Otgontenger.mn

Аймгийн арслан Ж.Сүхбат: Би чинь сумаасаа 85 жилийн дараа аймгийн арслан болж байлаа

Завхан аймгийн Шилүүстэй сумын харъяат Аймгийн арслан Ж.Сүхбаттай ярилцлаа.

-Таныг Завхан аймгийн Шилүүстэй сумын харъяат гэж зарладаг. Тэнд төрж өссөн үү?

-Би Завхан аймгийн Шилүүстэй сумын Балагтай гэдэг газар төрсөн. Бага насаа сумынхаа сургуульд сурч хөдөө мал маллаж өнгөрөөсөн дөө.

-Яагаад бөхийн спортыг сонгон хичээллэх болов?

-Би арван жилд байхаасаа л барилдаж эхэлсэн. Наймдугаар ангид байхад сургуулийн хүүхдүүд намрын ажлаар Цагаанчулуут сум руу төмсөнд явсан. Дөчөөд хүүхдүүд байсан болохоор хоол нь хүрдэггүй. Хоёр хонины өвчүү үлдчихсэн та нарыг барилдуулаад сайн барилдсанд нь өгье гээд барилдуулахад би түрүүлж байсан. Тэр цагаас хойш барилдсан.

-“А” үсэг заасан анхны багш тань хэн бэ?

-Миний бөхийн анхны багш бол Цэцэн-Уул сумын харъяат нэрт дасгалжуулагч аймгийн хурц арслан С.Юнрэн агсан. Арван жилийн хүүхэд байхад манай суманд нэг барилдаан болоод би дөрөвт үлдсэн юм. Тэр барилдааны үеэр Юнрэн багш “Чи Завхан явж ороорой” бэлтгэл хийгээрэй гэсэн. Тэгж л багшдаа шавь орж байлаа.

-Та Завханы анхны наадамд түрүүлж байсан. Ашпил арслангийн удмын бөх байх аа?

-Тийм ээ. Манай аавын аавын ах Ашпил гэж хүн Завхан аймгийн анхны наадамд түрүүлж аймгийн арслан авч байсан юм билээ. Ашпил арслангийн дүү нь аймгийн заан Зэвэг гээд манай аавын аав. Дүү нь Дагийсүрэн гээд аймгийн заан цолтой. Дагийсүрэн зааны хүүхэд нь Жамсран гээд аймгийн заан цолтой, улсын засуул хүн байгаа. Би чинь сумаасаа 85 жилийн дараа аймгийн арслан болж байсан. Бусад нь аймгийн заан түүнээс доош цолтой бөхчүүд байдаг.

-Үндэсний бөхөөс өөр спортоор хичээллэж байв уу?

-Чөлөөт бөхөөр хичээллэж байсан. Төмөр замын нэрэмжит тэмцээнд 96 кг-д 2-3 удаа түрүүлсэн. Сүүлд 120 кг-д түрүүлсэн. Жижиг тэмцээнд орж байсан болохоос том тэмцээнд орж үзээгүй ээ. Өнгөрсөн жил 2014 онд сумогийн улсын аваргаас хүрэл медаль авсан. 2015 онд хүрлийн төлөө барилдаад хожигдсон.

-Бөхийн спортоор хэдий үеэс хичээллэж, аманд гарч эхэлсэн бэ?

-Би 1997 онд сумынхаа наадамд түрүүлж сумын заан цол аваад хотод ирсэн юм. 1998 оны үеэс сумын заан цолтой, аварга арслангуудын аманд гарч эхэлсэн.

-Аав, ээжийнхээ тухай ярина уу?

-Манай аав малчин хүн байсан. Аав хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Эрэгтэй дүү нь аймгийн заан цолтой. Одоо Говь-Алтай аймгийн Гуулин суманд биеийн тамирын багш хийдэг. Ээж эхээс арван хэдүүлээ. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын хүн. Одоо 90 гаран настай хүн байдаг. Аав маань бурхан болоод дөрвөн жил болж байна.

-Анхны бүхэн хүнд томоос том дурсамж болон үлдсэн байдаг. Сумын заан болж байсан наадмаа дурсаач.

-Залуу бөх үзүүр түрүүнд Эрдэнэ-Очир гээд биеийн тамирынхаа багштай үлдчихсэн байсан. Аав эхний юм өгч болохгүй  барилдана шүү гэж хэлсэн. Намайг барилдахаар очтол Эрдэнэ-Очир багшийн гуя нь чичирчихсэн зогсож байсан.

-Аймгийн цол авсан наадмуудаа эргээд нэг дурсбал?

-Би анх 1998 онд аймгийнхаа баяр наадамд аймгийн арслан Мягмаржаваар тав давж Ц.Сумъяабэйс начинд унаад аймгийн начин болж байсан. 1999 онд Багануурт барилдаж Энхбаяр гээд одоо талийгаач болсон Багануур дүүргийн харъяат Төв аймгийн залууд унасан. Уг нь би түүнийг хутгаад хаячихсан юм. Тэгсэн намайг давуулж шидчихээд, дэвээд гүйчихсэн. Түүнийг Багануурынх гэж зарлаад би талбай дээр уйлаад сууж байгаа юм чинь. Тэр үед Жамсран ахын эхнэр нь уурхайн нягтлан хийж байсан. Над дээр ирээд “Миний дүү уйлаад яахав” одоо хаашдаа өнгөрсөн гээд гайгүй болж байсан. 2000 онд Өмнөговь аймагт барилдаад хоёрын даваанд Гантулга гээд сумын заанд унасан. 2001 онд хоёр дүүтэйгээ вагоноор урагшаа Говьсүмбэр аймгийн наадам руу явсан. Тэр үед Говьсүмбэр чинь стадион байхгүй байсан. Төвөөсөө хориод км явж наадмаа хийсэн юм. Бид Зил-130 машин дээр сууж очиж барилдаад би үзүүрлэн аймгийн заан болж байсан. 2008 онд хотоос аймгийнхаа наадам руу замын унаанд суугаад барилдахаар явсан. УИХ-ын гишүүн Я.Санжмятав гуай намайг дэмжиж зардал, хоол унд, байрны мөнгийг дааж байсан. Энэ хүний итгэлийг алдалгүй үзүүр түрүүнд Л.Лха-Очирыг хаяж аймгийн арслан болж байсан.

-Заан болоод долоон жилийн дараа арслан болсон байдаг. Энэ хугацаанд арслан болохын төлөө зүтгэж л байсан байлгүй.

-Байсаан байсан. Би аймгийнхаа наадамд 2005, 2006, 2007 онуудад аймгийн хурц арслан Т.Баттөмөр, улсын начин Л.Нямсүрэн, аймгийн арслан П.Батмөнх нартай тавын даваанд тунаад унаж байсан. Би ер нь аймагт тавын даваанд тунадаг байсан. 2008 онд арслан болохдоо хүртэл тавын даваанд Баттөмөр арслантай дахиад тунасан. Арслан болдог жил үзүүр түрүүнд үлдчихээд зогсож байхад эвгүй л юм билээ. Түрүүлэхгүй бол заанаараа байна гэж бодохоор.......

-Түрүүлчихээд их баярласан байлгүй?

-Түрүүлчихээд их баярласан шүү. Арслан болоод 2, 3 хоногийн дараа Завханд Ченж нарын баяр болдог юм. Хотоос улсын начин Л.Нямсүрэн, аймгийн арслан Ш.Жаргалсайхан нар ирчихсэн байсан. Л.Нямсүрэн начин, Т.Баттөмөр, Ш.Жаргалсайхан арслан бид дөрөв үлдээд дөрвүүлээ тойрч барилдсан юм. Баттөмөр арслан дөрөвт ороод би начин, арслан хоёртой үзсээр байгаад Нямсүрэнг давж хоёрт орсон. Нөмрөгийн сургуулийн ойд дөрөвт үлдэж байсан.

-Сумынхаа түүхэн ойд яаж барилдаж байв?

-Би сумынхаа түүхт 80, 90 жилийн ойд түрүүлсэн. Мөн сургуулийн 70, 80 жилийн ойд түрүүлсэн.

-Бөх болоогүй байсан бол. Ямар мэргэжилтэй хүн болох байсан бэ?

-Бөх болоогүй байсан бол малчин л болох байсан байх гэж боддог.

-Хүүхэд байхдаа аймгийн аварга, өсвөр залуучууудын УАШБ-нд барилдаж байв уу?

-Барилдаж байсаан. Аймгийн аварга шалгаруулах барилдаанд гуравт нэг удаа орж байсан. Сумандаа бага насанд бол байнга түрүүлчихдэг байсан. Сумынхан намайг бараг Бат-Эрдэнэ аварга гэдэг байсан.

-Танай сумаас алдартнууд хэр олон төрөн гарсан байдаг вэ?

-Манай сумаас Милова бурхан буюу Цагаан дарь эхийн бүрэлбаа Н.Цэрэндондов, Монгол улсын төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж, Монгол улсын төрийн соёрхолт, зохиолч Б.Цэнддоо.... гээд алдартнууд төрөн гарсан. Милова бурхан буюу Н.Цэрэндондов гуайхтай манайх айл аймаг байсан. Би үсгийг нь хүртэл авдаг. “Миний хүү сайн барилднаа хадгалж яваарай” гээд өгсөн бүс нь надад байдаг.

-Арслан болоход нутаг орны зүгээс хүлээж авсан уу?

-Авсан авсан. Манай сумын засаг дарга Батдорж гэж хүн байсан. Олон жилийн дараа арслан төрлөө гээд сумандаа хүлээж авсан.

-ТОМ СҮХБАТ ГАРЬД “ЦОЛ ЧИНЬ ЖААХАН БАГАДААД БАЙГАА ШҮҮ” ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН-

-Та заалны барилдаанд тогтмол барилддаг бөхчүүдийн нэг. Анх хэн гэдэг улсын цолтой бөхийг давж байв?

-Анх заалны барилдаанд Говь-Алтай аймгийн харъяат улсын заан Р.Давааням гэдэг хүнийг давж байсан. Би заантай 3-4 удаа таарч давж байсан. Давааням заан намайг “Маажиг Сүхбат” гэдэг би энэнд л уначихдаг юм гээд. (инээв). Тэгээд нэлээн барилдсан даа. Мөн улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Д.Бумбаяр, улсын өсөх идэр начин М.Жамъянпүрэв..... гээд улсын цолтой бөхчүүдийг хаяж байсаан.

-Одоо танай үеийнхэн бараг гарахаа байж дээ?

-Одоо манай үеийнхэн ер нь гарахгүй байна ш дээ. Бараг би л гарч байдаг болсон байна. (инээв)

-Улсын наадамд анх хэзээ барилдсан бэ. Анхны улсын наадмын сэтгэгдэл ямар байсан бол?

-Би 2001 онд анх Ардын хувьсгалын түүхт 80 жилийн баяр наадмаар барилдаад хоёр давж, гурвын даваанд улсын харцага Ч.Чулуунбаатарыг улсын начин цолтой байхад нь унаж байсан. Гараад мэндлээд байсан. “Юу болж байгаа юм бол” гээд бодож байтал ганцхан хонгодож хаячихаад яваад өгсөн. (инээв)

-Голлож хийдэг мэх болон барилдааны тал юу билээ?

-Би баруун талтай. Баруун талдаа хутгах, хөмрөх, тохох, татаж хавирах зэрэг мэхийг голлож хийдэг.

-Боловсрол, мэргэжил юу билээ?

-Бүрэн дунд боловсролтой. Их шавийн дээд сургуульд сурч байгаад орхисон.

-Гэр бүлээ танилцуулна уу?

-Манай гэр бүлийн хүн Төрийн банкны зээлийн эдийн засагчаар ажилладаг. Манайх гурван охин, нэг бандитай. Хамгийн том нь арванхоёрдугаар  анги, дараагийх нь дөрөвдүгээр анги, дараагийн хоёр нь цэцэрлэгт явдаг.

-Та Завхан дэвжээний дасгалжуулагчаар хэсэг хугацаанд ажилласан байх аа?

-Би 2008 онд арслан болчихоод 2009 оноос эхлээд таван жил Завхан дэвжээний бөхчүүдээ дасгалжуулж ажилласан. Энэ хугацаанд хоёр гарьд, хоёр начин, аймгийн арслан, заан, харцага, начин цолтнууд нэлээд төрсөн шүү.

-Сэтгэлд тань тод үлдсэн мартагддаггүй барилдаан бий юу?

-Байгаа. 2003 онд улсын гарьд Ш.Жаргалсайхантай бид хоёр нэг том баярт явсан. Жагаа Ховдод аймгийн арслан болчихоод удаагүй байсан. Бид үзүүр түрүүнд үлдээд би Жагааг сэнжигнээс татсан чинь өвдөглөчихсөн. Тэгээд түрүүлж байсан барилдаан санаанаас гардаггүй юм.

-Биеийн өндөр, жин хэд байна?

-Өндөр 178 см, жин 106 кг-тай л байна.

-Тамирчин хүн дан ганц барилдаад амьдрал ахуйгаа аваад явахад хэцүү?

-Өө тэгэлгүй яахав. Би чинь завсраар нь дэлгүүр ажиллуулахаас эхлээд зөндөө юм хийж байсаан.

-Өнгөрсөн жилийн наадмын үеэр авахуулсан гурван Сүхбатын зураг байдаг. Зураг авахуулах санааг хэн гаргаж байв. Хожим түүх болон үлдэх зураг байна лээ.

-Тийм шүү зураг авахуулах санааг талийгаач гарьд гаргаж байсан. Намайг манай арслан энд зогсож байна гээд. Тэгсэн дархан аварга хүрээд ирсэн. За гурван амьдаа  зураг авахуулъя гээд. Би голд нь орсон, аварга, гарьд хоёр захад нь зогсож байгаа зураг байдаг. Том Сүхбат гарьд “Цол чинь жаахан багадаад байгаа” шүү гэж хэлж байсан.

-Арслан ямар авъяастай вэ?

-Дуулна, бүжиглэнэ, вальс эргэнэ ш дээ. (инээв)

-Урилгыг минь хүлээн авч ярилцсанд баярлалаа

-За баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

С.ДАВААНЯМ

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл