Otgontenger.mn

Б.Найдалаа: С.Ганбаатар аа, юунаас айгаад, зугтаад байгаа юм бэ

Хөдөлмөрийн Үндэсний намын дарга Б.Найдалаатай ярилцлаа.

-Хөдөлмөрийн Үндэсний нам дотроо нэлээн бужигнаантай байна. С.Ганбаатар гишүүн, та хоёр хоёулаа Улсын дээд шүүхэд энэ асуудлыг шийдэж өгөөч гэж өргөдөл гаргасан уу?

-Улсын дээд шүүх хуулийн дагуу Улс төрийн намын даргыг бүртгэдэг. Хөдөлмөрийн Үндэсний намын хувьд намын Төв хороо нь хуралдаад, даргадаа хариуцлага тооцоод сольсон. Дүрэм журмын дагуу намын даргаа бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд өргөдөл гаргасан. Монгол Улсад хууль гэж байдаг бол хуулийнхаа дагуу шийдэх байх.

-Та нарын зүгээс С.Ганбаатар даргыг хууль зөрчсөн гэж үзээд огцруулсан. Гэтэл нөгөө талд бас хуралдаад, “Би дарга хэвээрээ” гээд яваад байдаг. Иргэдийн дунд төөрөгдөл үүсчихээд байна л даа. Хэн нь яг үнэн яриад байгаа юм бэ. Үнэхээр дүрэм, журам зөрчсөн нь ажлаа өгчихөж болдоггүй юм уу?

-Монгол Улсад мөрддөг хууль, дүрэм журам гэж байдаг юм бол, намын Дээд шүүхээр баталгаажуулсан дүрэм гэж байдаг юм бол бидний явж байгаа энэ зам яах аргагүй зөв. Яагаад гэвэл Хяналтын төв байгууллагаас гаргасан дүгнэлт, шаардлагыг С.Ганбаатар гишүүн тухайн үед дарга байхдаа биелүүлээгүй. Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн. Хяналтын байгууллагыг тараах, түдгэлзүүлэх тухай байж болзошгүй шийдвэр гаргасан. Намын ёсзүйн андгайгаа зөрчсөн, хуйвалдаан зохион байгуулалцсан, гишүүдээ хуурсан. Тийм учраас дарга байх боломжгүй. Хуулийн дагуу, Хяналтын байгууллагаас гаргасан дүгнэлтийн дагуу намын Төв хороо шийдвэрээ гаргасан. Үүн дээр ямар ч эргэлзээ байхгүй. Журмынхаа дагуу Дээд шүүх дээр шийдэх байх гэдэгт эргэлзэхгүй байна.

-С.Ганбаатар гишүүний тайлбарлаж байгаагаар бол  та бүхнийг санаатайгаар намыг хагалган бутаргах эсвэл бусад намын явуулга ч байж болзошгүйг хэлж байсан?

-Олон хүний толгойг эргүүлж, худлаа ярьж байна. Бусад бүлэглэлүүдийн явуулга, урвасан гэсэн байдлаар хаацайлж үнэнийг нуух гэсэн оролдлого байна. Ийм улс төрийг Монголын ард түмэн хүсээгүй. Олны итгэлийг дааж байгаагийн хувьд ийм увайгүй үйлдлийг Хөдөлмөрийн Үндэсний нам руу оруулмааргүй байна.

-Хөдөлмөрийн Үндэсний нам анх байгуулагдахдаа хүчтэй гарч ирсэн. Улс төрийн рейтингийн хувьд ч өндөр байсан. Гэтэл одоо намын даргын албан тушаалаас болж багагүй маргаан үүссэн нь танай намын нэр хүндийг унагаж байна. С.Ганбаатар гишүүнтэй уулзаад асуудлаа шийдэж болохгүй юм уу?

-Олон удаа уулзах гэж оролдсон. Би болон манай нөхөд даргын суудлын төлөө тэмцээд байгаа юм биш. С.Ганбаатар гишүүнийг дарга болгоё гэхэд би дэмжсэн, бусад нөхдөө ч ятгасан. Намд нэгдсэн бол дүрэм, журмаа баримталдаг байх ёстой. Дарга байна уу, цэрэг байна уу дүрэм, журмаа баримтлаагүй бол хариуцлагаа үүрэх ёстой.

-Улсын дээд шүүхийн шийдвэр хэдийд гарах бол?

-Тов гараагүй байна. Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Энэ гуравдугаар сардаа багтаад шийдэгдчих болов уу.

-Намын гишүүдийн хувьд дотооддоо хоёр хуваагджээ. Танай гишүүд ер нь ямар байр суурьтай байна вэ?

-Гишүүдэд үнэн зөв мэдээлэл очихгүй байна. Зарим гишүүдэд бүх зүйл болж байгаа мэтээр, эсвэл тамга авч зугтсан мэтээр худлаа мэдээлэл хүргэж байна. Гишүүддээ хандаж хэлэхэд, монголчуудын хүсээд байгаа нам, хүсээд байгаа улс төр бол Хөдөлмөрийн Үндэсний нам дээр болж байгаа увайгүй, хуйвалдаантай, олон нийтэд худал ярьдаг, дүрмээ барьдаггүй үйлдэл биш юм аа. Яг дүрэм, журмаа баримталдаг, гишүүдээ хүндэлдэг, зөв мэдээлэл хүргэдэг, шударгаар хурлаа зарлаад хуралдуулдаг ийм намыг хүсээд байгаа юм. Сүүлийн үед С.Ганбаатар гишүүн олон хүнийг нэр дэвшүүлнэ, гишүүн болгож өгнө, намын үйл ажиллагаа хэвийн явж байгаа мэтээр ойлгуулж байна. Нам дотроо маргаантай, Дээд шүүхээр шийдэгдээгүй байхад хүмүүсийг хуурч ажиллуулах, хүлээлт үүсгэх, зөрчилдөө ашиглах гэсэн хандлага байж магадгүй байна. Нэр дэвших сонирхолтой байгаа хүмүүс мэдээллийг тэнцвэртэй авч, эрсдэл гаргахгүй шийдвэр гаргаасай гэж хүсч байна.

-Танай намын тамгыг генсек байсан Т.Доржханд танд гардуулж өгсөн. Гэтэл С.Ганбаатар гишүүн хурал хийгээд, таныг дэд даргаас чинь чөлөөлсөн. Би намын дарга хэвээрээ байгаа гэдэг мэдэгдэл хүртэл хийлээ. Мөн намын тамгаа гээсэн учраас хүчингүй болгуулах тухай зарыг сонинд хүртэл нийтлүүлсэн байсан. Та бүхнийг тамга авч зугтаасан гэх мэдээлэл ч гарч байсан. Одоо тэгэхээр хоёр дарга, хоёр тамгатай үйл ажиллагаа явуулаад байна уу?

-Нам нэг л тамгатай.

-Тэр тамга нь танд байгаа юу?

-Тийм. Тэр тамгыг хүчингүй болгоод ч юм уу, дахиж хийлгэсэн бол хууль зөрчсөн, авлигатай холбоотой асуудал болно.

-Сонгууль дөхөж байгаа энэ үед намууд нэр дэвшигчдээ урьдчилсан байдлаар тодруулж байгаа. Танай намын хувьд энэ асуудал яригдаж байна уу. Эсвэл даргынхаа асуудлыг шийдчихээд энэ талаар ярих уу?

-Эхний ээлжинд тогоон доторхи асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Намынхаа хяналтын байгууллагаа ажиллуулах ёстой. Маргаанаа нэг тийш нь болгох ёстой. Нэг тийш нь болгоогүй байж хэн нэгнийг нэр дэвшүүлнэ, асуудалгүй гишүүн болгоно, дэмжинэ гэсэн яриа байж болохгүй. Нэр дэвшихийг хүсч байгаа хүн маань хэн нэгэнтэй яриа хийхдээ, шийдвэр гаргахдаа болгоомжтой хандаарай гэж хэлмээр байна.

-Хөдөлмөрийн Үндэсний намыг анх байгуулагдахад ард нь С.Ганбаатар гишүүнийг байсан гэж яригддаг. Үнэхээр ард нь байсан юм уу, эсвэл танай намаас санал тавьсан уу?

-Хөдөлмөрийн Үндэсний нам 2011 онд бүртгүүлсэн. Энэ намд С.Ганбаатар гишүүн ямар нэгэн байдлаар оролцоотой байсан нь үнэн. Өөрөө бол үгүйсгэдэг. Нам  гэдэг чинь зөвхөн бүртгэл биш. Цаана нь үзэл баримтлал, бодлого, дүрэм журам гэж байдаг. Энэ бүхнийг одоо тэмцээд байгаа хүмүүс хийсэн юм. Намыг удирдана гэдэг нь ганцаараа тэмцэл хийхээс өөр. Олон мянган хүнийг удирдахын тулд дүрмээ баримталдаг байх ёстой. Эв нэгдлийг нь хангадаг байх ёстой. Намын эв нэгдлийг хангаж чадахгүй байгаа юм чинь Улсын эв нэгдлийг хангаж чадахгүй. Тийм учраас намын даргаас огцруулсан. Хэдхэн хүн албан тушаал булаацалдаад байгаа юм биш. Монгол Улсад хуйвалдаангүй, цэвэр, дүрмээ дагадаг нам бий болгохоор тэмцэж байна.

-Таны хувьд яагаад улс төрд орсон юм бэ. Хөдөлмөрийн Үндэсний намаас танд санал тавьсан юм уу, эсвэл анхнаасаа үүсгэн байгуулалцсан юм уу?

-Миний хувьд анх байгуулалцсан хүмүүсийн нэг. Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Доржханд энэ намыг анх санаачилсан. Бид Их хурлын гишүүн болохын төлөө үүнийг хийгээгүй. Монгол Улсын өнөөдрийн мухардлын асуудлыг шийдэхийн тулд шинэ улс төрийн хүчин хэрэгтэй юм байна. Үзэл баримтлалтай, нэг даргаас хамаардаггүй, дүрэм журмаа баримталдаг, ёс зүйтэй улс төрийн хүчин байж хөгжлийн тухай ярина уу гэхээс биш нэг даргын халаасанд орчихсон, нэг санхүүжүүлэгчтэй байх юм бол хүчтэй нам байж чадахгүй. Одоо 2016 оны сонгуулийг харсан хүмүүс энэ намыг булааж авахыг оролдож байна. Тийм болохоор бид олны итгэлийг алдахгүйн төлөө тэмцэж байна. Сонгуульд орно, орохгүй гэдэг бол дараагийн асуудал. Хуримтлагдсан найдварыг хадгалж үлдээд, чадахгүй бол дараагийн үе авч явах ёстой.

-Хөдөлмөрийн Үндэсний нам нийт хичнээн гишүүнтэй болж байна?

-Одоогоор нарийн тоог нь сайн мэдэхгүй байна. Хот, хөдөөгүй 7000 гаруй гишүүнтэй болсон байх.

-С.Ганбаатар гишүүн хэвлэлийн бага хурал хийхдээ хамгаалалт авсан байсан. Үнэхээр та бүхний дотоод зөрчил хамгаалалтад хүртлээ хурцадчихсан юм уу. Та нар ч гэсэн хамгаалалттай байгаа юу?

-С.Ганбаатар гишүүнтэй уулзах гэж хэд, хэдэн удаа оролдсон. Нэг удаа Архангай хүртэл чулуу хөөлгөсөн. Юунаас айгаад хамгаалалт аваад байгааг ойлгохгүй байна. Гишүүдээ тансаг буудалд буулгаад, хамгаалаад байгааг ойлгохгүй байна. Хаанаасаа тийм их мөнгө гаргаад байгаа юм. Бид нарт ямар нэгэн хамгаалалт байхгүй. Хамгаалуулах шаардлага ч байхгүй. Үнэнийг яриад л явж байгаа. Хэвлэлийн бага хурал хийчихээд С.Ганбаатар гишүүн манай гишүүдээс зугтаад гарсан. Юунаас айгаад, зугтаад байгаа юм бэ. Дахин, дахин худлаа яриад байгааг тэвчихгүй байна. Хэдэн хүний зөрчил биш Монголын Улс төрийн орчин цэвэрших үү, үгүй юу гэдэг асуудал яригдаж байна.

Ж.ГАНАА

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН

Эх сурвалж: medee.mn

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл