Otgontenger.mn

Төрийн банкны Д.Батсайхан Завханд нэр дэвшиж чадах уу

“Хаан банк”-ны Д.Батсайхан гэдгээрээ Завханыханд танигдсан энэ эрхэм өдгөө УИХ-ын сонгуульд хүч үзэхээр бэлтгэж буй. Түүний хувьд Төрийн банкны захирлаар ажиллаж байсан бөгөөд сонгуульд нэр дэвшихээр оны өмнө үүрэгт ажлаа өгсөн. Дараа нь Завханы сумдаар тойрч Эрдэнэ зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэнгийн лекцийг иргэдэд сонсгожээ. Нутгийн иргэд ч “Төрийн банкны Батсайхан” гээд ам сайтай байна лээ. Харин түүнд энэ сонгуульд хүч үзэх боломж гарах болов уу. Учир нь Завхан аймагт Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Санхүүгийн Зохицуулах хорооны дарга асан З.Нарантуяа нарын нэр дуулдаж буй. Тэдний аль, аль нь Завхандаа нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа хэдийнээ орсон. Уг нь сонгуулийн систем пропорцианалиар яваад УИХ-ын гишүүн Я.Санжмятав жагсаалтад багтах шаанстай байсан бол Д.Батсайханд нэг боломж гарах байж. Гэтэл хэдхэн хоногийн өмнө УИХ сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулж жижиг 76 буюу мажоратор системээр сонгууль явагдахаар болсон. Ингэснээр жагсаалтын 28 байхгүй болж, жагсаалтаар УИХ-д орох сонирхолтой байсан эрхэмүүд ууртай яваа. Тэгэхээр нэр дэвших сонирхолтой бүх хүмүүс тойрог руу хошуурч байна. Харин одоо УИХ-аар мандатын асуудлыг ярилцаж байна. Тодруулбал жагсаалтын 28-ыг хот, хөдөөд тэнцүү 14:14-өөр хуваах саналтай байгаагаа Ардчилсан намынхан илэрхийлсэн. Харин МАН 12:16 гэсэн саналаа илэрхийлсэн ч АН-д буулт хийж болох тухайгаа бүлгийн дарга С.Бямбацогт нь хэлнэ лээ. Тэгэхээр мандатын асуудал хот, хөдөөд тэнцүү хуваагдах нь. Ингэвэл Завханд ямар ашигтай вэ. Зарим аймгуудад мандатын тоо нэмэгдэж, зарим нь хасагдах тухай яригдаж байгаа. Харин Завхан аймагт мандатын тоо нэмэгдэхгүй. Учир нь 80 мянгаас дээш хүн амтай аймгууд гурван мандаттай болох боломжтой. Харин Завхан аймаг 69 мянган хүнтэй аж. Тэгэхээр хоёр мандат хэвээрээ байна гэсэн үг.

Тэгэхээр удаа дараа УИХ-д сонгогдсон гишүүн Я.Санжмятав тойргоо хэн нэгэнд өгөөд хойш суухгүй байх. Харин З.Нарантуяагийн хувьд Ардчилсан намын дарга З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан ойрын итгэлтэй нэгэн. Тэдний хувьд ногоон гэрлээр сонгуульд нэр дэвших нь ойлгомжтой. Тэгэхээр энэ удаад Д.Батсайхан бас л жийгдэх нь. Түүний хувьд урьд, урьдны сонгуулиудад Я.Санжмятавд “дарагддаг” байсан бөгөөд энэ жилийн сонгуулиар бас л өнжих бололтой.

Ж.НАНДИН

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл