Otgontenger.mn

Н.Дашдэмбэрэл: Оюутан болоход аав маань арван хургатай хонь зараад явуулж байлаа

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Төмөр замын дуу, бүжгийн чуулгын гоцлол дуучин, Н.Дашдэмбэрэлтэй ярилцлаа. Тэрээр 2014 онд Монгол Улсын гавьяат жүжигчин Чулуунхүүгийн аялгуу, МУСГЗ Ай.Төмөрбаатарын шүлэг “Ижий гөрөөс” дуугаар Морин хуур наадмын тэргүүн байрыг  эзэлсэн билээ.

-Таны бага нас, аав, ээж, нутгийн талаар ярилцлагаа эхлье?

-Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Улаанбаатар хотын суугуул иргэн.  Миний өвөө Сартуулын саарал адуут Баттулга, түүний хүү Наран, хүү Дашдэмбэрэл миний бие. Аав маань Завханы нилээд хэдэн сумдуудад ажиллаж явсан түүхтэй. Тухайлбал, Яруу, Завханмандал, Эрдэнэхайрхан гэх мэт.  Мөн Говь-Алтай аймагт ч ажиллаж байсан гэдэг. Яг төрсөн газар гэж ярьвал би Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн хүн. Ээж минь Говь-Алтай аймгийн Анагаахын дээд сургуульд сурч байсан үедээ намайг төрүүлсэн  юм. Аав маань амьд сэрүүн байхдаа хэлдэг байсан “Миний хүү ч хэцүү үед хүн болсон доо” гэж. Учир нь намайг төрөхөд ээж оюутан, хичээлдээ явдаг, хөх нь сүү орохгүй байж. Тэгээд намайг бор цайнд сахар хутган угжиж л хүн болгосон гэж аав ярьдагсан. Бага насаа бол Улиастайд өнгөрүүлсэн байдаг. 1993 онд дөрөв дүгээр 10 жилд нэгдүгээр ангид элсэн орсон. Харин 1994 онд манайх Завханмандал суманд шилжин очиж, тэнд долоодугаар анги төгстлөө байсан. 1999 онд уугуул нутаг Эрдэнэхайрхандаа шилжин ирсэн. Энэ үеийг би өөрийн ухаан орсон, юмны наана цаатхыг ухаж, ойлгох насандаа хүрсэн үе гэж боддог. Тиймээс би нутагтаа илүү хайртай. Өөрөөр хэлбэл, хүн байхын мөн чанарын нутагтаа амьдарч, сурч байхдаа олж, ойлгож, ухаж эхэлсэн дээ.

-Арван жилээ аймагт төгсдөг байсан байх аа?

-Тийм. Эрдэнэхайрхан сум маань тухайн үедээ найман жилийн сургалттай байсан. Найм дугаар ангиа 2001 онд төгсөөд, Элдэв-Очирын нэрэмжит нэгдүгээр арван жилд, Түмэнжаргал багшийхаа ангид элсэн орж байлаа. Аймгийн төвд гурван сар л хичээлд суусан. Тэгээд аавыгаа санаад байна гээд сургуулиа хаяаад буцаад явчихсан. Хэдийгээр гурван сарын хугацаанд л хичээлд суусан ч олон найз нөхөдтэй болж, бас Завхан аймгийхаа хангайн бүсийг бүхэлд нь тойрч тоглолт хийгээд амжсан. Гэвч ингээд сурах нөхцөл маань түр зууртаа  зогссон. Аав маань малаа ганцаараа маллаж байсан учраас тус дэм болохоор сэтгэл шулуудсан хэрэг.

-Урлагийн хүн болох,  урлагт сонирхолтой байхад нөлөөлсөн зүйл юу байв?

-Дуулах сонирхол, тэр хүслийг Эрдэнэхайрхан сумаасаа, нутгаасаа олж авсан. Нутгийн минь үзэсгэлэнт уул, ус, говь, хангай хосолсон өвөрмөц содон байгалийг хараад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй юм. Мөн долоо дугаар ангид Эрдэнэхайрхан суманд шилжин ирэхэд, дуу хөгжмийн баш Циенхорол, Туяа багш маань эхэлж дуулуулж, сургуулийн урлагийн үзлэг, яргуй наадам зэрэгт оруулдаг байлаа. Тухайн үедээ ангидаа хөвгүүдийн дөрвөл, хөөрхөн хамтлагтай байв. Тэгээд л гоцлол дуу, хамтлаг дуу, хоршоо дуу, исгэрээ гээд л бүхий л төрөлд нь оролцдог, шилдэг номер болж шалгарвал шинэ жилийн нэгдсэн концертод оролцдог тийм л байсан. Тэр л цагаас дуулж эхэлсэн. Яагаад Завханмандал суманд байхдаа дуулдаггүй байсан гэхээр манай ангид Мэндбаяр, Лхагвасүрэн гэж маш сайхан дуулдаг хүүхдүүд байсан. Мэндбаяр нь зохиолын дуу дуулдаг, Лхагвасүрэн нь уртын дуу дуулна. Түүнд дарагдаад дуулаагүй шиг байгаан.  Тэр нь ч надад оносон гэж боддог. Гэхдээ тэр үед миний хоолой их өвөрмөц дуугардаг байсан. Амаа ангайгаад хоолойгоороо яг л цагдаагийн шүгэл шиг дууг гаргадаг байсан. Түүнийг хүүхдүүд их сонирхоно, би ч дуугаргаж үзүүлнэ.  Бусад хүүхдүүд чадахгүй гэж түүгээрээ их бахархана. Харамсалтай нь томроод тэр дуугаа гаргаж чадахаа больчихсон. Мөн Батсүх гавьяатын  дууны кассетыг дахин дахин сонсож, дууг нь сурдаг, дагаж дуулдаг байлаа. Миний анх тайзан дээр дуулсан дуу бол “Цэцэн хайрхан уул” хэмээх сайхан дуу бий. Эдгээрээс гадна урлагийн хүн болох, тэр тусмаа дуучин болох хүслийг миний өвөө, аав хоёр надад өгсөн гэж боддог юм. Аав маань насаараа архи уугаагүй, ууж чаддаггүй хүн байсан. Хаяа нэг ойр дотны хүмүүстэйгээ хууч хөөрөн суухдаа ганц татна, мэнчийсэн улаан царайтай болчихно. Тэгээд л дуулаад байна. Цуцдаггүй хоолойтой хүн байсан. Харин өвөөг маань Дааган дэлийн /Эрдэнэхайрхан сумын нутагт орших уул/ орой дээрээс хонь хариулж байхдаа дуулахад, доор хаяанд байсан айлын тогоо чан гэж чимээ гарган дуугардаг байсан хэмээн нутгийн хөгшчүүд ярьдаг юм. 

-Тэгээд хэзээ нь урлагийн хүн болох зам мөр эхлэв?

-Үеийхэн аль хэдийн их сургууль аваад явцгаасан. Би гэдэг хүн хөдөө, малчин. Залуу хүн болоод тэр үү нилээн шар хөдөлсөн. Тэгээд ер нь суръя гэж шийдсэн. Тухайн үедээ арван жилийхээ гэрчилгээг Завханмандал суманд эчнээгээр суралцан авсан. Аав маань ч миний сурахыг дэмжиж, үе тэнгийнхнээсээ хоцроод яах вэ, миний хүү яв гэсэн. За тэгээд конкурсдэхээр аймгийг зорив. Бүтэн хоёр жил мал маллаж, сургууль завсардсан хүнд мэдлэг гэх юм ховор. Үеийн найзууд математикт бүртгүүлчих, цуг орно, болно бүтээнэ гэж хэлж байсан. Гэхдээ би өөрийхөө чаддаг, мэддэг юу байна, түүгээрээ л өрсөлдөе гэдэг шийдвэр гаргасан. Ингээд Кино урлагийн дээд сургуульд элсэх шалгалт авч байна гэсэн сургаар Хөгжимт драмын театрт очсон. Бүр болоогүй жүжигчний мэргэжлийн ангид элсэхээр бүртгүүлчихэв. Маргааш очоод л шалгалтаа өгөхөөр болов. Бүхэл өдөржин л шалгалт авч байна. Энд тэндгүй л ээж, аавыгаа дагуулсан хос хун шиг хүүхдүүд бэлтгэлээ хийгээд л. Би гэж ганцаараа, өнчин ишиг шиг зогсоод л байсан санагддаг юм. Амархан юм байна гэж бодож байсан ч нилээд олон шалгуур давсан. Тэгээд Кино урлагийн дээд сургуульд орох шалгалтанд аймгаасаа нэгт жагсаж, оюутан болсон доо.

Ингээд оюутан болсон намайг намар сургуульд явах үеэр аав маань арван хургатай хонь зарж, гурван зуун мянган төгрөг өгч явууж байлаа. Анх хотод  ирээд, Төмөр замын хойд талын шар байранд, ахындаа ирж байсан. Тэгж л миний оюутан цагийн дурсамж, амьдрал эхэлсэн. Сургуулийхаа гадаа ирчихээд л манай сургууль хаана байна гээд будилж явсан  оюутан насны  хөгжилтэй түүх олон бий.  

-Мэргэжлийн жүжигчний ангиас яаж яваад дуучин болсон бэ. Энэ түүх сонирхол татаж байна?

-Анх Кино урлагийн дээд сургуульд Ардын жүжигчин Цэрэндагва багшийн ангид орж байлаа. Багшаасаа хүн байхын асар их ухааныг сурсан. Би их ичэмтгий хүүхэд байсан. Ангид ороод л хүүхдүүд харахаар бүхий л биеийн хөлс цутгаад, сандраад байдагсан. Түүнээс ч болсон уу, багш маань намайг үргэлж манай ангийн ганц “онгон” хүүхэд гэнэ. Одоо ингээд бодоход ганц эвдрээгүй, хүүхэд зангаараа байсан нь гэж хэлж байсан хэрэг байж.  Хавар нь болов. Сургуулийхаа урлагийн үзлэгт дуулаад түрүүлчихсэн, ямар л арга хэмжээ болно дуулчдаг, хөөрхөн хоолойтой хүүхэд гэж их магтуулна. Манай дуу, шуумын багш “Quarter Music”-ын Эрка намайг их дуулуулна. Миний анхны бичүүлсэн дуу бол Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэвээнравдан багшийн "Ухаарлын дуу" байсан. Тэр цагаас л дуулах хүсэл, сонирхол бүр их болсон. Тэр хавраа СУИС-д орохоор, конкурсдэж тэнцсэн. Ингээд Кино урлагийн дээд сургуулиа орхиж, 2004 оноос дуучин болох замыг сонгож, СУИС-д сурч эхэлсэн.

-Төмөр замчдын дуу бүжгийн чуулгад хэзээ орсон юм бэ?

-2009 онд сургуулиа төгсөний дараа л энэ чуулгадаа орсон. Өдий хүртэл сайхан хамт олонтой ажиллаж байна. Хүн боловсроод сургуулиас гарах нэг өөр, амьдрал практикт гарах нэг өөр. Ямар чансаатай уран бүтээлч байх уу, хүнийхээ хувьд ямар байх ёстой гээд олон зүйлийг энэ хамт олноосоо сурч явна. Анх 2010 онд Царцаа намжил дуулалт жүжгийн гол дүр, Галт тэрэг мину зээ, Хандармаа зэрэг хэдэн хэдэн  жүжигт тоглосон.

-ЗАВХАНЧУУД БИД ЗОРИЛГО АЛСЫН ХАРАА НЭГ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ БОДДОГ-

-Анхны уран бүтээлийн хувьд?

-Анхны уран бүтээл маань “Наран мандаасан Эрдэнэхайрхан минь” гэж  сайхан дуу байдаг. Түүнээс хойш өөрийн урийн санд 80 гаруй бүтээлтэй болж. Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэвээнравдан багшийхаа хүчинд өдий зэрэгтэй сайхан явна. Ахтай хүн, артай торго гэдэг шиг багштай хүний уран бүтээл хэзээ ч дуусашгүй ундарсаар байдаг гэж боддог. Өчигдөрхөн хүртэл би “Ирэх сэтгэл”, “Адууны нутаг” гэж хоёр сайхан дуу бичүүллээ.  Би нутагтаа маш их хайртай. Миний хамгийн сайхан дурсамж бүхэн тэнд аргамжаатай байдаг. Хүн ухаантай байхгүй бол хорвоо хатуу шүү дээ. Тэр дундаа урлаг өөрөө хатуу юм. Урлагийн хүн бол мэдрэмжтэй, хүнийг  хайрладаг, сэтгэл зөөлөн байж уран бүтээл гардаг юм болов уу гэж санадаг. Тиймээс нутгийнхаа 60 жилийн ойд зориулж “Сүслэн дээдлэх нутаг” хэмээх дууг дуулсан. Нутгийнхан маань их сайхан хүлээж авсан.

-Та өнгөрсөн жилийн Морин хуур наадмын тэргүүн байрыг эзэлсэн шүү дээ?

-Монгол Улсын гавьяат жүжигчин Чулуунхүүгийн аялгуу, МУСГЗ Айтөмөрбаатарын шүлэг “Ижий гөрөөс” дуугаар оролцсон. Хамгийн олон оролцогчтой буюу 152 дуунаас тэргүүн байранд шалгарсанд бэлэгшээсэн. Надад маш их урам зориг өгсөн, сайхан наадам болсон. Морин хуур наадмын дараагаас олон сайхан дуу дуулж, шинэ шинэ уран бүтээл хийж байна.

-Анхны цомгоо мөн гаргаж амжсан. Цомгийхооо талаар бидэнд сонирхуулбал?

-Тийм. 2015 онд зорьж байснаараа анхны цомгоо гаргасан. "Сөөхий мөртэй нутаг"  хэмээх цомогт маань 16 дуу багтсан байгаа. Анхны юм бүхэн төгс байдаггүй. Алдаатай, оноотой зүйл их бий. Уран бүтээлч хүн чанарыг эрхэмлэн үздэг байх ёстой юм болов уу. Тиймээс дараагийн цомог, цаашдын уран бүтээлдээ чанарыг үргэлж эрхэмлэсээр байх болно.

-Уран бүтээл хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Тоглолтыг тань хүлээсэн олон сонсогч байгаа байх?

-Уран бүтээлч хүний хувьд сонсогч түмэндээ зориулан тоглолт хийхийг хүсэлгүй яах вэ. Ирэх жил хийх санаа, бодол байна.  Өөрийгөө хэн бэ гэдгийг харуулсан, өвөрмөц өнгө төрх бүхий тоглолт хийчих юмсан гэж зорьж байна.

-Чуулгын ажил, мөн уран бүтээл гээд цаг завгүй л ажилладаг байх. Багахан ч гэсэн чөлөөт цаг гарвал юу хийхийг хүсдэг вэ?

-Мэдээж цаг зав маш бага байдаг. Жаахан зав гарвал би теннис тоглох дуртай. Тийм хоббитой гэхэд болно. Теннис хүнийг чөлөөлж чаддаг спорт гэж боддог. Нүд, бие, оюун санааны хувьд. Гэхдээ хүн дуртай зүйлдээ ямар ч нөхцөлд цаг, зав гаргадаг шүү дээ. Тиймээс ямар ч байсан цаг гаргаад теннис л тоглодог доо. Энэ хоббигоо бүр хөгжүүлж, аймгийн аваргад хоёр ч шавь оруулаад амжсан. Тэгэхээр бололцооны тоглогч байгаа биз. /Инээв/

-Таныг оюутан цагаасаа эхлэн олон нийтийн байгууллага, тэр дундаа нутгийн залуусын төлөөх байгууллагад ажиллаж байсныг мэдэх юм байна. Одоо залуучуудтай хэр ойрхон ажиллаж байна?

-2004 онд Завхан аймгийн Залуучууд, оюутны хөгжлийн төв байгуулагдах тухай хавар яригдаад, Намар нь батлагдан байгуудагдаж байлаа. Тэр үед нэг хамт олон болж, нутгийнхаа залуучууд, оюутны төлөөх үйлсэд идэвхтэй ажилласан. Ер нь залуучуудын төлөөх байгууллагад зөв идэвхтэй, зүтгэлтэй, өөрийн мэдлэг оюунаа дайчилж чаддаг хүн ажиллах ёстой гэж боддог. Тухайн үед ЗАЗОХТ-ийн залуус тийм л байсан. Одоо Монголын Залуучуудын холбооны, Соёлын байнгын хэлтсийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна. Бид  Соёлын довтолгоо II гэж томоохон төслийг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

-Очирваань уулын холбоонд мөн идэвхтэй байдаг шүү дээ?

-Завхан нутгаас төрөн гарч буй залуу уран бүтээлчдийг дэмжих зорилго бүхий Очирваань уулын холбоо гэж төрийн бус байгууллага байгуулагдсан. Тэнд албан ёсны бүртгэл байхгүй ч гэсэн уран бүтээлийн байнгын бүртгэлтэй, холбоотой ажилладаг.  

-Таны бодлоор Завханчууд гэж ямар хүмүүсийг хэлэх вэ. Ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Дэлхийг нэг хүн гэж үзвэл, Монгол Улс нэг бүдүүн судас. Түүнээс салбарласан олон нарийн судасны нэг бол Завхан гэж би хувьдаа боддог. Тиймээс даяарчлагдаж байгаа энэ нийгэмд заавал Завхан, Увс, Ховд гэж хуваагдах хэрэг байхгүй юм болов уу. Энэ бол хагарлын эх үүсвэр гэж боддог. Бид зөв зүйлээрээ өрсөлдөх ёстой. Яг Завханы цохилох зүрх талаас нь ярьвал бид маш их оюуны чадвартай хүмүүс  шүү дээ. Завханчууд бол ганцаараа явсан ч хүрэх газраа очиж чаддаг чадварлаг хүмүүс. Тийм өндөр ген, чадвар байгаа учраас эвлэлдэж, нэгдэж чадахгүй байна уу гэсэн харуусал байлаг юм.  Одоо энэ нийгэмд аль болох нэгдэж, хамтаараа л хийж бүтээх хэрэгтэй. Тиймээс Завханчууд бид зорилго, алсын хараа нэг байх ёстой гэж хардаг. 

- Уран бүтээлч болохыг зорьж яваа залуу үеийн төлөөлөлдөө хандаж  та юу хэлэх вэ?

-Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэдэг үгийг би мөрдлөг болгож явдаг. Хүн гомдоочих вий дээ гэхээс хамгийн ихээр айдаг. Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дурсах нэрийг өөрөө олдог гэдэг шиг би нэрээ хайрлаж, хамгаалж явахыг хүсдэг. Хүн шударга байх ёстой. Гэхдээ шударга гээд муйхарлан зүтгэж болохгүй. Залуу хүмүүс ажил, амьдрал, тоглоом наадгайг зэрэгцүүлэн явах ёстой гэж боддог. Аливаа юм бүхний тун, хэмжээг тохируулна гэдэг их ухаан юм. Хувь хүн бүр өөрийн сурч байгаа, хөдөлмөрлөж байгаа ажилдаа сэтгэлээсээ ханддаг, сэтгэлээ зориулдаг байгаасай.  Тэр хүсэл тэмүүллийнхээ төлөө үнэнч байгаасай л гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Танай хамт олонд үргэлж гэгээн сайхан мэдээ, мэдээллийг түгээн дэлгэрүүлж байхын ерөөлийг дэвшүүлэе.

О.НОМИН

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл