Otgontenger.mn

З.Нарантуяа: Улстөрч хүн том эрх ашгийн зөрчилгүй байх хэрэгтэй

Санхүүгийн Зохицуулах хорооны дарга асан хуульч, эдийн засагч З.Нарантуяатай ярилцлаа.
 
-Та санхүүгийн зохи­цуу­лах хорооны даргаар ажил­лаж байгаад Төрийн ал­баны тухай хууль, УИХ-ын Сонгуулийн тухай хуу­лийн дагуу нэр дэвшинэ гэд­гээ илэрхийлж ажлаа­саа чөлөөлөгдсөн. Түү­нээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Юу хийж байна. Та хаана, аль тойрогт нэр дэвших вэ?
 
-Би Завхан аймгийн Алдархаан суманд төрж өссөн. Улиастайн Нэгдүгээр арван жилийн сургуулийг төгссөн.
 
Санхүүгийн зохицуулах хороонд томилогдохоосоо өмнө Завхан аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан. Нутагтаа л нэр дэвшинэ гэсэн бодолтойгоор албан ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.
 
Өнгөрсөн хугацаанд аймгийнхаа нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдаж байгаа асуудлуудыг нэлээд судаллаа. Намынхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулахад бас оролцлоо.
 
-Улс төрд хэзээ анх орсон бэ. 2012 онд нэр дэвшсэн байх аа?
 
-2012 онд намын жагсаалтын 19-д бичигдэж АН-аас Завхан аймгийн тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Я.Санжмятав гишүүн, тухайн үед аймгийн намын даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар хоёрыгоо дэмжиж, багаараа сонгуульд оролцсон.
 
-Улс төрийг яагаад сонирхох болов, хэзээнээс идэвхтэй оролцож эхэлсэн юм бэ?
 
-Хийж байсан ажлууд маань хууль тогтоох байгууллагатай шууд холбоотой байсан учраас УИХ-ын гишүүн байхын үүрэг, хариуцлагыг маш сайн ойлгосон. Зах зээлийн эдийн засаг руу шилжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн банк, валют ханш, хүүгийн бодлогыг шингээсэн олон чухал хууль, эрх зүйн баримт бичгүүдийг Төв банк хийж, өргөн барьж батлуулж байсан. Хуульчийн хувьд эдгээр бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад оролцож, судалж, суралцаж байсан маань миний улс төрийн үзэл бодлын суурь болсон. Иймээс 2008 онд анх УИХ-ын сонгуульд аймгаасаа нэр дэвшсэнээр улс төрд идэвхтэй оролцож эхэлсэн
 
-Таныхаар улстөрч байхын мөн чанар юу вэ?
 
-Улстөрч хүн хувь хүмүүс, хэсэг бүлгийн сонирхлоор улс орны амьдралыг шийдэх бус, нийтийн ашиг сонирхолд тулгуурлаж үүргээ биелүүлж ажиллах ёстой. Улс орны хууль, эрх зүй, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг мэргэжлийн түвшинд ойлгож мэддэг байх нь улстөрч байхын мөн чанаруудын нэг гэж ойлгож болно.
 
“Нуухыг нь авах гээд нүдийг сохлоно” гэдэг шиг малчдаа сайн сайхан байлгах гэж хөнгөлөлт эдлүүлэхдээ төрийн албан хаагчдын татварыг нэмж хохироож болохгүй, эсхүл улсын үйлдвэрүүдийн бизнесийг ашигтай болгох гээд өрсөлдөөнийг үгүй хийж, хувийн салбарынхныг хүндрүүлж болохгүй. Аливаа асуудлыг шийдэхдээ олон талаас нь улс орныг нийтэд нь авч үзэж, зөв шийдлийн гарцыг олох чадвартай улстөрчид олон байж чадвал ард түмэн парламентыг хүлээн зөвшөөрч, үнэлж эхэлнэ гэж хувьдаа боддог. Дээр нь том эрх ашгийн зөрчилгүй байх хэрэгтэй.
 
-Том эрх ашгийн зөрчил гэснээс та барилга, уул уурхайн барилга, уул уурхайн салбарт бизнестэй юу?
 
-Байхгүй. Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг гэр бүлийн компани бий.
 
-Та намын дарга байсан хүн. Намын үүрэг ролийг юу гэж боддог вэ?
 
-Улс төрийн намуудын үүрэх хариуцлагыг дараагийн шинэ шатанд нь гаргах нийгмийн шаардлага аль хэдийнэ бий болсон. Үүнийг хийх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажил бэлтгэл ажил хийгдсэн. Улс төрийн намуудын УИХ дахь төлөөллүүд зориг гаргаад батлах хэрэгтэй байна. Улс төрийн намуудын удирдлага жирийн гишүүд, ард иргэдээ сонсож мэдэрдэг, дотоод ардчилал, санхүүжилтийн тогтолцоогоо нээлттэй, ил тод, зарчимтай болгож, шинэ хуулийн орчинд яаралтай шинэчлэгдэхгүй бол засаглалын өөр хэлбэрийг хүсэгчид олшрох аюултай.
 
Хувь иргэд бие дааж нэр дэвшээд УИХ-д сонгогдох эрх манай улсад хууль эрх зүйн хувьд нээлттэй, нэр дэвшээд сонгогдсон гишүүд байгаа хэдий ч нэгдсэн бодлогогүйгээр зөвхөн сөрөг хүчний байр суурийг илэрхийлэх төдий ажиллаж байгаа нь үр дүн талаасаа төдийлөн хангалттай биш байна уу даа гэж хардаг.
 
-Таныг УИХ-ын даргын зөвлөх учраас СЗХ-ын даргаар томилогдлоо гээд байсан. Та чинь энэ салбарын хүн юм байна шүү дээ. СЗХ-нд очоод яг юу хийв?
 
-Товчхон дүгнэхэд, Хороог санхүүгийн мэргэжлийн байгууллага болгох эхлэлийг тавьсан. Дата мэдээлэлтэй, зах зээлээ судалж, шинжилдэг бүтэцтэй болж, ажиллагсдын ажлыг чиг, хандлага мэргэжлийн тал руугаа нэлээд өөрчлөгдсөн. Нүсэр биш бүтцээр үр дүнтэй хяналтыг хэрэгжүүлэх бие даасан нэгж, зайны бөгөөд эрсдлийн хяналтыг хийх боломж бүрдсэн. Ажилтнуудаа богино хугацаанд бэлтгэх ажил эрчимтэй явагдаж эхэлсэн. Зөвшөөрлийн цахим системийг нэвтрүүллээ. Зах дээр хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн гаргаж, арилжааны хэмжээг нэмэгдүүлж чадсан.
 
Үнэт цаасны бүртгэл, арилжааны нөхцөл горимд өөрчлөлт хийсэн, мөн дэд бүтцийн байгууллагууд болон тооцооны болон хадгаламжийн байгууллагууд үндсэн чиг үүргээрээ ажилладаг болохоор бэлтгэлээ хангаж байна. Кастодиан банкууд, шинэ биржүүдийг зохицуулалтын бодлогоороо дамжуулсан дэмжсэний үр дүнд тэд ажлаа эхлүүлээд байна. Энэ жилдээ багтаж санхүүгийн зах зээлийн хөгжлийг хэтийн болон дунд, ойрын хугацааны бодлоготой болно. Баримт бичгүүдийн төслүүд нь бэлэн болсон.
 
-УИХ-ын даргын зөвлөх хүний үүрэг юу байх вэ?
 
-Монгол Улсын даргын даалгаснаар тодорхой чиглэлээр судалгаа хийж, мэдээлэл цуглуулж, асуудал боловсруулна. Чуулган болон бусад арга хэмжээн дээр хэлэх үгийн төслийг бэлдэнэ. Хуулийн ажлын хэсгүүдэд орж ажиллана. Хамгийн хариуцлагатай ажил бол чуулганаар батлагдсан хуулиуудын эцсийн хувилбар дээр УИХ-ын дарга гарын үсэг зурахын өмнө нэг бүрчлэн уншиж, утга, найруулгын алдаагүй гаргах ажлыг Тамгын газрынхантай хамт хийдэг. Намын бүлгүүд, гишүүдтэй ойр хамтран ажиллаж, төрийн бодлого тодорхойлох гал тогтооны ажилд туршлагажсан хоёр жил байв.
 
-Завхан аймгийн хөгжлийн байдлын талаар ямар дүгнэлтэд хүрэв. Тулгамдсан асуудлуудаас нь нэрлэвэл?
 
-Манай Завхан аймаг төвөөс алслагдмал, дэд бүтэц муутай, хамгийн сүүлд гэрэл цахилгаанд холбогдсон, хөгжлийн хувьд бусад аймгуудтай харьцуулахад нэлээд хоцрогдсон аймаг болсон байна. Өрсөлдөх чадвар сул. Аймгийг богино хугацаанд хөгжүүлэхэд сайн төлөвлөж, төсөвлөсөн Хөгжлийн концепци буюу хэтийн зорилт бүхий төлөвлөгөөгүй явж ирлээ. Аймгийг тэжээж авч явах үндсэн салбар бол яах аргагүй хөдөө аж ахуй, аялал зуулчлал. Төсвийн болон төсөл хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрүүдийг энэ хоёрыгоо ойрын хугацаанд босгож авахад шаардлагатай зам, цахилгаан, ус, дулаан зэрэг дэд бүтцийг шийдэхэд зарцуулах хэрэгтэй.
 
Хар нуур, Отгоны амралт, Мөстийн цэнхэр нуур, Монголын их элсний байгалийн сайхан тогтцуудыг харахаар ирэх олон мянган жуулчдыг аятай тухтай хүргэх замуудыг барихаас эхлэх нь зөв гэж боддог. Ирсэн хүмүүсийг хүнс, үйлчилгээгээр хангах ажлыг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зах зээлд хүргэх борлуулалтын сувагтайгаа холбож хөрөнгөө хуваарилах хэрэгтэй гэж харагдаж байна. Аливаа хөрөнгө оруулалтыг тухайн бүс нутгийг хөжүүлэх ажлын ач холбогдлын эрэмбэ, дарааллаар үр ашигтай зарцуулахгүй бол өнгөрсөн хугацаанд төрөөс өгсөн мөнгийг үргүй зарсан алдаа давтагдана. Гол зорилгуудаа иргэдийн орлогыг тогтвортой байлгахад чиглүүлж чадвал 10 жилийн дотор аймаг маань баруун бүсдээ төдийгүй Орос, Хятад, Казахстан зэрэг улсуудын зах зээлд хүчтэй нэвтрэх боломж бий.
 
-Дэд бүтэц сайн бол хөгжил аяндаа ирдэг гэдэг. Шинэ зам тавих ажилд ямар боломж байна?
 
-Тосонцэнгэл хүртэл хар замын ажил хийгдэж дууссан. Одоо Тосонцэнгэлээс цааш 167 орчим км замыг Хятадын Засгийн газрын зээлийн эх үүсвэрээр тавихаар шийдвэрлэгдсэн. Ажлыг богино хугацаанд хийлгэж дуусгахад Засгийн газар, харьяалах яам нь анхаарч ажиллаж байна. Өмнөх тендер, төсөвлөсөн хөрөнгө хүрэлцэхгүй байсан зэрэг хүндрэлүүд гарсан. Яам энэ байдлыг их сайн ойлгож арга хэмжээ авч байна лээ.
 
Ажлын байр нэмэгдүүлэх нь хоёр дахь том нийтлэг асуудал. Ажлын байр олноор бий болгодог томоохон үйлдвэрүүд баригдсангүй. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл ажлын байрыг их шингээдэг салбар. Малын гаралтай түүхий эдийг боловсруулах, малчдын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, чанар стандартыг шинэ технологитой уялдуулж хөгжүүлж чадвал малчдад тулгамдсан нийгмийн олон асуудлыг шийдэж чадна. Малчдын үйлдвэрлэж буй буй бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд үнээ алдахгүй түргэн шуурхай борлуулдаг сувгийг нээхгүйгээр сүү цагаан идээ, мах, арьс шир, бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийн багтааж бага байна.  Мал болгоныг даатгалтай болгож малчдыг эрсдлээс хамгаалах бодлого дутагдаж байна. Малчдын төдийгүй аймгийн төвийн иргэдийн эрүүл мэнд, ялангуяа усны чанараас шалтгаалсан өвчлөлийн хэмжээг бууруулах арга хэмжээг нэн даруй авахгүй бол хавдрын өвчлөлөөр манай аймаг улсдаа гуравт орж байна.
 
Боловсон хүний чадвар муу байна. Дотоодын их дээд сургууль төгсөгчдийн хамгийн шилдгүүдийг нь орон нутагтаа авчирч ажиллуулах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Ялангуяа сурлага сайтай төгсөгчдийг гадаадын их дээд сургуулиудад сургах замыг нээж өгөх зэргээр хойч үеээ бэлдэхгүйгээр бүх хүмүүс Улаанбаатар руу явсаар орон нутгийн иргэдийн шилжилт хамгийн их аймгийн тоонд орлоо.
 
Энэ олон хоорондоо холбоотой асуудлыг цогцоор нь харж, шийдэх гарцыг олж чадах удирдлага манай аймагт дутагдалтай байна
 
-Өнгөрсөн парламентад 11 эмэгтэй гишүүн сонгогдсон. Энэ хугацаанд нийгмийн тэр дундаа гэр бүл рүү чиглэсэн хуулиудыг батлуулж чадсанд иргэд баяртай байгаа. Та эмэгтэй хүний хувьд хүйсийн тэгш байдлыг хэрхэн дүгнэдэг вэ?
 
-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсан. Энэ нь аль нэг хүйсийг ялгаварлахгүйгээр, хоёр хүйс тэнцвэртэйгээр шийдвэр гаргах түвшинд байх ёстой эрхзүйн үндсийг нь хангаж өгсөн хууль юм. УИХ-д нэр дэвшихэд 30-аас доошгүй хувьд нь эмэгтэйчүүд байна гэж заасан ч 20 хувь болгож буурууллаа. Агентлаг, яам, дэд сайд, төрийн нарийн бичгүүдэд тодорхой хэмжээний квот тавьж өгсөнөөр өнгөрсөн хугацаанд 11 эмэгтэй гишүүн, хоёр дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга хоёр, агентлагийн дарга 3-4 аар эмэгтэйчүүд ажилласан. Эмэгтэй гишүүд олон чухал хуулиудыг батлуулж шийдвэрлүүлэхдээ хамтарч, баг болж ажиллаж чадсан. Тиймээс эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоо парламентад чухал юм.
Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл