Otgontenger.mn

Ч.Сайханбилэг: Малчны зээлийн жилийн хүүг 10 хувь болгох боломжтой боллоо

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Инфляцийн түвшин буурч байгаатай холбогдуулан тэтгэврийн, цалингийн, малчны болон жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтай зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанкны мэдээллийг сонсож байнгын хорооны гишүүдийн зүгээс асуулт асууж хариулт авлаа.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: -Монголбанк сүүлийн 3 жилийн хугацаанд дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх, эдийн засаг дахь нийт хуримтлалыг дэмжихийн тулд зээлийн хүүг бууруулах бодлого баримталж ажиллаж ирсэн. Цаашид хуримтлалд суурилсан нам, тогтвортой инфляцитай орчинд дундаж давхаргын хуримтлалд тулгуурласан эдийн засаг тогтвортой өсөлтийг хангахын тулд Монголбанкнаас хэрэглээ, импортыг дэмжсэн бус ажлын байрыг нэмэгдүүлсэн, хуримтлал, экспортыг дэмжих зорилгоор зээлийн хүүг бууруулахад чиглэсэн бодлого баримтлах болно.Инфляцийг нам дор төвшинд барьснаар иргэдийн амьжиргаа болон өргөн хэрэглээнд эерэгээр тусч байна. Тиймээс цаашид инфляцийг өсгөхгүй байхын тулд бодлого баримтлах болно” гэв. Үргэлжлүүлэн байнгын хорооны гишүүд Ерөнхий сайд болон Монголбанкны ерөнхийлөгчөөс асуулт асууж хариулт авсан юм.

Д.Ганбат: -Цаашид валютын ханш ямар байх вэ? Мөн малчдын хэрэглээний зээлийн хүүг бууруулах боломжтой юу?

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: -Валютын ханшийн тухайд улиралаас хамааралтай өсөлт бол явагдаж байна. Гэхдээ үүнээс үүдсэн хүндрэл, эрсдэл бий болохүй гэж үзэж байгаа. Инфляцийн түвшин буурах нь өрхийн худалдан авах чадварт эергээр нөлөөлдөг. БНХАУ-ын валютын ханш унаж байгаа нь манайд бас эерэгээр нөлөөлж байна. Инфляцийг бууруулж, дундаж орлоготой өрхүүдийн бодит орлогыг өсгөх бодлогыг цаашид үргэлжлүүлэхийг чухалчилж байгаа. Тиймээс экспортыг дэмжих, валютын орлогыг нэмэгдүүлэх, уул уурхайн хамаарлыг бууруулахад чиглэсэн салбарын зээлийн хүүг бууруулна. Зээлийн хүүг бууруулахдаа бүгдийг биш чухлыг сонгоно. Жишээ нь хуримтлалыг өсгөх, экспортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэх мэт. Улсын хэмжээнд нийт 160.000 орчим малчин өрх бий. Тэд жинхэнэ үйлдвэрлэгчид. Иймд малчны үйлдвэржилтийн зээлийн хүүг бууруулах ёстой юм. Түүнээс малчны хэрэглээний зээл болоод, цалин, тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах боломжгүй.

С.Бямбацогт: -Инфляцийн өсөлт буурч байгаа учраас ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгож бууруулж байгаа талаар Н.Золжаргал хэлсэн. Тэгвэл инфляци буурсан юм чинь цалин, тэтгэвэр, малчны зээлийг хүүг бууруулах боломжгүй юм уу?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Өнөөдрийн байдлаар малчны үйлдвэрлэлийн зээлийн хүү сард 2.5 хувь байгаа нь маш өндөр үзүүлэлт. Малчны зээлийн хүү жилд 30 хувь байгааг 10 хувь хүртэл бууруулах боломж бий. Хоёр долоо хоногийн өмнө Малчны зээлийн хүүг бууруулах ямар гарц байгааг судлах үүрэг холбогдох хүмүүст өгсөн.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: -Цалин нэмэх тусам инфляци өсдөг бодит жишээ бий. Инфляцийг өсгөхгүйгээр нам дор дөвшинд барья гэвэл эдгээр хэрэглээний зээлийн хүүг бууруулах нь эрсдэлтэй юм. С.Бямбацогт гишүүн асууж байна. Инфляци буурсан юм чинь хэрэглээний зээлийн хүү буурах боломжгүй юм уу гэж. Тэгэхээр инфляци буурснаар бодлогын хүү ч мөн буурсан. Бодлогын хүү буурна гэдэг бүх зээлийн хүүнд эерэгээр нөлөөлөх боломж бүрдэж байгаа юм. Хуримтлал, экспортыг дэмжсэн зээлийн хүүг бууруулах нь хүүнд эерэгээр нөлөөлнө гэсэн үг.

Ц.ТАМИР

Эх сурвалж: Medee.mn

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл