Otgontenger.mn

Монгол инженерүүд хүйтэнд ажрахгүй, нарны авсаархан хавтангаар цахилгаан, дулааны асуудлыг шийдэх гэж байна

Монгол инженерүүд нарны эрчим хүчээр гэр хороолол, байшин, хаусны цахилгаан, дулааныг шийдэх гэж байна. Малчдын хувьд аккумлятор ажиллуулахгүйгээр гэрэл, цахилгааны асуудлаа бүрэн шийдэх бүтээгдэхүүнийг цагаан сарын дараахнаас хэрэглэж эхлэх нь. Инженер залуус бүтээгдэхүүнээ тун удахгүй зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. “Гэгээ” төслийн санаачлагч, инженер Г.Биндэрьяатай энэ талаар ярилцлаа.

-Та нарын бүтээсэн төхөөрөмж их авсаархан юм. Цүнхлээд явах хэмжээний жижигхэн төхөөрөмжөөр гэрэл гаргаж, утсаа цэнэглэх нь. Ийм зүйл бүтээе гэсэн санаа хэзээнээс төрсөн бэ?

-Хоёр жилийн өмнөөс “Гэгээ” төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Би 2002 онд ШУТИС-ийг авто инженерээр төгссөн юм. Иргэний нисэхийн ерөнхий газар, Автобус баазад ажиллаж байлаа. Сүүлд “Энержи ресурс”-ын Ухаа худаг төсөл дээр автын инженерээр ажиллаж байгаад төслийн ажил руугаа орсон. Төслийн хувьд миний хобби л доо. Эхлээд Хятад, Солонгос, Японы компаниуд руу мэйл бичсэн. Манайх сэргээгдэх эрчим хүчний үйлдвэргүй учраас гадагшаа хандсан хэрэг. Япон, Солонгос, Хятад, Хонгконгоос хариу ирсэн. Хамгийн ойрхон визгүйгээр нь Хонгконгийн үйлдвэрт очоод санаагаа хэллээ. “Манай улс хасах 40, түүнээс дээш хэмд хүрч хүйтэрдэг, гурван өдөр нар гарахгүй үе олон. Нүүдлийн соёл иргэншилтэй учраас гэрэл зайлшгүй хэрэгтэй. Энэ шаардлагуудыг хангасан гэрэл хиймээр байна” гэсэн л дээ. Хонгконгийн “Янхао” үйлдвэрийн зүгээс “Бүх юмаар чинь хангаж өгье, та нар өөрсдөө бүтээгдэхүүнээ гаргаж ав” гэсэн хариу өгсөн. Хөдөөний хамаатан садан, ойр харилцаатай хүмүүстээ хэрэглүүлж тестлүүлээд одоо борлогдох хэмжээний эцсийн бүтээгдэхүүнтэй болчихлоо. Удахгүй, цагаан сарын дараахнаас худалдаанд гаргана. Оюуны өмчийн газраас өнгөрсөн оны сүүлээр гэрчилгээгээ авсан. Манай төслийн бүтээгдэхүүн хасах дөчөөс нэмэх тавин градуст ажиллана. Зөвхөн Монголын нөхцөлд зориулж хийлгэсэн гэдгээрээ онцлог. Манайхтай ижил төстэй цаг агаартай гэвэл Орос байна. Бүтээгдэхүүнээ Оросын зах зээл рүү гаргая гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Саналаа явуулсан. Оросын тосгодоор явж бүтээгдэхүүнээ сонирхуулсан. Их сонирхож байна.

-Бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой өөр улс байна уу?

-ЖАЙКА-гийн шугамаар “Токио энержи”-гийн хүмүүс ирж манай төслийг сонирхсон. Япон өндөр технологитой газар. Япончуудын хувьд улсдаа дарамтгүй сэргээгдэх хүчний бүтээгдэхүүнд их анхаардаг юм билээ. Тэр утгаараа Японы зах зээл рүү гарах боломжтой гэж харж байгаа.

-Дотоодоосоо гадна сая хэлсэн улсууд руу бүтээгдэхүүнээ гаргавал зах зээл томрох нь тодорхой л юм байна?

-Эрчим хүчний ирээдүй сэргээгдэх эрчим хүч рүү орчихсон. Нүүрснээс ерөнхийдөө татгалзчихлаа. Нар, салхи, ус, газрын дулаан гээд сэргээгдэх эрчим хүч рүү орж байна. Монголын хувьд салхи, нарны эрчим хүчийг хөгжүүлэх боломжтой.

-Танай бүтээгдэхүүн малчдад их хэрэгтэй эд санагдлаа, энэ төхөөрөмжийг ямар үнээр худалдаж авах боломжтой вэ?

-Малчдын хувьд цахилгаанаа аккумлятороор шийддэг. Аккумлятор маш хортой. Техникийн зориулалттай зүйлийг ахуйн хэрэглээнд ашиглах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Малчид аккумляторыг гэртээ бүр хоёроор нь тавьчихсан харагддаг. Нарны эрчим хүч маш олон давуу талтай. Улс орноос цахилгаан станц энэ тэр гээд ямар нэг ачаалал шаардахгүй. Нөөц нь шавхагдашгүй. Эхний ээлжинд гэрэл гаргачихлаа. Цаашдаа бид орон сууц халаах бүтээгдэхүүн гаргана. Малчдадаа зориулаад зурагт үзэх, ахуйн хэрэглээний угаалгын машин ажиллуулах чадалтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлнэ. Энэ чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа. Нэг аккумлятор 150-240 мянган төгрөгийн үнэтэй. Зөвхөн аккумляторын үнэ шүү дээ. Гэтэл манай бүтээгдэхүүн удирдлагын төхөөрөмж, нарны хавтан, гэрэл гээд бүх зүйлтэйгээ нийлээд 150 мянган төгрөг.

-Зургаахан шүдэнзний хайрцаг нийлүүлчихсэн юм шиг энэ дөрвөлжин төхөөрөмжинд гэрэлнээс гадна утас цэнэглэх оролт лав харагдаж байна, өөр ямар оролт байна вэ?

-Удирдлагын самбар л даа. Гэрэл гаргана, утас цэнэглэнэ. Нарны хавтан цэнэглэх оролт бас байгаа. Нарны хавтан нь авсаархан байгаа биз. Малчдын одоо хэрэглэж байгаа нь овор ихтэй. Хэмжээ нь бага учраас хэрэглэхэд төвөг багатай. Аялал, отор зэрэгт аваад явахад асуудалгүй. Удирдлагын төхөөрөмжинд нарны хавтангаа холбоод цэнэглэчихнэ. Дөрвөөс зургаахан цаг цэнэглэхэд 8-12 цагийн турш гэрэл асаах чадалтай. Утсыг энгийн үед ямар хугацаагаар цэнэглэдэг билээ яг тийм хугацаанд цэнэглэдэг. Манай бүтээгдэхүүний жин ердөө 800-хан грамм.

-Танай төхөөрөмжийг авч гэрэлтүүлгээ шийдье гэвэл том өрөөг хангалттай хэмжээнд гэрэлтүүлж чадах уу?

-Улайстал халдаг 60, 100 ваттын ламп байдаг даа. Бидний хийсэн энэ хоёр гэрэл 32 ватт. Хангалттай гэрэлтүүлнэ гэсэн үг. Лед гэрэл учраас их хурц. Бидний үйлдвэрлэсэн ардаа нарны хавтантай жижиг гэрлийг гэхэд л нийслэлийн оршин суугчид тог тасрахаараа хэрэглэх боломжтой. Том өрөөг хангалттай гэрэлтүүлнэ. Өдөр цонхныхоо тавцан дээр тавихад л цэнэг авчихна.

-Лед гэрэл гэхээр хараанд нөлөөлөх талаасаа ямар бол?

-Лед гэрлийг ямар нэг хамгаалалтгүйгээр тусгавал хараанд нөлөөлдөг. Энэ гэрлийн хувьд гадна талаараа сүүн гэртэй. Тэгэхээр ямар ч сөрөг нөлөөгүй. Лед гэрэл анх байлдааны зориулалтаар Орост үүсч байсан юм. Алсаас хурц гэрэл тусгаж сигнал өгөх зориулалттай үүссэн гэрэл л дээ.

-Хойноо нарны хавтантай жижиг гэрэл чинь их хэрэгтэй эд санагдлаа. Яг одоогоор бэлэн болсон өөр ямар бүтээгдэхүүн байна?

-Энгийн хэрэглээний зориулалттай гэрэл байгаа юм. Жишээ нь малчид гэртээ гэрэл гаргах зориулалтаар тавьж орой нь хотоо эргэхдээ бариад гарах боломжтой. Гэрийнхээ үүдэнд тавьж орчноо гэрэлтүүлж болно. Жорлондоо тавих бололцоотой. Өдөр нь нарнаас цэнэг аваад орой нь ойр хавиа гэрэлтүүлнэ гэсэн үг. Үнэ өртгийн хувьд 36 мянган төгрөг. Хасах 40 градуст ажилладаг гэдгээрээ давуу талтай. Хот руу чоно оруулахгүй зориулалттай анивчдаг гэрэл бас бий. Нэг ширхгийнх нь үнэ 18 мянган төгрөг. Арвыг аваад хотоо тойруулаад тавьчихад л нэг хонины үнээр суурь хонио хамгаалаад байх бүрэн боломжтой.

-Бүтээгдэхүүнүүдээ хаагуур зарж борлуулах вэ?

-Хотод нэгдсэн цэгээ байгуулна. “Нарантуул”, “Дүнжингарав” гэх мэт худалдааны томоохон төвүүдэд худалдаалах байх. Хөдөө орон нутгийн хувьд аймгуудын төв дээр борлуулах цэгээ нээх бодолтой байгаа.

-Гудамны гэрэлтүүлэгт өчнөөн мөнгө зардаг. Танайх ийм гэрэлтүүлэг хийж байгаа юу?

-Гудамжны гэрэл хийж байгаа. Сүүлийн үеийн гэрэлнүүд, орчин цагийн технологи нэлээд өндөр түвшинд оччихсон. Нэг см талбай дээр нарны энергийг авах чадал нь ихэссэн л дээ. Гудамжинд тавьсан байгаа замын гэрэлтүүлгийн хувьд аккумлятор нь тусдаа, нарны хавтан нь том гээд асуудал бий. Харин одоо бол бүгд нэг дороо байх боломж бүрдчихсэн. Зөвхөн хуучин шонг нь ашиглаж толгой тавиад л болоо. Одоогоор тестлэгдэж байгаа.

-Бүтээгдэхүүнээ Хонгконгод үйлдвэрлэсээр байх уу, эсвэл эндээ үйлдвэртэй болъё гэж бодож байгаа юу?

-Яваандаа үйлдвэр барья гэж бодож байгаа. Чадвал энэ жилдээ багтааж босгох санаа бий. Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд сэргээгдэх эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлчихлөө. Бидний хувьд маш том давуу тал. Засгийн газраас бодлогоор дэмждэг жижиг дунд үйлдвэрүүдийг дэмждэг төслүүдэд хандах сонирхол бий. Энэ бүтээгдэхүүнүүдийн хувьд өөрсдөдөө байгаа мөнгөөр хэрэглэгчдэд хүргэх гэж байна.

-Нарны эрчим хүчээр шийдэх халаалтыг хүмүүс их сонирхох байх. Яг ямар зарчмаар ажиллана гэсэн үг вэ?

-Цахилгаан эрчим хүч Монголын нөхцөлд хүндхэн байгаа. Манай хэрэглээний оргил үе нь 19-24 цаг. Маш өндөр хэрэглээтэй. Станцуудын маань хүчин чадал хүрдэггүй учраас хойд хөршөөс цахилгаан эрчим хүч импортолдог. Халаалтаа яг одоогийн эрчим хүчээр шийдье гэхээр өндөр үнэтэй гэсэн том асуудал бий. Бид нарны хавтангийн технологийг сайжруулж, илүү өртөг багатай болгохоор ажиллаж байна. Тестлэгдэж байгаа. Тогоор халааж байгаа шалны халаалтын хувьд доор нь дэвсдэг нимгэн гудас гэж байдаг даа. Тэр нь байдгаараа байна. Зуслангийн байшин байлаа гэхэд нэг талынх нь буюу нар руу харсан дээвэр нь тэр чигтээ хавтан болчихно. Повер банк гэдэг дээ, манайхаар бол аккумлятор. Аккумлятор нь мөн л гэр, байшингийн гадаа тусгай хайрцганд байх юм. Тэрийг л гэрт байгаа халаадаг гудсанд холбоод өгнө. Ийм л энгийн зарчимтай.

-Нарны эрчим хүчийг аккумлятор руу өгөөд, аккумлятороосоо шалны халдаг гудас руу өгөх юм байна?

-Энгийнээр хэлбэл тийм. Өнөөдрийн хувьд эрчим хүчийг шууд гудас руу өгч байгаа.

-Монгол гэрийн хувьд гэр дээрээ хавтангаа тавиад хэрэглэж болно гэсэн үг үү?

-Зарчим нь ялгаагүй. Таны асуусан шиг гэр дээрээ хавтангаа суурилуулаад шийдчихнэ. Гэр дээр олон шийдэл гарч байгаа. Гэрлийг нь гэхэд л тооно тойруулж хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Монгол гэр 24 метр квадрат. Цахилгаанаа дулаантайгаа хослуулаад хийчих бүрэн боломжтой.

-Өвлийн хүйтэн өдрүүдэд нар их бүүдгэр байдаг. Тэр тохиолдолд ч цэнэглэгдэх үү?

-Сүүлийн үеийн хавтангууд нарны шууд тусгалаар цэнэглэгддэг болсон. Өмнө нь нар руу харуулаад байрлуулдаг байсан. Одоо бол нэг чиглэлд, нарныхаа төв цэгийг бариулаад байрлуулчихад асуудалгүй. Нар мандаад жаргах хүртэл цэнэг авдаг болсон.

-Нарны гэрлээр гэр, байшингийн цахилгаан, дулааныг шийдчихвэл агаарын бохирдлыг мэдрэгдэхээр бууруулах юм байна. Туршилт хэр амжилттай байгаа вэ?

-Бидний хүлээж байгаагаас ч амжилттай байна. Манай төслийнхөн байшингаа сонгохдоо дулаан алдалт нь хэр вэ гэдгийг нь харж байгаа. Дулаан алдалт багатай байшин сонгоод хагас жил туршлаа. Ер нь дулааны алдагдал багатай байшин, гэрт ашиглавал илүү үр дүнтэй гэдэг нь мэдээж.

-Өнгөрсөн сарын эрс хүйтэрсэн өдрүүдэд дажгүй байсан уу?

-Ямар ч асуудалгүйгээр цахилгаан, дулааныг нь шийдэж байна. Монголын хувьд цаг агаарын онцлогтой. Гурван өдөр шуурна, гурван өдөр бороо орно, энэ хугацаанд нар гарахгүй, ийм үед ч бүтээгдэхүүн маань ажиллаж байх ёстой гэсэн шаардлагыг өмнөө тавьсан.

-Халаалтаа та нарын туршиж байгаа нарны эрчим хүчээр шийдье гэвэл үнэ өртгийн хувьд ямархуу байх бол?

- Одоохондоо үнэ хэлэх боломжгүй байна. Ер нь сэргээгдэх эрчим хүчний хувьд эхний өртөг үнэтэй, цааших хугацаанд зардалгүй байдаг. Нэг л удаа зардал гаргаад, цаашдаа жижиг засвар үйлчилгээ хийгээд явна гэсэн үг.

-Гэр, байшингийн халаалт, дулааныг шийдэх бүтээгдэхүүнээ өөрсдийн босгосон үйлдвэртээ хийх үү?

-Үйлдвэрээ энэ жилдээ багтаад босгох гэж төлөвлөж байна. Санасандаа хүрвэл эндээ үйлдвэрлэнэ.

-Танай төслийнхөн нарны эрчим хүчийг ашигласан өөр ямар бүтээгдэхүүн хийх хүсэлтэй байгаа вэ, ирээдүйд гэдэг утгаар нь асууж байна л даа...?

-Энэтхэг гэхэд л нарны эрчим хүчээр ажилладаг машин хийчихлээ. Энгийн хэрэглээгээр жишвэл оффисийнхонд нарны энергиэр утсаа цэнэглэх боломжтой бүтээгдэхүүн хийх бодол байгаа. Наран тал руу харсан цонхтой оффисын хувьд цонхыг нь нарнаас цэнэг авдаг болгоход л утсаа сэргээгдэх эрчим хүчээр цэнэглэх боломж бүрдэнэ. 2016 оны сүүл, 2017 оны эхээр гэхэд ийм бүтээгдэхүүн гаргачих байх. Одоо туршиж байна. Ийм бүтээгдэхүүнийг ганц оффисын биш машины цонхон дээр ч наах боломжтой. Жолооч нарт нарнаас авсан цэнэгээр утсаа цэнэглэх боломж бүрдэнэ. Энэ мэтээр энгийн хэрэглээнд чиглэсэн олон шинэ бүтээгдэхүүн хийх төлөвлөгөө байгаа.

Эх сурвалж http://dnn.mn

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл