Otgontenger.mn

Д.Цэвээнравдан: Аав минь өдөрт хоёр аялгуу тоглож сурвал хоёр чихэр өгнө гэдэг байлаа

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Дагвын Цэвээнравдантай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Түүний нэрийг сонссон зарим хүн “Цэвээнравдан гэдэг хүн чинь “бурхан” шүү дээ. Түүнтэй нэг ч болтугай уран бүтээл хийвэл их хувь заяа олсонтой ялгаагүй” гэдэг.

Тэрбээр уран бүтээлийн төлөө л төрсөн юм шиг ажилладаг, ажилласан болгон нь чанартай болдог болохоор ингэж хэлэхээс ч арга үгүй. Сүүлийн үеийн уран бүтээлээс нь дурдвал Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Болдбаатарын “Тавилан”, дуучин А.Хосбаярын “Адуутай намар”, Б.Батболдын “Би Монгол эр хүн”, “Хоёр маргаз уул”, Д.Намсрайноровын “Зүрхний цэцэгхэн чамдаа”.  Тэрбээр энэ сарын 21-нд Монгол бөхийн өргөөнд “Дорнын цэнхэр эгшиглэн” нэртэй бие даасан тоглолтоо хийх гэж буйгаа ч дуулгасан. 

-Өнгөрсөн жил таныг нийслэлийн “Улаанбаатар” чуулгад бие даасан тоглолтоо хийж байсныг мэднэ. Цөөхөн үзэгчтэй танхимд тоглолтоо зохион байгуулдаг та энэ жил “Монгол бөхийн өргөө”-г сонгосон нь бас учиртай байх? 

-Уг нь би энэ жилийн тоглолтоо өмнөх шигээ л хийе гэж бодсон ч хүмүүс “Та олон дуутай байж олон үзэгчдэд зориулж тогло” гэсэн даалгавар өгч, “Монгол бөхийн өргөө”-г сонгоод байна. Энэ миний 17 дахь тоглолт. Монгол Улсын Гавьяат жүжигчин Ө.Уянга, С.Батсүх, У.Далантай, С.Ганзориг нараас эхлээд өнөө цагт сайхан уран бүтээл төрүүлж яваа Х.Батмэнд, Ө.Түмэн-Өлзий, А.Хосбаяр нарын зэрэг уран бүтээлч оролцоно. Мөн ӨМӨЗО-ны дөрвөн дуучнаас гадна нэг зохиомж бэлдсэн ч одоо хэлмээргүй байна. Үзэгчид ирэхээрээ өөрсдөө мэдэг. Би дуунуудынхаа аялгууг ардын хөгжимд түлхүү суурилуулж, уламжлалаа гээлгүйгээр зохиодог. Үүгээрээ ч миний бүтээл онцлогтой. Би Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж гэдэг багшийн удирдлага дор хүмүүжсэн. Тэд маань намайг “Миний хүү Монгол уламжлалаа битгий орхиорой. Уламжлалаа гээнэ гэдэг түүхээ мартаж байгаатай адилхан шүү” гэж захиж байсныг нь үргэлж санаж явдаг. Тэгээд ч би багаасаа ардын хөгжим тоглох дуртай байсан минь өнөөдрийн уран бүтээлийг хийхэд нэмэр болж байгаа байх.   

-Тоглолтод таны хөгжмийн бүтээлүүд л эгшиглэх үү? 

-Зөвхөн нийтийн дууны уран бүтээлээ л үзэгчдэд сонирхуулах юм. Хөгжмийн бүтээлээсээ оруулвал нэлээн цаг орох тул энэ удаа орхисон. Би драм, дуулалт жүжиг тус бүр 10 орчим, бүжгийн 100 гаруй, дан хөгжмийн 20 гаруй зохиол бичсэн. Харин дууны уран бүтээлийн тоо бүр алдаж өгсөн.   

-Сүүлийн үеийн хөгжмийн зохиолчид бүтээлээ төрүүлэхдээ нийгмээ дагаад орчин үеийн хөгжимтэй хоршуулж байна. Та ч үүнтэй уран бүтээлээ нэгтгэдэг. Гэхдээ залуучуудын ингэж хэтэрхий туйлшраад байгаа нь ямар санагддаг вэ?

-Би тэдэнд буруу өгөхгүй. Орчин үед техник улам хөгжиж байгаа болохоор урлаг үүнд хамгийн түрүүнд өртөх ёстой. Гэхдээ энэ тал руу хэтэрхий хэлбийж, уламжлалаа мартаж болохгүй. Уламжлалыг гээвэл аливаа зүйл дампуурдаг шүү дээ.

-Мэргэжлийн болон ардын авьяастнууд таны нэрэмжит дууны уралдаанд жил бүр оролцдог. Бүтээлээрээ мөнхөд хөглөгдөнө гэдэг энэ байх даа?

-Ургацын баярын үеэр жил бүрийн намар Завхан аймгийн Засаг даргын ивээл дор болдог. Өнгөрсөн жилээс Говь-Алтай, Ховд зэрэг манайхтай ойрхон аймгийн уран бүтээлчид оролцдог болсон. Тэр маягаараа энэ жил болно. Мөн ирэх наймдугаар сард Монголын дуулаачдын нийгэмлэгээс Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа даргын санаачилгаар улсын хэмжээнд зохиогдох юм гэсэн. Тэгвэл хүрээгээ улам тэлсэн үйл хэрэг болох нь.   

-Та хэзээнээс хөгжмийн урлагийн “гал тогоо”-нд орж ирсэн юм бэ?

-1972 оноос эхэлсэн. Анхны дуу маань “Хавар” нэртэй байлаа. Тухайн үед би хүүхэд байсан болохоор хэн нэгэн дуучинд өгч чадалгүй явсаар УБИС-ийн хөгжмийн ангийн оюутан болсон. Гэтэл манай ангийнхан сурч, дуулаад л... Надад маш их урам өгсөн. Тиймээс би “Ханьсах заяа” дуугаа өлгийдөж, Монгол Улсын Гавьяат жүжигчин, нэрт дуучин Д.Банзрагчаар дуулуулсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл гээд бодохоор би амьдралынхаа 40 гаруй жилийг хөгжмийн урлагтай холбосон байна. 

-Анх энэ салбар руу таныг юу хөтлөв?

-Манайханд урлагаар айхтар гавьяа байгуулсан хүн байхгүй. Хөдөөгийн хүүхэд байсан болохоороо айлын найр, наадамд очиж, дуулж байгаа хүмүүсийг харах, зарим үед тэд намайг онгироож дуулуулдаг байсан. Ээж маань ааваас илүү дуулдаг байсан нь ч нөлөөлсөн байх. Дуулах дуртай байсан болохоороо би сургуулийнхаа дууны дугуйланд явж, сумынхаа клубын хөгжимүүдийг хэн нэгний зөвшөөрөлгүйгээр тоглодог байлаа. Тэр байдлыг аав минь харахдаа хөгжимд үнэхээр сонирхолтой юм байна гэж бодсон бололтой гармон хөгжим авч өгсөн. Гэхдээ надад нэг болзол тавьж билээ.

-Тэр нь ямар болзол байв?

-Намайг “Өдөрт хоёр аялгуу тоглож сурвал хоёр чихэр өгнө” гэсэн болзол. Би ч чихэр идэхийн тулд бас хөгжмөө сайн тоглож сурахын тулд яаж, ийж байгаад л сурдаг байлаа. Аав дараа нь эгчид манделин хөгжим авч өгөхөд нь би эгчээсээ түрүүлээд сурсан. Тухайн үед хоёрдугаар ангид байсан л даа. Харин УБИС-ийн хөгжмийн ангид орохдоо уран бүтээлч болох хүслээр ёстой л жигүүрлэсэн. Намайг их сургуульд ороход Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Дашням багш хүлээж авсан.  

-Танай ангийнхнаас одоо уран бүтээл хийж байгаа нь хэн, хэн байна вэ?

-Багш бид хоёр л байх шив дээ. Бусад нь дарга, төрийн хүн, бизнес эрхэлж байна.

-ОХУ-ын Ленинградын хөгжмийн их сургуулийг хэдэн онд төгссөн бэ?

-1974 онд УБИС-ийг төгсч, таван жил Түдэвтэй сумынхаа клубын эрхлэгчээр ажилласан. Харин 1979 онд ОХУ-ын Ленинградын хөгжмийн ангид элсч, зургаан жил сурсан. Харин төгссөн жилээ аймгийнхаа төвийн Соёлын ордны дарга, уран сайхны удирдагчаар гурван жил ажиллаж байгаад аймгийнхаа Хөгжим бүжгийн дунд сургуульд багш, уран сайхны удирдагч, захирал, 2004 оноос Улаанбаатарт Хөгжим бүжгийн коллежид хөгжмийн багш, уран сайхны удирдагчаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан. 

-Таны хүүхдүүдээс урлагийн хүн бий юу? 

-Байгаа. Хүү Ц.Оюунбат “Хязгааргүй” нэртэй студидээ хөгжмийн найруулагч, том охин Ц.Оюун-Эрдэнэ дунд сургуулийн хөгжмийн багш, бага охин Ц.Оюунзаяа “Улаанбаатар” чуулгад хөгжимчнөөр ажиллаж байгаад гадаадад мэргэжлээ ахиулахаар яваад саяхан төгссөн. Гэргийг маань А.Отгонбаяр гэдэг. Монголын цахилгаан холбоо компанид насаараа холбооны техникчээр ажилласан. 

-Сүүлийн үеийн дууны шүлэг, аялгууг сонсохоос зүрхшээж байна гэж олон хүн ярих юм. Энэ тухай таниас асуулгүй өнгөрч боломгүй санагдаад байна. Энэ талаар бодлоо хуваалцана уу?

-Би дууны шүлгийг айхтар мэдэрдэг. Ялангуяа 2000 оноос хойш дууны яруу найраг бичиж байгаа хүмүүс арай дэндүү доройтуулж байна. Зарим нь Монгол хүний сэтгэхүйд байхгүй үг, өгүүлбэр холбох юм. Нэг бол толгой холбох. Гэхдээ утгыг нь алдагдуулж, хэлэх гэсэн санаагаа мартчихсан юм шиг болгох юм.

-Ингэж бичиж байгаа нь юутай холбоотой гэж та бодож байна вэ?

-Гар утас, компьютерээр ажлаа амжуулдаг, байнга харьцдаг хүмүүс наад зах нь үгийн алдаа их гаргадаг. Цаанадаж ном уншихгүй болохоороо үгийн баялаггүй байх шиг байна. 

-Дээр та дуучин болох хүсэлтэй байсан тухайгаа цухас яриад өнгөрсөн. Хэрвээ дуучин болсон бол өнөөдөр ямар хэмжээнд “давхиж” байх байсан бол?

-Саар лав биш. Сайн дуучинд арай хүрэхгүй л байх байсан болов уу. Яагаад гэхээр намайг Ленинградаас ирэхэд оюутнуудыг орон нутагт урлагийн бригадаар явуулсан. Тэгэхэд би хөгжимдөхөөс гадна дуучин болж явлаа. Зарим сумынхан гурваас тав дахиулдаг байсан гээд бод доо. Тэгэхээр би муу дуучин биш байгаа биз дээ. Ятгачин н.Наранбаатар найз маань намайг “Чиний залуугийн хоолой шиг дуучин одоо ч алга” гэж онгироодог юм. Гэхдээ хөгжим бичих тал нь давамгайлчихсан болохоор дуулахаа орхисон.

-Харин одоо юу сонирхож байна вэ. Таныг үеийнхэн тань их л сахилгагүй, юм юманд гарын дүйтэй гэдэг юм билээ?

-Техник талд их сонирхдог болсон. Ялангуяа компьютер их ухдаг. Хэр баргийн програмд ажиллана шүү. Залуу байхдаа зурдаг байсныг үеийнхэн маань ярьсан байх. Байгалийн зургийг би сайхан зурдаг байсан.

Биднийг ярилцах зуур түүний гар утсанд бараг тасралтгүй дуудлага ирж байлаа. Ихэнхийг нь тасалсан ч “Сайхан ярих гэхээр онгод хулжаагаад байх юм” хэмээн инээж байсан. Гэвч уулзах шаардлагатай хүн нь залгасан болохоор арга буюу ярилцлагаа өндөрлүүлсэн юм.

У.БАЯРСАЙХАН

ЭХ СУРВАЛЖ: www.mnb.mn

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл