Otgontenger.mn

Холын замд явахгүй, малаа хол бэлчээхгүй байхыг анхаарууллаа

Энэ сарын сүүлээр нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа ажээ. Ойрын хоногуудад баруун болон төвийн бүсийн нутгаар цас орно. Энэ сарын 19-21-нд ихэнх нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Энэ хугацаанд ихэнх нутгаар салхи 7-12м/с хүрч, говийн нутгаар 12-16м/с хүрч ширүүсэх байдал ажиглагдаж байгаа ажээ. Мөн энэ сарын 21-25-нд огцом хүйтрэх гэнэ.

Идэр тэсийн хөндий, Хан хөхийн уул нуруудын хөндий, Орхон голын хөндий, Хүрэн бэлчэрийн хөндий, Дархадын хөндийгөөр шөнөдөө -44-/-49/ хэм хүрч, өдөртөө -38 хэм хүйтэрнэ. Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Туул, Угалз, Халх голын сав газар, Сүхбаатар аймгийн зарим газарт шөнөдөө -37-/42/ хэм хүрнэ.

Харин өдөр -25-/-30/ хэм байна. Алтайн өвөр, говийн нутгаар шөнөдөө -28, өдөртөө -17 хэм хүрэх төлөвтэй байгаа. Ер нь ихэнх нутгаар хүйтэрч, цасаар шуурах учраас малчид, иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна. Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Ховдын нутгаар 30 см зузаан цас орсон. Харин Баян-Өлгий аймгийн Салсай сум, Увс аймгийн Наранбулаг, Зүүнговь, Улаангом, Архангай аймгийн Тариат суманд 20-40 см зузаан цас тогтсон байгаа.

Тэгэхээр энэ цасан дээр дахиад цас нэмж орохоор цасны нягтаршил улам ихэснэ гэсэн үг. Иргэд 21-25-нд онц шаардлагагүй бол хөдөө орон нутаг руу явах хэрэггүй. Мөн малчид малаа хол бэлчээхгүй байж, тухайн орон нутгийн удирдлага, шийдвэр гаргах төвшний хүмүүс цаг агаарын мэдээг сонин хэвлэл, телевиз, радиогоос авч зохих арга хэмжээг цаг алдалгүй авч байх хэрэгтэй. Энэ өдрүүдэд цасан шуурга шуурснаас болж даваа, гүвээ хаагдаж, зам тээвэрт онцгой хүндрэл үүсч болзошгүй юм. Тиймээс нийт тээвэрчид, ард иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байж, холын замд явахгүй байхыг анхааруулж байна.

Б.ГЭРЭЛ

 

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл