Otgontenger.mn

Ц.Оюунбаатар: Нийт нутгийн 90 гаруй хувь цасан бүрхүүлтэй, 50 сум зудын байдалтай байна

“Сайдын цаг” уулзалтад Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар болон Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нар оролцож мэдээлэл хийлээ. 21 аймаг, 360 гаруй сумаар салбарын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажил, өвөлжилт, цас зудны байдалтай танилцаад ирсэн байна. Одоогийн байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 50 суманд зудын байдалтай байгаа аж. Цаашдаа 20-40 сум нэмж зуд болох магадлалтай байгаа гэлээ.

Шадар сайд Ц.Оюунбаатар “Энэ жил улсын нөөцийн өвсийг 100 хувь бэлтгэж аймаг орон нутгуудад хүргэсэн. 2012, 2013 онд бэлтгэсэн өвсөө өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа аймаг, сумдын малчдад үнэ төлбөргүй, 2013, 2014 онд бэлтгэсэн өвсийг 50 хувийн хөнгөлөттэй үнээр олгох Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэнд, спортын яамнаас зудтай байгаа алслагдсан аймаг сумдад хүргэсэн. Мөн онцгой комиссын хуралдаанд түрэгний машин шаардлагатай байгаа 15 суманд машин олгох хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг Засгийн газарт тавьсан. Эрүүл, мэнд спортын салбарын үйл ажиллагаа хэвийн явж байна. 2015 онд эрүүл, мэнд спортын салбар хамгийн олон хууль боловсруулж УИХ-ар батлуулсан. Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг бүрэн биелүүлсэн дэлхийн найман орны нэг болсон. Тав хүртлэх насны хүүхдийн эндэгдлийг эрс бууруулж, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад олгох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлсэн. Оны өмнө эмийн өрийг цэгцлэж эрүүл мэнд, спортын салбар өргүй он гарсан” гэлээ.

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Оны өмнө Харвони эмийг эмчилгээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. 1150 хүн эмчилгээнд орлоо. Эрүүл мэндийн салбарт хамгийн гол анхаарал татсан асуудал бол шилэн дансны асуудал байна. Үүнийг эмнэлгийн байгууллага олон нийтэд харуулах зорилтыг дэвшүүлсэн, одоогоор зохион байгуулалтын ажлыг хийж байна” гэв.

Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Он дамжаад ажил нь явж байгаа эмнэлгийн царцсан хэдэн барилга байна вэ?

-С.Ламбаа: Эмнэлгийн барилгын асуудлыг Шадар сайд, Ерөнхий сайд бид гурав зөвлөлдсөн. Хамгийн тулгамдаж байгаа асуудал бол Яармагт баригдаж байгаа 300 ортой Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Хоёрдугаар эмнэлгийн хашаанд баригдаж байгаа Үндэсний оношилгооны төв, Төрийн албан хаагчдын эмнэлгийн барилгын асуудал байна. Эдгээр асуудлыг гуравдугаар сарын 1-ны дотор шийдвэрлэх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн. Тиймээс холбогдох хүмүүстэй уулзаж байгаа. Яармагын барилгын хувьд концессийн гэрээгээр хийхээр сонгон шалгаруулалтыг явуулсан. Гэтэл үнэ өртөгийн байдлаас болоод тухайн компани гэрээгээ цуцлах асуудлыг ярьж байгаа учир сайдтай ярьж байгаад өөрөөр шийднэ. Ер нь заавал концессийн гэрээгээр шахахаас илүү Э.Бат-Үүл даргатай ярьж байгаад нийслэлд шилжүүлж ашиглалтад оруулах талаас нь ярина. Төрийн албан хаагчдын эмнэлгийн барилгыг концессийн гэрээгээр хийхээр болсон. Одоогоор явц удаашралтай байна. Тиймээс Нэгдүгээр эмнэлгийн удирдлагуудтай уулзаж ойрын хугацаанд шийдвэрлэх талаас нь ярилцана. Түлэнхийн төвийн хувьд энэ оны улсын төсөвт тодорхой хэмжээний мөнгө суулгасан. Энэ хавар гэхэд сууриа тавина. Үндэсний оношилгооны хувьд барилгын гүйцэтгэлийг Солонгосын компани хийхээр болсон. Гэвч мөн л зөрчилтэй байгаа учраас ажил удаашралтай байна. Үндэсний оношлогооны төвийн барилгын санхүүжилтийн 55 сая ам.долларыг Солонгос улсын санхүүжилтээр 15 сая ам.долларыг манай Засгийн газрын санхүүжилтээр хийх юм. Хөрөнгө мөнгө нь бэлэн байгаа учраас талууд зөвшилцөл ирэх гуравдугаар сараас ажилдаа орж болно.

-Зарим улсын эмнэлэг удирдлагагүй байна. Энэ асуудлыг хэзээ шийдвэрлэх вэ?

-Эрүүл мэнд, спортын яамны харьяа Улсын төв эмнэлгийн удирдлагууд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Манай яамны Төрийн албаны салбар зөвлөл бүрдэж байгаа, үүний дараа эмнэлэгийн удирдлагуудын сонгон шалгаруулалт хийгээд явна.

-Ми-8 нисдэг тэрэгний ослын шалтгаан тодорхой болсон уу?

-Ц.Оюунбаатар: Осол гарах үед холбогдох албаныхан шуурхай ажилсан. Техникийн осол гэмтлийн талаарх дүгнэлт эцэслэн гараагүй байгаа.

-Нэгдүгээр амаржих газрын шүүх эмнэлгийн дүгнэлт өчигдөр гарсан гэсэн. Шалтгааныг нь хэлэх боломж байна уу?

-Эрүүл мэнд, спортын яаманд албан тоот ирээгүй байна. Хэрэв тус эмнэлгийн ажилчид буруутай бол хуулийн дагуу хариуцлагаа хүлээнэ. 

-Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба батлан даалтад гарсан. Түүнийг ажлаа үргэлжлүүлнэ гэх мэдээлэл байна. Хууль эрх зүйн орчинд ийм боломжтой юу?

-Хэдийгээр сайдгүй байгаа ч эрүүл мэндийн салбарын сахилга хариуцлага дээшилсэн. Шийлэгдамбатай холбоотой асуудлыг Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд шийднэ. Өөр хэн нэгний эрх хэмжээний асуудал биш.

Ж.ГАНАА

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл