Otgontenger.mn

Унаган нутгийн охиноо хур нь ариусгаж, нар нь ивээж угтлаа

Өнөөдөр зуны дунд сарын шинийн найман буюу 2О16 оны 6-р сарын 12. Завхан нутагт маань сайхан зун болжээ . Сонгууль  ойртсон болохоор  Улиастай хотын гудамжинд  эрхэм нэр дэвшигчдийн зураг өлгөөтэй.

Загдхүүгийн Нарантуяа манай Алдархааны охин. Нутгийн дүүгээ УИХ-д нэр нь дэвшиж байгаад баярлаж явна.

Манай суманд Заагаагийнх гэж арван хүүхэдтэй эгэл жирийн нэг айл байлаа. Нарантуяагийн том ах Шомбон ах, Цэрмаа эгч нь миний хоёр эгчийн үеийнхэн. Харин Дооёо буюу сумандаа “Видео Дооёо” гэж алдаршсан Доржсүрэн маань манай ангийнх. Сумын дарга Даваанямын Балжинням гуай сумаа телевизийн нэвтрүүлэгтэй болгох гэж Дооёог маань видеогоор зураг авахуулж эхэлсэн хэрэг. Тэр мэдрэмжтэй сайн “видеочин” байсан, одоогоор бол сайн зураглаач байсныг Балжинням дарга магтан ярьдагсан.

Шомбон ах волейбол сайн тоглодог, Цэрмаа эгч сайн нягтлан байлаа. Заагаа гуай гарын дүйтэй, арван хүүхдийг идэх хоол, өмсөх зүүхтэй байлгах гэж зүтгэж явсан тэр үеийн эгэл жирийн олон аавуудын нэг. Уйгаржин монгол бичгээр сайхан бичдэг, данс тооцоог ягштал хөтөлдөг тэр үеийн манай сумын сайн бичиг үсэгтэн.

Нарантуяагийн ээж Ааяахүү эгч цагаан идээ сайхан хийдэг, цэвэрч нямбайгаараа нутагтаа гайхагдсан, ундтай устай “олны ээж” нэгэн явсан. Арван хүүхдийг тээж, төрүүлж өсгөж хүний зэрэгт хүргэхэд түүртээгүй тэр ээжийн үргэлжлэл нь Нарантуяа.  Нас ахих тусам хэл үг, хийх үйлдлээрээ ээжийгээ “өвчсөн” юм шиг дууриадаг хүмүүс бол охид. Түүний аливаад  сэтгэлтэй зүтгэлтэй, зоригтой тууштай ханддаг чанар нь ээжээс нь Нарантуяад үлдсэн “үнэт өв” билээ.

Мандолин хөгжмөө даахгүй шахам жаахан “амьтан” сумын клубын тайзан дээр гарч хэвлүүхэн нь аргагүй хөгжимдөхөд өхөөрдсөн, гайхан биширсэн харцаар бяцхан охиныг шагнадаг байлаа. Ингэж л Алдархаан сумынхаа ард олон, ачит багш нар, аав ээж, ах эгчийн хайранд өлгийдүүлж өссөн охин бол Нарантуяа.

Манай сумын нутгийн зөвлөлийнхөн мөн ч олон жил Нарантуяагаа тойрон эргэлдэж байна даа. Томрох цааргалах энээ тэрээ зан түүнд ер үгүй .

“Заагаагийн Нарантуяа Эрхүүд сургуульд явах  гэнээ” гэж ярихад “Заагаагийн жаахан шар охин тэгнээ тэр” гэж сумаараа зөвшөөрсөн . “Заагаагийн Нарантуяа Монгол банк”-нд том ажилтай гэнэ лээ гэж сураг гарахад бас л сумаараа зөвшөөрсөн. “Завханы Нарантуяа улсдаа нэртэй сайн хуульч, сайн эдийн засагч” гэдгийг сонсоод аймгаараа толгой дохин зөвшөөрсөн.  2ОО8 онд улс төрийн мэдлэг туршлага багатай, анх удаа нэр дэвшсэн нялх улс төрчид 34 хувийн санал өгсөн нь бас л түүнийг Завханыхан зөвшөөрсний илрэл.

Телевизэд ажилладаг нутгийн эгчийн хувьд  “Хааяа нэг зурагтаар гарч бай” гэж би  Нарантуяадаа зөвлөнө. Ер нь тэр өөрийгөө рекламдахыг үл ойшоодог хүн дээ.

Алдархааны "Заагаагийн отгон охин УИХ-д энэ жил нэр дэвшиж байна гэнэ" гэхэд сумаараа, аймгаараа унаган нутгийн охин  Нарантуяагаа УИХ –д сууж, төр барих ёстой хүн хэмээн хүлээн зөвшөөрөв.

Сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ тэр, нэг л өнгөтэй, нэг л хийморьтой. Хүмүүс Улсын Их Хуралд мэргэшсэн эдийн засагч, хуульч байхыг их хүсчээ. Тэр нь Нарантуяа. Жижигхээн биенээс гарамгүй хурц санааг хэлж, жижигхээн гараа атгаж байгаад зоригтой золбоотой үг хэлж байнаа тэр. Яг л Түвдэнгийн Бор шиг ... Нутгийн дүү минь!

МСХ- ны “Ган үзэгтэн”, Сэтгүүлзүйн “Балдорж” шагналт, СТА, 

Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Пэрэнлэйн Алтанцэцэг

 

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл