Otgontenger.mn

Шинэнсамбуугийн Батсамбуу: Завханд хөгжлийн гал бадрахад ойрхон байна

“Цэцэнс” группын ерөнхийлөгч Шинэнсамбуугийн Батсамбуутай ярилцлаа.

-Шинэнсамбуугийн Батсамбуу, “Цэцэнс” групп гэдэг нэрийг олонтаа сонсч байлаа. Харин өнөөдөр ярилцах урилгыг маань хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баярлалаа. Ярилцлагаа “Цэцэнс” групп яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ гэсэн асуултаар эхлэх үү?

-Манай “Цэцэнс” групп эрчим хүч, уул уурхайн чиглэлээр улс орны хэмжээнд томоохон төслүүд хэрэгжүүлдэг. Яг одоо бид Япон, Франц, ХБНГУ, ӨАБНУ зэрэг орнуудтай хамтран Төв аймагт Бөөрөлжүүтийн 600 мегаваттын цахилгаан станц барих ажлаа эхлүүлээд байна. 1000 гаруй хүн ажиллаж байна даа.

-Манай улсын хамгийн том IV цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 700 мегаватт гэдэг. Тэгэхээр ийм хэмжээний станц гэсэн үг үү?

-Тийм.

-Танай Бөөрөлжүүтийн орд газар чинь ийм том станц барихад хангалттай нүүрсний нөөцтэй гэж үү?

-Хүрэн нүүрсний энэ орд дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг Жорк стандартаар 6,5 тэрбум тонны нөөцтэй нь бүрэн тогтоогдсон. Жилд багадаа 5-8 сая.тн нүүрс олборлох боломжтой. Харьцуулбал хэмжээгээрээ Тавантолгойн нүүрсний ордтой ойролцоо л доо.

-Сүүлийн жилүүдэд нүүрснээс шатахуун үйлдвэрлэх чиглэлээр олон санал санаачлага гарч байна. Засгийн газраас ч их дэмждэг. Танай групп ч бас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх аа.

-Бид өндөр хөгжилтэй орнуудын техник технологиор Бөөрөлжүүтийн ордыг түшиглэн жилдээ 500 мянган тонн бензин, дизель түлш, 500 мянган тонн газ буюу шингэрүүлсэн хий үйлдвэрлэх цогцолбор барихаар ажлаа эхэлчихсэн явж байна. ТЭЗҮ нь батлагдчихсан. Цахилгаан станц, энэ цогцолборт маань нийтдээ 10 000 гаруй хүн ажиллана даа.

-Төслийн чинь нийт өртгийг сонирхож болох уу?

-Нийтдээ 2,5 тэрбум доллар буюу 5 орчим их наяд төгрөг.

-Манай улсын бараг нэг жилийн төсөвтэй тэнцэх юм байна шүү дээ. Их том хөрөнгө оруулалт байна даа

-Тиймээ. Бид дотоод, гадаадын олон хөрөнгө оруулагчтай хамтарч энэ санхүүжилтийг бүрэн шийдэх боломжтой болоод байна.

-Улс орныг хамарсан энэ төслийнхөө хүрээнд Завхан аймагтаа нүүрсний уурхай байгуулах гэж байгаа гэж сонссон юм байна. Үнэн үү ?

-Манай аав Түдэвтэйнх, ээж Баянтэсийнх. Би Завханы унаган хүүхэд. Тийм болохоор нутаг орондоо үлдэцтэй бүтээн байгуулалт хийж, аймаг орныхоо хөгжилд нэмэр болох юмсан гэж дандаа л бодож явдаг. Энэ хүсэл маань одоо бодит ажил болно гэдэгт итгэл төгс байна.

-Ямар хэмжээний уурхай баригдах вэ?

-Завханчуудынхаа болон Засаг дарга Ж.Жамъянтивийн санал хүсэлтийн дагуу “Цэцэнс” групп маань өөрийн хөрөнгөөр сансрын тандан судалгааны болон геологи хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн. Манай аймгийн тав зургаан сумын 10-аад газарт нүүрсний илэрц байна. Үүнээс 3 газарт нүүрсний томоохон орд газар байх боломжтой гэсэн судалгааг манай геологичид, инженерүүд гаргаад байгаа юм. Нарийвчилсан судалгааг бүрэн хийсний дараа хэдий хэмжээний нүүрсний нөөцтэй нь тодорхой болох юм.

-Нүүрсний орд, уурхайг хэрхэн ашиглах талаар нэлээд судалгаа хийгдэж байгаа юу?

-Манай Завханчууд жилдээ 10 гаруй тэрбум төгрөгийг түлээ нүүрсэндээ зарцуулж байна. Энэ их мөнгө зэргэлдээх нүүрсний уурхайтай аймгуудын хөгжлийн мөнгө болон урсан орж байгааг хүн бүхэн мэднэ. Бидний нэг зорилго бол энэ их хөрөнгийг аймгийнхаа эдийн засгийн хөгжилд зарцуулах явдал юм.

-Яаж?

-Аймагтаа нүүрсний уурхайтай болсноор холоос тээвэрлэдэг өртөг нь хэд дахин багасна. Уурхайг дагалдаад 1000 орчим ажлын байр шинээр бий болно. Завханчууд хямд өртөгтэй чанартай нүүрс түлэх боломж бүрдэнэ. Жишээ нь Улиастайд одоо нэг тонн нүүрс 130,000 орчим төгрөг байна. Харин бид аймагтаа уурхайтай болсноор энэ өртөг буурах боломжтойг манай эдийн засагчид тооцож гаргасан. Бас Герман, Японы мэргэжилтнүүд уг судалгаанд оролцож байгаа. Бүр нарийвчилбал нэг айл өвөлд дунджаар 500,000 төгрөгийг нүүрсэнд зарцуулдаг байлаа гэхэд 250,000 болно гэсэн үг юм.

-Уурхайтай болох нь Завханчуудад хэр өгөөжтэй вэ гэдгийг бүр сайн тодруулмаар байна. Байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг ч юм уу?

-Манай групп өндөр хөгжилтэй орнуудын техник, технологиор дэлхийн стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулдаг. Тийм болохоор байгальд ээлтэй хамгийн сайн технологиор уул уурхайн үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Өгөөжийн тухайд Завханаас гадагшаа урсаж байгаа асар их хөрөнгө аймагт маань үлдэж ажлын байр, үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжих бодит боломж бүрдэнэ. Ингэснээр манай аймгийн хөгжил 8 - 10 дахин хурдасч, хүн амын бодит орлого 2 -5 дахин нэмэгдэх нөхцөл бололцоо бүрдэнэ гэж эдийн засагчид тооцоолоод байгаа юм. Түүнчлэн уурхайн ашигаас Завханы хөгжлийн сан байгуулна. Энэ санг бүрдүүлэх эхний хөрөнгө болгож би хувиасаа 500,000,000 төгрөг оруулна. Уг сангаас эмч, багш нарыг гадаад, дотоодын нарийн мэргэжлийн сургалтад хамруулах, шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, хөгжлийн бэрхшээлтэй болон өрх толгойлсон иргэд, ахмад настнуудад халамж, үйлчилгээ үзүүлэх боломж сайжирна. Аймгийн маань өрх бүр, иргэн бүхэн уурхайн сангаас хувь эзэмшиж, ашиг хүртэх боломжтой. Мөн уг сангаас оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлж Завханы ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлдэхэд онцгой анхаарч ажиллах юм. Өмнөговийнхон чадаж байхад бид яагаад чадахгүй гэж.

-Илүү тодорхой тайлбарлаж болох уу?

-За. Жишээ нь аймагтаа нүүрсний уурхайтай болсноор Улиастайд дулааны цахилгаан станц барих боломж бүрдэж байна. Мэдээж нүүрсэндээ тохирсон технологи бүхий станц баригдана. Аймгийн төвийн дулаан хангамжийн нэгдсэн сүлжээг бий болгоно. Сумын төвүүд ч мөн ялгаагүй. Хуучин байсан дулааны сүлжээг Герман технологиор шинэчлэнэ гэсэн үг л дээ. Ингэснээр айл өрх бүр хэрэглээний халуун устай болох нөхцөл бүрдэнэ. Талх, нарийн боовны цехээс эхлээд жижиг дунд үйлдвэрлэл олноор бий болно. Ажлын байрууд нэмэгдэнэ. Хөлдөхгүйн тулд галладаг биш хөгжлийн төлөө дулаанаар хангагдана. Хүүхдүүд даарахгүй, хөгшид ядрахгүй, та бид бүгдээрээ тав тухтай орчинд амьдрах боломж нөхцөл бүрдэнэ. Мөн дулааны нэгдсэн сүлжээ, дэд бүтэцтэй болсноор орон сууцны шинэ хорооллууд баригдах нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр олон залуу гэр бүл тохилог орон сууцанд амьдрахыг хүсч байгаа шүү дээ. Надтай уулзсан багш нар, эмч нар, төрийн албан хаагчид гээд олон хүн энэ тухай санал бодлоо хэлж байсан. Бид хүн бүхэнд байр барьж өгөх биш харин орон сууцны том хороолол баригдах тэр үндсэн дэд бүтэц бий болгохыг зорьж байна. Загас барьж өгснөөс загас барих аргыг нь зааж өг гэдэг зарчим юм л даа.

-Энэ бүхэнд их мөнгө шаардагдах нь ойлгомжтой. Төсөв хүндрэлтэй нөхцөлд танай “Цэцэнс” групп энэ бүхнийг санхүүжүүлээд явж чадах уу?

-Бүхэл бүтэн аймаг байна даа. Аймгийн болоод улсын бодлогоор хийгдэх нь ойлгомжтой. Гэхдээ бид Монголынхоо болоод өндөр хөгжилтэй орнуудын мэргэжлийн багтай хамтарч судалгаа, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Энэ нь тодорхой хэмжээний зардлыг групп хариуцаж байна гэсэн үг юм. Баянхонгорчууд шинэ сум төсөл хэрэгжүүлээд эхэлсэн, Сүхбаатарчууд аймгийн төвийн дэд бүтцээ шинэчилсэн, Архангайчууд замынхаа асуудлыг шийдчихлээ. Увсынхан багаар ажиллаж чадаж байна. Ер нь манай зэргэлдээх аймгууд нүүрсний уурхайгаа түшиглэн хөгжиж байгааг сайн ойлгох хэрэгтэй. Бид тэднээс юугаараа дутай ёстой гэж.

-Сайхан л сонсогдож байна. Бодит ажил болно гэдэгт найдаж байна. Бас тантай олон л хүн уулзаж санал бодлоо хэлдэг байх. Завханчууд маань юуг илүү их хийгээсэй гэж танаас хүсч байна вэ?

-Аймгийн хөгжилд хэрэгтэй, ярьж байгаа энэ мэт зүйлээ ажил хэрэг болгоорой л гэж их захих юм. Та бүхэнтэйгээ хамтраад нутгийн хүүгийн хувьд амласнаа хэрэгжүүлж л таараа.

-Боломж, орчин нөхцөл нь байвал идэр үеийнхэн өөрсдийнхөө амьдрал ахуйг аваад л явчихдаг. Харин ахмадууд, хүүхдүүд гээд анхаарах шаардлагатай нийгмийн бүлгүүд бий л дээ.

-Тэгэлгүй яахав. Завханчууд маань оюунлаг хүмүүс. Би ч үүгээр их бахархдаг. Тиймээс дэлхийд өрсөлдөх чадвартай ирээдүй хойч үеэ бэлдэхийн тулд боломжтой бүхий л зүйлээр дэмжиж ажиллана. Завханы хүүхдүүд ЭЕШ-д дээгүүрт жагсаж, хүссэн сургуульдаа орохын тулд сайн бэлтгэх хэрэгтэй. Тэдэндээ дэм болох үүднээс төгсөх ангийн бүх сурагчдад “Шинэ алхам” гэдэг номыг хүргүүлсэн. Энэ номыг сайн ашиглаж чадвал ирэх жил манай Завханы хүүхдүүд улсдаа дээгүүрт бичигдэнэ гэж бодож байна. Бас ахмадууд байна. Өнөөдөр тэдэнд зориулсан ярьж хөөрөөд суучих, амрах сувилуулах газар алга байна. Тиймээс нэг ээлжиндээ 200 хүн хүлээн авах хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн амралт, сувиллын газар байгуулахаар бэлтгэл ажлаа эхэлсэн. Зураг төсөв нь бэлэн болсон. Газрын асуудал шийдэгдсэн. Ирэх хавраас барилгын ажил эхэлнэ. Ер нь ахмад төдийгүй Завханчууд маань нэг аятайхан газар амарч сувилуулах боломж хомс байгаа.  Тиймээс энэ амралт сувилал бол бүх хүнд үүд хаалга нь нээлттэй газар байх юм. Бас залуус чөлөөт цагаа өнгөрөөх газар ховорхон байна. Төрийн албан хаагчид хөдөлгөөний дутагдалд орж байгаа гэдэг судалгааг авсан. Тийм болохоор залуучууд, бүсгүйчүүддээ зориулсан фитнесс, аэробекийн төвийн зураг төсвийг боловсруулж дууссан. Газрын асуудлыг шийдвэрлүүлээд байна. Мөн уяачдынхаа санал хүсэлтийн дагуу “Уяачдын хүндэтгэлийн өргөө” байгуулах ажил маань эхлээд байна. Нөгөө талаар эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж эхлээд байгаа. Аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт шаардлагатай байгаа нарийн мэргэжлийн техник хэрэгсэл, зүрхний эхо аппарат зэргийг хүлээлгэж өгсөн. Нэмж захиалсан зүйлүүд ч байгаа.

-Аймагт маань таны анхаарлыг татсан өөр ямар асуудал байна вэ?

-Архидалт. Ганц манай аймаг гэлтгүй улс даяараа энэ гамшигт автаад байна. Тиймээс аймгаас төрсөн нарийн мэргэжлийн эмч нарын багтай хамтарч нэгдсэн эмнэлгийг түшиглэн наркологийн том төв байгуулах санаа байна. Олон залуус архинаас болж амь амьдралаа алдаж байна. Архинаас хамааралтай нэг хүний ард гэр бүл, найз нөхөд гээд 20 хүний сэтгэл зовж шаналдаг гэж эмч нар хэлж байна лээ. Тийм болохоор үүнд нэлээд анхаарал хандуулна даа.

-Ярилцлагаа өндөрлөе дөө. Гэхдээ асуухгүй байж боломгүй нэг асуулт байна. Улс төртэй холбоотой. Таны ах бие даагчдын холбоо байгуулж, энэ холбооноос бие дааж ирэх сонгуульд өрсөлдөнө гэж ярьж байна лээ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ ?

-Хэн өрсөлдөх нь чухал биш. Завханчууд маань л хожих ёстой. Ер нь сонгуульд хэн ч өрсөлдөх нь нээлттэй шүү дээ. Ахыгаа би хүндэтгэнэ.

Ц.ХАНДАА

 

 

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл