Otgontenger.mn

Иргэд худалдан авалт бүрээсээ үнийн дүнгийн хоёр хувийг буцааж авна

Ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэн та худалдан авалт бүрээсээ үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авах боломж нээгдэж байна.

Иргэд НӨАТ-ын буцаан олголтыг жилдээ нэг удаа авахын зэрэгцээ худалдан авалтаа нэгбүрчлэн бүртгүүлснээр сар тутам сугалаанд оролцох боломжтой юм байна. Нийтдээ 22 тэрбум төгрөгийн шагналын сантай бөгөөд урамшуулал нь мөнгөн шагнал байх аж. Сугалаа нь худалдан авсан бараа бүтээгдэхүүний талон буюу баримтаар баталгаажих бөгөөд ebarimt.mn сайт руу орж бүртгүүлэх юм байна. Иргэн бүр сайтад нэвтэрч хэрэглэгчээр бүртгүүлэн хувийн дугаартай болох аж. Эсвэл дараагийн оны эхэнд ахиухан буцаан олголт авахын тулд гэр бүлээрээ дундаа нэг бүртгэлийн дугаар авах ч боломжтой юм байна. НӨАТ-ын буцаан олголт нь жилдээ нэг удаа байх бөгөөд 2016 оны буцаан олголтыг 2017 онд өгнө гэсэн үг. Харин урамшуулалт сугалаа нь бол сар тутамд явагдах юм. Тиймээс тухайн сарын худалдан авалтаа тухайн сардаа бүртгүүлж байж сугалаанд оролцох эрх нээгдэнэ.

Сангийн сайдын ахлах зөвлөх С.Пүрэв “НӨАТ-ын тухай хуулинд худалдаа, үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж бүр төлбөрийн баримт гаргадаг, кассын машинтай байх ёстой гэсэн чухал заалт бий. Дэлгүүр хоршоо гэлтгүй байр цахилгааны төлбөр авч буй газрууд ч иргэдэд баримт, баталгаажуулалт өгөх ёстой. Тиймээс иргэд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоо бүрэн авахын тулд үйлчлүүлж буй газраасаа баримт баталгаажуулалт заавал нэхэх ёстой. Өнөөдөр улсын хэмжээнд 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгж бүр НӨАТ төлж байгаа. Харин 10 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжүүд нь сайн дурын үндсэн дээр НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлж болдог. Тиймээс худалдаа үйлчилгээ эрхлэгчид иргэдийг хохироохгүйн тулд сайн дураараа НӨАТ суутган төлөгч болох учиртай юм. Үйлчлүүлж буй аж ахуйн нэгж чинь НӨАТ төлөгч биш байлаа ч төлбөрийн баримтыг заавал нэхэж авах ёстой. Ингэж байж л төлсөн төгрөг бүрийнхээ хоёр хувийг буцаан авах боломж нээгдэнэ. Мөн сугалаанд оролцох эрх нээгдэнэ” гэлээ.

Ж.НАНДИН

 

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл