Otgontenger.mn

“Завхан-Буурал” нэртэй мах, ноолуурын чиглэлийн сайн үүлдэрийн ямаа үржүүлж байна

Манай улсын эрдэмтэд мах, ноолуурын чиглэлийн ямааны шинэ үүлдэр гаргажээ. Энэ сарын эхээр “Завхан-Буурал” нэртэй ямааны тус үүлдэрийг салбарын яамныхан батламжилсан байна. Үүлдэрийг баталгаажуулна гэдэг дэлхийд хүлээн зөвшөөрүүлж байгаа гэсэн үг бөгөөд монгол ямаа дэлхийд данстай болж буйг эрдэмтэд хэлж байна. Завхан аймгийн Цөм сүргийн аж ахуйн захирал, Монгол Улсын Гавьяат зоотехникч Л.Лхасүрэн, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ямаачин Тоймын Жамцын охин Ж.Отгоолой нар тус ямааны үүлдэрийн зохиогч юм байна. Тэд уг үүлдэрийг гаргахын тулд шинжлэх ухааны үндэстэй арга зүйн дагуу судалгаа, шинжилгээ хийж, 1972 онд Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгээр арга зүйгээ батлуулан практикт нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ. Ингээд 30 орчим жил ажиллаж байж шинэ үүлдрээ батламжлуулж чадсан байна.

-ШИНЭ ҮҮЛДЭРИЙН ЯМААГ КЫРГЫЗ УЛС РУУ ЭКСПОРТЛОЖЭЭ-

“Завхан-Буурал” ямааны ноолуурын урт 5.6-6.8 см, ноолуурын голч 13.7-14.2 миллмикрон нарийн ноолууртай байна. Ноолуурын гарцын хувьд бусад ямаанаас дунджаар 69-110 граммаар илүү гэдгийг хэлж байлаа. Тиймээс энэ үүлдэрийн ямааны зөвхөн ноолуураас жилд 3.4 тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг малчид олдог байна.

Мөн махны чиглэлийн “Завхан-Буурал” үүлдэр нь бусад ямаанаас 3-8 кг-аар илүү жинтэй аж. Нийт 10.000 орчим хээлтүүлэгч мал бойжуулснаас 6000-ыг нь 11 аймгийн 60 гаруй сумынхан ямааны үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулахаар авчээ. Мөн амьдрах чадвар, тэсвэр хатуужил сайтай, нарийн ноолууртай зэрэг давуу талыг нь харж Кыргыз улс манайхаас 30 ухна, үржлийн 90 ямаа аваад 5-6 жил болсон байна.

Үүлдэр омгийн малын удмын санг хамгаалахын тулд цөм сүрэг хэлбэрээр зохион байгуулдаг байна. Одоогоор Завхан аймгийн Дөрвөлжин, Алдархаан, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Цэцэн-Уул  сумдад ийм үүлдрийн 410.000 ямааг ноолуур, махны чиглэлээр үржүүлж байгаа аж. Түүний дотор цөм сүргийн ямаа нь 173.000, цөмийн цөм болсон 84.000 ямаа Дөрвөлжин суманд байгаагаас 50.000 орчим нь үржлийнх юм байна.

-МАЛЫН НЭГ ҮҮЛДЭР БИЙ БОЛГОХОД 20-30 ЖИЛ ШААРДДАГ-

Энэ талаар Монгол Улсын Гавьяат зоотехникч Л.Лхаасүрэн хэлэхдээ “Малын нэг үүлдэр бий болгоход 20-30 жилийн хөдөлмөр шаарддаг. Анхны ямааны үржлийн фирм байгуулаад, үүн дээр түшиглээд урт хугацааны туршид селекцийн ажил явуулсны дүнд А буюу ноолуур махны хосолмол хэвшил, Б буюу их жинтэй махны хэвшлийн, С буюу ноолуурлаг хэвшлийн гэсэн гурван удам зургаан бүл бүхий “Завхан-Буурал” ямаан сүргийг бий болгоод байна” гэв.

-ДӨРВӨЛЖИН СУМ ӨӨРИЙН ГЭСЭН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮНТЭЙ БОЛНО-

“Завхан-Буурал” хоршооны дарга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ямаачин Тоймын Жамцын охин Ж.Отгоолой “Олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээр “Завхан-Буурал” үүлдэрээ баталгаажууллаа. Монгол Улсын хэмжээнд хар ямааны тэргүүлэх чиглэл бий болж байна. Шинэ үүлдэрийн ямаануудаа шилмэл сууриар нь долоон суурьт хуваагаад эндээ судалгаагаа хийж байгаа. Сайн чанарын ямаануудын суурь бий болгосон. Ноолуурын хувьд зөөлөн, мяндаслаг байна. Тиймээс ноолуураа “Говь” комбинатад нийлүүлж байна. “Алтай” кашмертай гэрээ байгуулж, хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа. Цаашид Дөрвөлжингийн гэсэн тодотголтой брэнд бүтээгдэхүүн гаргах бодолтой байгаа. Энэ ажлын эхлэл тавигдчихсан. Ирэх жилээс ажил хэрэг болоод явна” гэлээ.

Ж.ГАНАА

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл