Otgontenger.mn

Гончигийн Гэндэнжамц

Гончигийн Гэндэнжамц нь XVI-р жарны Төмөр бичин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 1920 оны 11-р сарын 11-нд Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны Баян булаг харуул, одоогийн Завхан аймгийн Баян-тэс сумын Жавхлан багийн нутаг болох “Хүртэн” /Хүрдтэн/ гэдэг газар малчин ард эцэг Гончиг, эх Маани /Сольхүү/ нарын гурав дугаар хүү нь болон ер бусын гайхамшиг үзүүлэн мэндэлжээ. Хүүг төрсөн шөнө найман мориных нь долоог нь чоно идэж ганц хашин бор морьтой хоцорсон гэдэг. Эцэг эх хоёр нь хүүдээ Гэндэнжамц гэдэг нэр хайрлажээ. Энэ төмөр бичин жил Баянбулаг харуулд гурван эрэгтэй хүү төрсөн нь Цэдэнишийн Цэвээн, Равжаагийн Дунгар, Гончигийн Гэндэнжамц нар байжээ. Энэ гурван хүүгээс нэг нь буурал багшийн хойт дүрээр тодрох учиртай байжээ.
1925 он буюу модон үхэр жилийн зуны тэргүүн сарын шинийн 8-нд Баян булаг харуулын Могойн хүрээний Цогчин дуганыг равнайлуулах, Буурал багшийн хойд дүрийг тодруулахаар Цаст Төвдийн Гүмбүмжамбайлин хийдийн Хансүр Баажоо Шавран хэмээн алдаршсан ИШИДАЗАННЯМ гэгээнтэнийг өглөгийн эзэдийн хөрөнгө болон хүрээний жасын хөрөнгөөр залж иржээ.
Энэ өдөр Маани гуай отгон хүүгээ /Лүнрэг/ тэврэн хүү Гэндэн-жамцыгаа гараас нь хөтлөөд хүрээний хэрэмний хаалгаар орж ирэхийг Төвдийн Гэгээн багш бээр хараад ихэд мишээн “Хүмүүсээ зам тавайраа цаанаас чинь хувилгаан морлин ирж байна” хэмээн уулга алдан хүүг угтан авч “буурал сахлаа хаана гээчхээв” гэж тэргүүнээрээ золгон адислаж шар хадаг, шар зангиа хүзүүнд нь зүүж өгчээ. Гэгээн багш хүүд чавга атгаж өгсөнд 5 настай хүү гараа ташаандаа арчаад хоёр гараараа тосч авахад “буурал лам хэрсүү хэвээрээ л байна даа “ хэмээн Гэгээн багш ихэд билэгшээгээд Чойжоо бурханы хувилгаан, Баян булаг харуулын Могойн хүрээг үүсгэн байгуулагч Буурал багшийн хойд дүр мөн байна гэж айлдаад “ Чүлтэмням” гэдэг сахилын нэр хайрлажээ.
Гэгээн багшийг тодруулсанаас хойш шөнө унтаж байхад номын үсэг биед нь шингэж урьд насных нь увдис шингэж байсан гэдэг.
Хүүг Буурал багшийн шавь Могойн хүрээний унаган лам Лам ах буюу Жансан гэлэнд шавь оруулж анх Тангад ном заалгаж, хүрээнд суулгасажээ.
Тодруулсан үеэсээ шид үзүүлж эхлэн 20 гаруй наснаасаа хойш урьд насны зөн билэг нь тодорч өөрийн авъяас чадлаараа шашин амьтанд илтэд туслаж эхэлжээ.
1937-1938 оны үед хүрээ хаагдсанаар идэр насандаа энгийн дүрээр залран цэргийн алба хааж, жин тээн Жаргалант нэгдлийн ууган гишүүн болж мал маллаж, мөн сүүн заводын мастер зэрэг ажлыг хийж байжээ.
Хүнд хэцүү цаг үед зовсон зүдэрсэн олон хүмүүст нууцаар өөрийн урдын номын шид хүчээ илтэд үзүүлэн туслаж байсан бөгөөд хилийн дээсийг алхан Тува улсын ард түмэнд тус болхоор үл барам бурханы шашныг дэлгэрүүлж шавь нар олонтоо болж тэдний дунд “Аажаа багш” хэмээх нэрээр алдар нь түгэж байсан.
XVII жарны гал бар жил буюу 1986 оны 8-р сарын 11-ний өглөө үүрээр хурмаст тэнгэр нь хураа хайрлаж, хувилгаан багш маань солонгон гэрэл татуулж 67 настайдаа хорвоогийн мөнх бусыг таалж жанч халсан юм. Ариун гэгээн Аажаа багшийг таалал төгссөний дараа нутгийн Могойн хүрээний унаган шавь, авга ах Цэвэг лам хойтохыг нь хийж, мөн хүрээний унаган шавь зон олонд Гагаа хэмээн алдаршсан Дорж лам, Цогдов гуай зэрэг лам нар ерөөл буян хурж нутгийн ахан дүүс, Тува, Монголын шавь нар нь зулын гэрэл таслалгүй зул өргөн маани уншиж, улмаар олон морьтой, машинтай шавь нар нь Буга согоотын голыг өгсүүлэн Буянтын хойд салаанд нь үүрд нойрсуулжээ.
Чүлтэмням хувилгааны гэгээн дурсгалыг хүндэтгэн төрсөн нутаг Баян-тэс суманд бодь суврага, мөн Тува улсын Эрзин хошуунд бодь суврага тус тус бүтээсэн бөгөөд Завхан аймгийн Жавхлан толгойд сүндэрлэн бүтсэн арван хутагтийн гэрэлт есөн цагаан сувраганы нэг эзэнд дурсгал нь мөнхөрсөн юм.

Ум сайн амгалан болтугай

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл