Otgontenger.mn

Хамгийн хүйтэн газрын хамгийн халуун рашаан

Завханы Тосонцэнгэл гэхээр юун түрүүн  Монголын хамгийн хүйтэн газар, жимсний эх орон, ой хөвчийн тайга, Тосон хийцийн сийлбэртэй монгол гэр, хамгийн том сум гэсэн санаа орж ирнэ. Энэ нь Тосонхангай нутаг олон брэндээрээ улс даяар алдаршсаныг илэрхийлнэ. Эдгээрээс тус сумын бас нэгэн бахархал болох Маруз уулын рашаан амралтын тухай хөндөх гэсэн юм.

Тосонцэнгэл сум нь Тарвагатай, Булнай нурууны салбар өндөр уулын бүсэд далайн түвшнээс 1900 гаруй метрийн өндөрт орших ба сумын төв нь Улаанбаатар хотоос 860 км, Эрдэнэт хотоос 630 км, Завхан аймгийн төв Улиастайгаас зүүн хойш 181 км зайтай орших бөгөөд 10 гаруй мянган хүн амтай манай улсын томоохон сумдын нэг.

Тосонцэнгэлд автозамаар очихын зэрэгцээ агаарын тээврээр очих боломжтой. Тус суманд үүрэн холбооны бүх оператрын сүлжээ,  хэд хэдэн ШТС-ууд болон тохилог зочид буудал, ресторан, худалдаа үйлчилгээний төв, авто засвар, дугай засвар, худалдаа 24 цагаар ажилладаг нь давуу тал. 

Хамгийн онцлууштай нь эдгээр үйлчилгээний газрууд бүгд картаар үйлчилгээ үзүүлэх бөгөөд банкны АТМ 24 цагаар ажиллана. Эндээс та аялалд шаардлагатай бүх зүйлсээ бэлтгэн авах боломжтой юм.

Тус сумын газрын гадарга өвөрмөц тогтоцтой өндөр нам уулс, тал хөндий хослон орших боловч нутгийн ихэнхийг уул нурууд, тэдгээрийн хоорондох гол, мөрний хөндий, ой мод эзлэх бөгөөд хамгийн өндөр цэг нь Тарвагатайн нурууны ноён оргил болох Маруз хайрхан (далайн түвшнөөс дээш 3096м өргөгдсөн) юм. Маруз хайрхан бол энэ нутгийн хүн ардын шүтээн болсон уул төдийгүй энэ бүсийн экосистемд онцгой ач холбогдолтой газар. Маруз хайрханы ар буюу Тарвагатайн нурууны салбар уулсаас Идэр, Жаргалант, Ямаат, Тэгш, Гунзан, Хожуул, Зарт, Цэцүүх зэрэг олон арван тунгалаг уст гол эх авч Идэр голд цутгана. Идэр гол цааш урссаар Дэлхийн цэвэр усны гол нөөц болсон Байгаль далайн цорын ганц цутгал болох Сэлэнгэ мөрөн болно. Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн том цэвэр усны нөөцийн эх нь энэ л хангай юм. Эдгээр голын эхэнд Маруз, Зарт, Цэцүүх, Отгонтэнгэрийн зэрэг халуун рашаан байрласан нь эрт цагт царцдас баруун урдаас, зүүн хойш чиглэсэн их хагархайн дагуу газрын гүний ус оргилон гарч байгаа гэж судлаачид үздэг.

Марузын рашаан Тосонцэнгэл  сумын төвөөс чанх урагшаа 80 км зайд оршино. Рашаан хүртэл Хожуулын голыг нийт 7 удаа гүүрээр гатална. Ингэх зуур үзэж харж, нүд сэтгэлээ баясгах зүйл олон...  Тухайлбал Идэр-Хожуулын голын бэлчир, хиймэл нуур, Дугай мод, Ганга элсний булангийн хайлдаг элс, Хэцүү хясаа, Буурлын модны рашаан, Рашаант багийн төв, Баян-Уул, Баруун-эх, Халуун усны ам зэрэг аглаг хангай нутгийн цэцэг, жимс, модон дундуур аялах юм. Уул, ус жигдэрсэн Рашаант нутагтаа Хожуулын голоо дагаж буусан хот айлууд, бэлчээр талдаа идээшиж буй мал сүрэг, тонгочин тоголох нялх төл, сүүлээ өргөн эрхлэн саагчих сарлагын тугал гээд мэлмий баясч, сэтгэл бахадмаар хөдөө нутгийн үзэгслэн бүрдсэн нутаг. Тус голынхон МУГЖ С.Жавхлангийн дуулсан “Ээжийн чанасан цай” дуунд гардаг шиг ... Бараа нь харагдах зочдын өмнөөс цайгаа чанаад, Сарлагийн хайлмагаа таваглаад л угтдаг ... Монгол зангаараа үлдсэн цөөхөн нутгийнханы нэг. Энэ нутагт та өлсөх, цангах, уйдах зэрэг урт аялалд тохиолддог олон бэрхшээлийг мэдрэхгүй явсаар Марузын рашаан байрлаж буй Хожуулын эхэнд хүрч очих болно.

Марузын рашаанд 7 сарын 1-ээс 9 сарын 1 хүртэл орох боломжтой бөгөөд амрагчид Монгол орны өнцөг булан бүрээс ирж амардаг байна.

Рашаан нь Хожуулын баруун эхэнд Зүрх уулын баруун хойно, Рашааны 3 хүнх уулын зүүн хормойд (далайн түвшнээс дээш 2160м өндөр) ой хөвчийн дунд байрлана. Рашаануудын химийн найрлагаараа өөр хоорондоо ялгаатай ба хүхэр, устөрөгч бүхий рашаан юм.  Энэ нь  натрит ба магни натрит, гидрокорбатналог-сульфатлаг-хлорлог ус агуулсан химийн найрлагатай 42-90 хэм буюу хэт халуун рашааны бүлэгт багтдаг байна.   Энэхүү анагаах чанарыг орон нутгийн иргэд маш эртнээс нээж илрүүлж  одоогоос 100-аад жилийн өмнө зарим рашаануудад зориулж байр буюу амралтын газар барьж ашиглаж байсан тухай нутгийн өндөр настанууд хуучилдаг.

Марузын рашаан арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож, мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчин, бөөр, ходоод гэдэс зэрэг дотор эрхтнийг эмчлэхэд нэн тохиромжтой юм байна.

Рашаан усыг хэрхэн хүртэх тухай орчин үеийн анагаах ухааны болон уламжлалт хэд хэдэн үндсэн арга байдаг. Үүнд рашааныг 7-14 хоногийн турш өдрийн гурваар ууж, орно. Энэ үед архи, сүү харш тул сүүтэй цай, айраг, архи үл хэрэглэнэ. Рашаанд орж байх үедээ мөн дараа нь тогтсон дэгийн дагуу гамыг сайтар сахих ёстой. Рашааныг уухдаа том балгаж биш аажуухан шимэх байдлаар хүртдэг байна. Настангуудыг харж байхад рашаан уух, рашаанд орохдоо ихээхэн хүндэтгэлтэй хандна. Зөвхөн  рашаан уухад зориулсан  мөнгөн юмуу мод, шил, шаазан аягатай байна. Эдгээр аяганууд нь рашааны найрлагыг өөрчилдөггүй сайн талтай байдаг гэнэ.



         Мөн рашаан уух үедээ  хэт хүнд хүчир ажил хийхгүй, өлсөхгүй, хэт цатгалан биш байх дэглэмээр зөв­хөн хонины мах хэрэглэн хооллох нь үндсэн гам болно. Өдөр унтахгүй байх, эм ба тан үл хэрэглэх, шарсан хуурсан зүйлээс татгалзах, өвчил­сөн эд эрхтэндээ дагнасан рашаан уухыг зөвлөж байна. Хоёр юм уу гур­ваас дээш төрлийн өвчинд зо­риул­сан өөр өөр рашаан хольж уух нь рашаануудын найрлага хо­лил­дож гашлан эмчилгээ бо­лох­гүй зөвхөн амны цангааг тайл­на гэж үздэг байна.

Манай Улсад тогтоогоод байгаа 250 орчим анагаах увидастай нуур, рашаан төст булаг байдаг ажээ. Тэдгээр рашаанд түшиглэн улсын хэмжээнд 16 рашаан сувилал албан ёсны бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн дийлэнх олонхи нь зөвхөн уудаг эсхүл шавар эмчилгээ голлодог байна. Харин Марузын рашаан бол ордог, уудаг рашаан юм. Марузын рашааны бүс орчимд 100-аад төрлийн рашаан, булаг байх бөгөөд түүний 10 гаруй (Үүнд: таван цул, бөөр, сав, мэдрэл, зүрх, хамар, нүд, шүд, элэг цөс, ходоод, хий шар, халуун шар, хоолой) уудаг рашааныг ашиглаж, 3-н төрлийн халуун рашаанд орж байна. Рашаанчид энд голдуу 7 хонох бөгөөд очсон өдрөө хамгийн эхлээд 3-н рашааны арай сэрүүн нь болох Тангийн рашаанд орж биеэ бэлдэнэ. Маргааш өдрөөс биеийн байдалдаа тохируулан буцах өдрийг хүртэл халуун рашаанд сондгой тоогоор орж, хамгийн сүүлд эхний орсон Тангийн рашаандаа биеэ сойдог уламжлалтай. Рашааны ундрага сайн, хөл хөдөлгөөнөөс зайдуу болохоор оочер дараалал багатай тул та өдөрт олон орох бололцоотой юм.

Мөн рашаанчдын байрлах байр, рашаанд хүрэх зам, рашаанд орох байрыг Тосонцэнгэл сумын удирдлагууд засч, шинээр барьсан байх ба нэг ээлжиндээ 70-80 хүн байрлах боломжтой тохиолог байртай. Зуны улиралд сумаас физик эмчилгээ хариуцсан эмчийг томилон ажиллуудаг бөгөөд тэрбээр рашаанчдад зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн байдалд хяналт тавих, хануур, төөнүүр хийх зэрэг эмчилгээг үзүүлдэг байна.

Рашааны эргэн тойронд хонхон цэцэг, юмдүнзэн, ажигсүрэн зэрэг ховор эмийн ургамлууд алаглан ургах бөгөөд шинэсэн ойн чийглэг анхилуун үнэр, асганы усны хүчирхэг боргионы сүрлэг чимээ, үргэлж манан дунд байх Маруз хайрхан, тайгын зөөлөн салхины аясаар исгэрэх ойн чимээ таны алжаалыг тайл, сэтгэлийг амрааж, тайтгарлыг бий болгох болно.

Мөн тус рашааны эргэн тойронд явган аялал, фото зураг болон байгалийн гоо үзэгслэнг сонирхох хэн бүхний анхаарлыг татахуйц байгалийн үзэгслэнт газар элбэг. Үүний нэг нь рашааны баруун хойно мөнх цастай хүнхт орших Ногоон нуур юм. Энэ нь голдоо нууртай эргэн тойрон арц ургасан байгалийн өвөрмөц тогтоц. Уг нуур нь хэмжээ, байрлалын хувьд Отгонтэнгэр хайрханы Бадархундагыг санагдуулам төстэй.

Уг рашаан нь ан амьтан, араатан, жигүүртэн, ургамал, цэцэгсээр хүрээлсэн байгалийн төгс үзэгслэнг цогцлоосон нутаг тул та ном, сэтгүүлээс л харж байсан бүхнийг нүдээр үзэх боломжтой тул зургийн аппратаа заавал авч явахыг зөвлөж байна.

Эрхэм таныг манай нутагт зочлон очихыг урьж байна.

Б.ДАВААЖАНЦАН

 

 

 

 

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл