Otgontenger.mn

Д.Дэмбэрэлнямба: Адууны яс ашиглан импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбын “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл” бүтээлд Шинжлэх ухааны салбарын 2015 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг олгохоор шийдвэрлэж, шагналд шаардагдах 100 сая төгрөгийг гардуулсан юм. 

Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, Эрдэм шинжилгээ, туршилтын “Монхимо ” төвийн захирал, МУИС-ийн Хими, химийн технологийн тэнхмийн багш, доктор (D.Ph) Д.Дэмбэрэлнямтай түүний бүтээсэн шилдэг бүтээлийн талаар ярилцлаа.

-АДУУНЫ ЯС АШИГЛАН ИМПОРТЫГ ОРЛОЖ, ЭКСПОРТОД ЧИГЛЭСЭН,  АНАГААХ ЧАДВАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА-

-Монголчуудад адууны ясны кальцийг ашигладаг байсан уламжлал бий юу? 

-Монголчууд шөл гаргаж уух их дуртай ард түмэн шүү дээ. Чингис хааны үеийн Монголчууд хоол хүнсэндээ дандаа ясны шөл хэрэглэдэг байсан гэдэг. Гадны зочид ирээд шөл ууж байгаа ядуусыг харчихаад, хаад ноёд нь юу хэрэглэдэг байсан юм бол гэж сонирхож үзэж л дээ. Гэтэл бас л адилхан шөлөө ууж байсан. Ясыг аажуухан, удаан буцалгахаар ясанд байгаа бүх шим тэжээл болох хүний биед шаардлагатай уураг тос, нүүрс ус, коллаген, кальц зэрэг гарч байдаг. Мөн мөгөөрс, бүлх зэрэг хатуу эдийг хүүхэддээ идүүлдэг байж. Энэ нь зөөлөн эдийг төлжүүлж байдаг. Үе хооронд байх мөгөөрс хамгийн түрүүнд элэгддэг зүйлсийн нэг. Хэрвээ энэ элэгдчихвэл хоёр яс хоорондын үрэлт ихсэж, доголох барих гээд асуудал гардаг. Монголын хувьд их сэрүүн уур амьсгалтай учир доороосоо даарах, уламжлалт хувцасаа өмсдөггүй богино хувцас өмсдөг учраас хөл гараа дааруулж явдаг, дандаа резинэн ултай гутал өмсдөг гэх олон шалтгаанаас болж ясны сийрэгжилт үүсч байна. Ер нь дэлхий даяар ясны сийрэгжилтийн өвчинг чимээгүй тахал гэж нэрлэх болсон. Учир нь өвдөж мэдэгддэггүй явсаар гэнэт л яс янгинаж, булчин татах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Энэ нь яс нягтаа алдаж сийрэгжсэн гэсэн үг юм. Тэгэхээр энэ асуудал дэлхий нийтийн асуудал болоод байна.

-Адууны ясанд бусад малын яснаас илүү их кальц агуулагддаг гэсэн үг үү? 

-Дэлхийн уламжлалаар үхрийн ясаар кальцийн бэлдмэл хийдэг. Тэгтэл үхрийн галзуу өвчин, шүлхий өвчин гэх мэт янз бүрийн халдварт өвчин гарч ирснээр үхрийн гаралтай түүхий эд материалуудыг худалдаалахыг хориглочихсон. Би БНСУ-д бараг 10 гаруй жилийн турш дээд сургуульд багшилж, эрдэм шинжилгээний ажил хийсэн хүн шүү дээ. Тэнд байхдаа сүүлийн хэдэн жил Солонгосын НАНО кальц хийдэг группт ажиллах завшаан олдсон юм. Тэд далайн амьтны хуяг, бүрхүүл тухайлбал, дунгийн яс гэх мэтийг ашиглаж кальц хийдэг байсан. Гэхдээ дунгийн бүрхүүлийг яг яс гэж хэлэхэд хэцүү кальцийн карбонат буюу шохойн чулууны төрөл. Үүнийг бид кальцийн бэлдмэл болгож бэлдсэнээр Солонгосын анхны бэлдмэл болгож чадсан юм. Мөн Солонгосчууд аялал жуулчлалаа хөгжүүлэх зорилгоор Чежү арал дээр үлдсэн Монгол үйлдвэрийн адууныхаа яснаас бэлдмэл гаргаж жуулчдад зардаг. Гэхдээ тийм олон адуу байхгүй учраас тухайн бэлдмэлийн найрлагад 1-2% орчим орох байдлаар бэлддэг.

Ер нь Солонгос, Монгол гээд дэлхий даяараа адууг “нөхөр” гэж хүндэлдэг. Тэр тусмаа Азиуд. Солонгосчуудын дунд адууны яс хүнсэндээ хэрэглэвэл адуу шиг ястай болно гэсэн уламжлалт ойлголт байдаг. Тийм учраас ясыг нь жижиглээд дэлгүүртээ зардаг. Ингэхдээ махнаасаа ч үнэтэй, шимтэй байдаг учраас цагаан сараар л гэхэд настайчуудад өгөх хамгийн хүндтэй бэлгүүдийн нэгт тооцогддог жишээтэй. Тэд адууны ясан дотор чухал зүйл байна гэдгийг мэдэж байна шүү дээ. Харин бидний хувьд мэдээж далай тэнгис байхгүй. Тэгээд ч судлаад үзэхэд далайн амьтны яснаас илүүтэй хүнд хамгийн ойр, хамгийн шингэц сайтай, тохиромжтой нь бол миний яриад байгаа биологийн кальц юм.

-Кальци тэгэхээр өөр өөр байдаг хэрэг үү?

-Гурван төрөл бий. Шохойн чулууны гаралтай болон нийлэг аргаар гаргаж авсан кальциуд бий. Энэ хоёр төрлийн кальци хүний биед гадны биет, эм болж үйлчилдэг. Тиймээс  ходоодны галыг бууруулах, хий ялгаруулах, зүрх судасны системийн үйл ажиллагааг алдагдуулах гэх мэт сөрөг үр дагаврууд ажиглагдах нь бий. Гэтэл хүн кальци болон бусад шаардлагатай микро элементүүдийг хоол хүнсээрээ авч байх нь хамгийн зөв. Нэгэнт бид малын мах идэж байгаа учир чоно шиг бол ястай нь хамт идчихмээр. Гэтэл тийм боломж байхгүй тул ясыг ингэж боловсруулан хэрэглэх нь хүнд маш хэрэгтэй юм. Мэргэжлийн хяналтын газар, БСШУЯ, БНСУ-ын судалгааны багтай хамтрах гээд судалгааны тухайд хангалттай хийсэн. Харин адууны тухайд энэ амьтан өөрөө гайхамшигтай амьтан шүү дээ. Харамсалтай нь жилээс жилд адуу цөөрсөөр байна. Бид адууны махыг их хэмжээгээр хүнсэндээ хэрэглэж байна. Тиймээс адуунаас гарч байгаа энэ ясыг бусад малын яснаас тусад нь ангилж аваад, гайхалтай чанарыг нь хадгалсан бүтээгдэхүүнээ хийж, монголчуудынхаа эрүүл мэндийг дэмжье гэсэн бодолтой байгаа. Адуу гэдэг амьтан янз бүрийн өвчинд тэсвэртэй, усны тунгалагийг ууж, өвсний сайхныг идэж, атар онгон бэлчээрт явдаг амьтан шүү дээ. Тиймээс манай бүх адуу эрүүл гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл манай хөрсөнд янз бүрийн хүнд элемэнтүүд байхгүй учраас адууны мах, ясанд шингэхгүй гэсэн үг юм. Мөн дэлхий дээр байгаа маш бат бөх ястай амьтдын тэргүүн зэрэгт адуу явж байдаг. Яахав арслан, ирвэс гээд байж болно. Энэ амьтад маш хурдтай хүчтэй байдаг. Гэтэл энэ их хурд, хүчийг дааж чадаж байна гэдэг яс нь яасан бат бөх юм бэ гэдгийг харуулж байгаа юм. Энэ болгоныг бид судлаж шалгаж үзсэн. Аль болох бага боловсруулалтаар цэвэр бүтээгдэхүүн гаргаж авах нь бидний зорилго байсан

-Хүний биед кальци дутагдах нь ямар сөрөг нөлөөтэй байдаг юм бэ?

-Хүн кальци алдаж, яс сийрэгжиж байна гэдэг ганцхан кальцаа алдаад байгаа юм биш. Өөрөөр хэлбэл хүний яс, амьтны яс хоёр ойролцоо бүтэцтэй. Яс гэдэг нарийн нийлмэл бүтэцтэй эрхтэн органик бодис болох уураг, коллаген, өсөлтийг дэмждэг бодисууд, нүүрс ус, аминоглико гэх мэт мөгөөрсийг бүрдүүлдэг материалууд ордог. Мөн эрдэс материалд кальцийн гидроксид 65 хувийг нь эзэлдэг. Үүн дээр нэмээд макро микро элементүүд байна. Тэгэхээр яс гэдэг ийм нарийн цогц зүйл. Нягтаа алдаж, сийрэгжиж байна гэдэг энэ бүхнээ цогцоор нь алдаж байна гэсэн үг юм. Эргээд энэ бүхнээ цогцоор нь авч байж л сая тэр яс төлжиж хөгжинө. Кальци гэдэг элемент бүх хүнд хамгийн чухал юм. Хүний биеийн хүчил, шүлтийн баланс гэж бий. Гэтэл бидний биед агуулагдаж байгаа кальцийн 99% нь шүд, ясанд байдаг. Үлдсэн 1% нь биеийн бусад шингэнд ялангуяа, цусанд байна. Цусны PH хүчиллэг чанар 1-7 байхад хүчиллэгт тооцдог бол 7-г саармагт, 7-оос дээш бол шүлтлэг гэж тооцогддог. Цусны PH нь 7.45 + (-) 0.5 байх ёстой буюу дээш доош зөвхөн 0.5-аар л хэлбэлзэж байдаг. Тэгэхээр 7.45 дээр тогтож байх гол зүйл нь шингэнд агуулагддаг 1 хувийн кальци юм. Үүнийг л зайлшгүй хоол хүнсээрээ авч байх ёстой байтал иж бүрнээр нь авах боломж харамсалтай нь хомс.

-Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс юугаараа ялгаатай юм бэ?

-Ер нь ясанд байгаль дээр байдаг кальци, магни, фосфора гээд хүнд хамгийн хэрэгтэй элемэнтүүд зохистой найрлагаараа цогцоороо байж байгаа юм. Тэгэхээр тэрийг аль болох бага темпратурт, зөөлөн гал дээр, бүтцийг нь алдагдуулж, химийн хортой бодис ашиглахгүйгээр ялгаж авах шинэ технологийг боловсруулсан нь энэ юм. Үүнийгээ орчин үеийн дэлхийн шинжлэх ухааны ололт амжилтаас нэвтрүүлж, дээр нь ямар витамин, ямар эрдэс бодис нэмэх зэргээр баяжуулж цогц бүтээгдэхүүн болгосон. Яс сийрэгжиж, ясны нягтшил буурна гэдэг яс өлсөж байгаагийн л шинж. Манай энэ бүтээгдэхүүн ясны тэжээл, хоол, хүнс гэж хэлж болно. Хөгжиж байгаа орнууд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн маш их ашиглаж байж эрүүл байхад зайлшгүй шаардлагатай эрдэс бодисуудаа нөхөж байна. Харин манай бүтээгдэхүүн бол хүмүүст биологийн аргаар буюу хоол хүнсээр нь дамжуулан нөлөөлж байгаа хэрэг юм л даа. Хүнсний нэмэлт бүтээгдэхүн гэж огт ойлгож болохгүй.

-Кальцийг манайхан сүү, цагаан идээнээс авах нь элбэг шүү дээ?

-Сүү цагаан идээ хэрэглье гэж бодоход зайлшгүй шаардлагатай магни байхгүй, боловсруулах явцад алдагддаг. Магнийн хувьд кальцийг ясанд шимүүлж нэвтрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл сүү цагаан идээнд магни бага байдаг болохоор хэдий түүнийг ихээр хэрэглэвч ясанд кальци нь шимэгддэггүй. Манайхан ялангуяа хөдөөнийхөн тослог сүүг тэр чигээр нь хэрэглэснээр тос нь ходоодны хананд наалдаж, кальцитай урвалд орсноор усанд уусдаггүй саванг үүсгэж улмаар дотор эрхтнийг гэмтээж эхэлдэг. Иймээс сүүг аль болох шингэрүүлж ууж байх нь чухал. Мөн нарны энергээр бий болж байдаг D3 витамин гэхэд Монголчуудад хангалтгүй байдаг. Хэрвээ хүнсээрээ авч чадахгүй бол цусны PH 7.45 буюу сул шүлтлэг байж байгаа юм. Бид агаараар амьсгалаад, хүчил төрөгч уушгинд очоод, уушигны цусан хангамжаар хүчилтөрөгч биеийн эд эсүүдэд очдог. Биеийн эд эсүүдэд хүчил төрөгч хэдий чинээ сайн очино төдий чинээ эрүүл байдаг. Хүчилтөрөгч сул шүлтлэг орчинд, сул хүчиллэг орчинтой харьцуулахад 100 дахин илүү байдаг. Тэгэхээр эд эсүүд хүчилтөрөгчөөр баян, сул шүлтлэг орчинтой байх юм бол эрүүл гэсэн үг юм. Хэрвээ сул хүчиллэг болоод ирэх юм бол тэнд микро организм, бактерууд, вирусүүд үржих таатай орчин болно.

-Авч хэрэглэж болохгүй тохиолдол гэж бий юу?

-Миний өмнө хэлсэнчлэн энэ бэлдмэл бол хоол хүнс учраас авч хэрэглэж болохгүй гэсэн ойлголт байхгүй.

-Зөвхөн ясны сийрэгжилтээр зогсохгүй их олон өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэж сонсож байсан юм байна?

-1931 онд Германы эрдэмтэн, доктор Отто Варбургер эд эсийн дотор байгаа хүчилтөрөгчийн хэмжээд эд эсийн PH-ийг хэмжиж үзсэн. Гэтэл сул хүчиллэг орчин, хүчилтөрөгч дутагдалтай эд эсүүдэд хорт хавдар үүсч байсан. Хорт хавдрын эсийг шинжилж үзэхэд сул хүчиллэг, хүчилтөрөгчийн дутагдалтай байсан бол эрүүл эд эс нь хүчилтөрөгч ихтэй, сул шүлтлэг байсан байдаг. Доктор Отто үүнийг батлаад Нобелийн шагнал авсан. Тэгэхээр нэг хувийн кальцийг гаднаас авахгүй бол бие организм цусан дахь кальцаа нөхөхийн тулд зөөлөн эд, яс, шүднээсээ татаж авдаг юм. Ингэж байж сул хүчиллэг орчин үүсэхээс хамгаалдаг. Ингэхээр л зөөлөн эд буюу мөгөөрсүүд зөөлөн чанараа алдаж амархан хугардаг, шохойждог болдог юм шүү дээ. Яс, зөөлөн эдийнхээ кальцийг цусандаа алдахаар л сийрэгжих, шохойжих гээд өвчин болж үлддэгийг ойлгох хэрэгтэй болов уу. Ингэснээр 150 гаруй өвчнөөс урьдчилан сэргийлж чадаж байгаа юм.

-Кальцийн бэлдмэл хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа вэ?

-Бид кальциа өгөх гэж байгаа л бол дэлхийн стандартын дагуу заавал урьдчилж үздэг. Тухайн хүний ясны нягт буурч эхэлж байгаа эсвэл ясны сийрэгжилтэд орсон, эрүүл байгаа эсэхийг оношилсны дараа шаардлагатай тохиололд бэлдмэлээ өгнө. Үзлэг оношилгооны үнэ 15.000 төгрөг байдаг. Курс буюу хоёр сараар хэрэглэх бэлдмэл 82.000 төгрөгөөр зарагддаг. Хоёр сарын турш энэ бэлдмэлийг уувал хоёр удаа оношилгоо үнэгүй. Бэлдмэлээ уусны дараа компьютер дээр хэрхэн өөрчлөгдсөн зургийг үзүүлэх юм. Хүүхдийн хувьд биеийн хөгжил насандаа явж байгаа эсэхийг шалгаж өгнө. Үеийнхнээсээ хоцрогдсон эсэх, насандаа тохирсон хөгжил явагдаж байгаа эсэхийг үзэж байж кальцийн бэлдмэл уухыг зөвлөнө. Бид удахгүй “Биерхүү Монгол” хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж байгаа. Энэ нь хүнийг хүүхэд байхаас нь эхлээд өсөлт хөгжилтөнд нь хяналт тавьж, биеийн зөв хөгжилтэй, эрүүл хүн өсгөх зорилготой юм. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг дээ.

-Хаанаас авч болох вэ?

-Улаанбаатарт гурван оношилгооны төв ажиллаж байгаа нь "Мөнгөн гүүр" эмнэлгийн 1 давхарт, Бөхийн өргөөний зүүн талд төв замын дагуу Golden pen гэсэн барилгын 7 давхарт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 1 давхарт байдаг. Түрүүн ярьсанлчлан гэмтэл бэртэлд сайн учир бид ГССҮТ-д байршуулсан. Мөн найман аймгийн төвд салбараа нээсэн. Эрдэнэт, Дархан, Дорнод, Өмнөговь, Өвөрхангай, Увс, Хөвсгөл аймгуудад зарагдаж байгаа.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл