н.УЧРАЛ ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ-

Тухайлбал  “Их Засаг”-ын Н.Учрал мөн л залуу гишүүний тоонд багтаж буй бөгөөд Тимон нэрээр анх олонд танигдаж, хип хоп дуу дуулж байжээ. Нэгэнтээ Н.Номтойбаяр, О.Содбилэг нарыг баян айлын эрх хүү, “нялх сэнгүм” гэх мэтээр “цоллож”, хэвлэлээр бичиж байсан  үе ард хоцорч энэ удаад Н.Учралаар энэ буухиа үргэлжилж байх шиг.

Их сургуулийн удирдах албан тушаалын ажил хийж байсан тэрээр улс төрд шинэ хүн. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ нарыг “өвдөг шороодуулж” Сонгинохайрханаас УИХ-д орж ирсэн түүнийг юу хийхийг харах л үлдэж байна.

-“НЯЛХ СЭНГҮМ” ГЭХ Д.ГАНТУЛГА-

Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос Д.Гантулга сонгогдсон нь энэ сонгуулийн бас нэгэн сонирхолтой “үзүүлбэр” байв. Хэнтийн Засаг даргыг ялж гарч ирсэн 29 настай энэ залуу улс төрд Н.Учралтай мөр зэрэгцэх “нялх сэнгүм” гэж хэлж болно. Нийгмийн ардчилал, Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхийлөгч "Сан" дээд сургуулийн мэдлэгийн менежмент, илтгэх урлагийн багш гэх товчхон танилцуулгатай юм билээ. Д.Гантулга энэ дөрвөн жилд хэрхэн ажиллахыг би таашгүй.

-ЯРУУ НАЙРАГЧ “МӨНХҮҮД”-

Сүүлийн жилүүдэд Монголын зохиолчдын эвлэлийг толгойлж ирсэн яруу найрагч Г.Мөнхцэцэг Дорноговь, Говь-Сүмбэр аймагт ялалт байгуулсан. Гомпилдоогийн Мөнхцэцэг гэх нэрээр нь хүмүүс танихаас улс төрд, улс эх оронд ямар  үйл хэрэг бүтээхийг нь мэдэхгүй. Яруу найрагч Ц.Хулан түүний хамаг “булай”-г хэвлэлээр дэлгэж, халуухан маргаан өрнүүлж байсан энэ бүсгүй Их хуралд гараад л ирдэг юм байна. Их хуралд эдийн засагч, хуульч, хүмүүс сонгогддог үе ард хоцорч яруу найрагч, дуучид, тамирчид сонгогддог болсон цаг иржээ.

Их хурал дахь яруу найрагчдын буухиаг үргэлжүүлж буй хүн бол “Болор цом”-ын эзэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат. МАН-ын хурал цуглааны үг, уриа лоозон, дарга нарын хэлэх үг бүгд яруу найргийн өнгө аястай. Архангайд өвдөг шороодож байсан тэрээр энэ удаад Их хуралд гараад ирлээ. Нөгөө хэдийгээ бодвол улс төрд хэдэн жил явчихсан, учраа мэддэг гэхэд хилсдэхгүй. Гэхдээ баярлах болоогүй, цаана чинь чилийсэн дөрвөн жил хүлээж байна.

-АВАРГА АНДУУРААГҮЙ БАЙГАА-

Саяхан л Ардчилсан намд элсэж, батлахаа авч байсан Дархан аварга А.Сүхбат гэнэт л МАН-аас сонгуульд нэр дэвшиж олон түмнийг гайхшруулсан. Гэхдээ Их хуралд ялаад гараад ирдэг ч сонин. Жил бүр дуулиан тарьж, хэвлэлийн “од” болдог аварга энэ жил гишүүн болж шуугиулав. “Олон” эхнэрийн асуудал, олон түмний хүндэлдэг бөхийн цолны маргаан гээд үргэлж л хэвлэлийн баатар байдаг А.Сүхбат аварга ирэх дөрвөн жилд Их хуралд ямар “од” байхыг харах л үлдэж байна.

Ингээд их хуралд Үндэсний бөхийн гурван аварга зэрэгцэж суух болж байна. Аварга гишүүн болоод юу хийх бол гэж олон фэнүүд нь сонирхож байгаа байх даа.

-ТЭД ӨӨРТӨӨ ИТГЭЭГҮЙ Ч БАЙЖ МЭДНЭ-

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг даваад гараад ирдэг Н.Цэрэнбатыг улс төр танихгүй. Ёстой л гэнэтхэн гишүүн болсондоо цочирдсон хүмүүсийн нэг байх. Увсын Ц.Нямдорж гишүүн тойргоо сольж Хан-Уул дүүргээс нэр дэвшихээр болсон орон зайг нөхөж Н.Цэрэнбат гэгч залууг нэр дэвшүүлсэн. УИХ-ын гишүүний туслах, "Трансинконсулт" ХХК-ийн гүйцэтгэх захирал, Сангийн яаманд төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын дарга, "UFC трэйд" гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэсэн товчхон намтартай. Түүнийг Их хуралд дуугарч, иргэдийнхээ төлөө ажиллах уу, эсвэл бүлх залгисан мэт дуугүй сууж, бусдынхаа юу ярихыг сонсоод суух уу гэдэг сонголт хүлээж байна.

Өөртөө итгээгүй гишүүдийн нэг нь Өмнөговь аймгийн 22 дугаар тойрогт ялалт байгуулсан Н.Амарзаяа. Аймгийнхаа МАН-н даргаар ажиллаж байсан Н.Амарзаяа 7434 хүний санал авч УИХ-д сонгогджээ. УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн бие төлөөлөгчөөр ажиллаж байсан, "Сод Монгол" ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын дарга, "Бонсай" ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх намтартай. Түүнд хийж, хэрэгжүүлэх, хэлэх ярих юу байгааг хэлж мэдэхгүй юм.

Өмнөговь аймгийн МАН-ын дарга Л.Энхболд энэ жагсаалтыг үргэлжлүүлэх гишүүдийн нэг гэж хэлж болно. Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв ТББ-ын тэргүүн,  "Ирээдүй инвест" ББСБ ХХК-ийн захирал гэсэн албан тушаалтай. Одоо Их хурлын гишүүн гэх албан тушаалтай. Ирэх дөрвөн жилд ямар хэрхэн ажилласныг нь Монголын ард түмэн дүгнэнэ.

Кондитер-Улаанбаатар ХХК-ийг үүсгэн байгуулагч, "Торгон нутаг" клуб ТББ-ын үүсгэн байгуулагч, "Ховд торгон нутагсан" ерөнхийлөгчийн албан тушаалтай О.Батнасан Их хуралд сонгогдсон шинэ гишүүдийн нэг. АН-аас нэр дэвшигч Ш.Адьшаагаас 157 саналаар илүү гарч ялалт байгуулсан хэдий  ч Ховдын ард түмэн Ш.Адьшаад ямар их санал өгснийг мартаж болохгүй биз ээ. Нутагтаа хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй Ш.Адьшаа гэх хүчтэй өрсөлдөгчийг давж гарсандаа итгэхгүй байсан ч байж магад.

ММ агентлагийн сэтгүүлч, сүүлд захиралаар ажиллаж байгаад халагдсан М.Оюунчимэг Чингэлтэй дүүрэгт ялалт байгуулав. Төрийн ордоноос улс төрийн мэдээг шууд дамжуулж, олонд танигдсан сэтгүүлч М.Оюунчимэгийг УИХ-ын гишүүн болсонд гайхах хүн олон байна. Улс төрийн таамаг эвдэж Их хурлын эмэгтэй 13 гишүүний нэг болсон түүнийг ирэх дөрвөн жилд хэрхэн ажиллахыг харах л үлдлээ.

Энэ мэт Их хурлын шинэ гишүүдийн тухай хөвөрнө. Тэдэнд дөрвөн жилийн хугацаа байгаа.

Ж.МАРАЛ

Эх сурвалж: medee.mn

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл