Otgontenger.mn

Я.Санжмятав: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан

УИХ-ын гишүүн Я.Санжмятавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн гишүүдийн нэг нь та. Нийт хичнээн гишүүн гарын үсэг зураад байна вэ?
-Үндсэн хууль өөрчлөлт оруулах тухай асуудал энэ жил ч юм уу, одоо яригдаж байгаа асуудал биш. Түрүүчийн парламент дээр хэд, хэдэн удаа гишүүд болон намын бүлгүүдийн хүрээнд яригдсан асуудал байгаа юм. Саяны энэ өөрчлөлтийн асуудлаар төсөл санаачлагч хүмүүстэй ярилцах хүрээнд ямар ч байсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэдэг чиглэлээр гарын үсэг зурсан. 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан. Тэр дотор миний бие гарын үсэг зурсан.

-Орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд Үндсэн хуулийн ямар өөрчлөлтийг дэмжиж байгаа вэ. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг орон нутгийн иргэд хэрхэн хүлээж авч байна вэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал дээр орон нутгийн иргэд сонгогчидтой уулзаж байхад олон удаа санал гарч байсан. Тухайлбал, сумын даргыг нэг нам нэр дэвшүүлчихээд 21 хүн байдаг ч юм уу, 32, эсвэл аль нэг нь цөөнх байвал нөгөө хэдтэйгээ нийлээд сумын даргаа томилчихдог. Багийн даргыг сонгох асуудал болохоор сонгуулийн үеэр баахан айлыг нүүлгэдэг, арай олон ах дүүтэй нь багийн дарга болчихоод баг дээрээ ч байдаггүй, ажилладаггүй дөрвөн жил сумын төв дээр суучихдаг. Ийм зовлон хөдөө орон нутагт маш ихээр гардаг учраас би энэ хуулийн өөрчлөлтийн сумын даргыг ард иргэдээс нь, багийн даргыг сумын дарга томилж, өөрчлөх асуудал зөв зүйтэй юм гэсэн асуудлууд дээр санал нэгдсэн.

-Гишүүдийн тоог 99 болгож, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох асуудал дээр таны байр суурь ямар байна вэ?
-Төсөл санаачлагчид бас нарийн зүйлүүд рүү орсон байна лээ. Тухайлбал, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, бүрэн эрхийг нь таван жил болгох гээд, мөн бусад миний дэмжиж болохооргүй саналууд байгаа. Тийм учраас энэ хууль хэлэлцүүлгийн шатандаа өөрчлөгдөх, илүү бодитой болох байх. Монгол Улсдаа хэрэгтэй илүү их үр дүнтэй, нэгэнт хүрэх юм бол зөв хүрэх, дордуулсан долоон өөрчлөлт шиг ахиад дордуулж болохгүй.

-Ард нийтийн санал асуулгыг 11 дүгээр сарын 26-нд явуулахаар тусгажээ. Цаг хугацааны хувьд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж амжихгүй гэх гишүүд ч байна?
-Энэ өөрчлөлтийг хийхийн тулд ард иргэдээсээ асууя гэдэг санал тавьсан. Энэ асуудал яригдаж байгаад өргөн баригдах хугацаа оройтсон гэж хэлж болно. 11 дүгээр сарын 26-нд санал асуулга явуулах ажлыг улс орон даяар зохион байгуулах нь бас тийм амар биш гэж бодож байна. Гэхдээ би нам, бүлгийнхээ шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм биш. Шийдвэр гаргах хурал, хэлэлцэх асуудал явдаг хэдий ч, ажлыг гардан зохион байгуулах, ард иргэдийн саналыг авах гэж байгаа бол саналын хувь өндөр байх ёстой. Одоо хөдөө орон нутагт отор нүүдэл гээд түрүүчээсээ гараад явчихсан байгаа. Энэ хүмүүсийг буцааж авчраад санал авах хүнд шүү дээ. Зардал, мөнгө, цаг хугацаа гээд нэлээд асуудал байна. Ямартай ч өргөн барьчихсан, хэлэлцүүлгийн шатанд нэлээд нарийвчлан ярих байх.

-Сонгуулийн тухай хуулийн төсөл өргөн баригдсан. Бас л цаг хугацааны асуудал яригдаж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Хуулийн дагуу Сонгуулийн хууль зургаан сараас өмнө батлагдчихсан байх ёстой. Бурмаа гишүүний ахалсан Сонгуулийн хууль, Су. Батболд нарын гишүүд, мөн Х.Тэмүүжин нарын гишүүд гээд гурван хуулийн төсөл байгаа. Тал, талаасаа хуулиа өргөн барьсан. Хамгийн сайн үр өгөөжтэй, сонгуулийн хууль гараасай гэж бодож байгаа. Иргэд, сонгогчидтой уулзаж байхад жагсаалтад байдаг олон хүнийг иргэдээс саналыг нь авдаг байгаач гэсэн зүйл яригдаж байсан.

Бид өмнөх сонгуулийн хуулиар томсгосон тойрог гээд Завхан аймаг хоёр мандаттай нэг тойрог болоод явж байсан. Ахиад жижиглээд явчих юм бол мөнгөний сонгууль болно. Олон сонгогчийн саналыг бүрэн авах зүйл дээр дутагдалтай болно. Сонгуулийн хууль дээр тойрог томсгосон хэвээрээ, нэрсийн жагсаалтад нам нь эрэмбэлээд оруулчихдаг биш, тодорхой хэмжээгээр тэр хүнийхээ төлөө саналаа өгдөг, намаасаа жагсаасан жагсаалтаараа саналаа өгдөг ийм байдлаар сонгуулийн хууль явчихвал иргэд хүнээ зөв сонгох, намаа зөв сонгох үр дүнтэй болно. Тийм учраас сонгуулийн хуулийг ойрын хугацаанд зайлшгүй хэлэлцэх ёстой.

Ж.ГАНАА

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл