Otgontenger.mn

Ой тогтоолтоор Монгол улс тэргүүлж байна

Өнгөрсөн 9 сарын 28-30ны өдрүүдэд  Хонгконг улсад болж өнгөрсөн Ой тогтоолтын олон улсын тэмцээнд манай орны баг тамирчид амжилттай оролцож эх орондоо өчигдөр газардлаа.

“Монголын оюун ухааны академи”-ийн захирал Х.Хатанбаатараар удирдуулсан тамирчид 18 алт, 6 мөнгө, 15 хүрэл медаль хүртэн багаараа дэд байрыг эзэлж улс орныхоо нэрийг гаргасан бахархууштай үйл явдал тохиожээ. Ингээд “Монголын оюун ухааны академи”-ийн тамирчин Ө.Сэнгэсамдангаас сэтгэгдлийг тодрууллаа.

-Юуны өмнө тэмцээндээ амжилттай оролцоод ирсэнд нь баяр хүргэе. Төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна.  Миний хувьд анхны олон улсын чанартай тэмцээн байлаа. Уг тэмцээнд  11 орны 110 тамирчин оролцож, 10 төрлөөр өрсөлдүүлж шилдгүүдээ шалгаруулсан юм. Миний хувьд насанд хүрэгчдийн ангилалд оролцон 3 төрөлд алтан медаль, 2 төрөлд нь хүрэл медал хүртсэн амжилттай эх орондоо ирж байна. Нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт бичигдсэн.

-Ямар төрөлд амжилттай оролцсоноо сонирхуулбал?

- Тооны марафон , хөзөр, түүхэн үйл явдал зэрэг төрлүүдээр алтан медаль,  тооны марафон, хөзөр хурд гэсэн төрлүүдэд хүрэл медаль хүртсэн.

-Өрсөлдөгчдийн хувьд хэр хүчтэй байв? Мөн тэмцээний зохион байгуулалтын хувьд?

-Тэмцээн маань зохион байгуулалт сайтай болж өнгөрсөн. Хүчтэй өрсөлдөгчдийн хувьд Филиппиний тамирчид  багаараа тэргүүн байр эзэлсэн. Тиймээс дараа дараагийн тэмцээнүүддээ ялна гэсэн итгэл найдвар, эрч хүчийг тээж ирлээ.

-Уг спортоор хэзээнээс хичээллэх болсон бэ?

-Оюун ухааны спортоор хичээллээд 2 жил болж байна. Анх телевизээр гарч байхыг хараад сурах хүсэл эрмэлзэл төрж Х.Хатанбаатар багш дээр хичээллэх болсон. Энэ спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж байгаа багшдаа, академийнхээ хамт олонд баярлаж буйгаа хэлмээр байна.

-Ойрын үед ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?

- Удахгүй дэлхийн аваргын тэмцээн Английн Лондон хотноо 11 сарын 30-наас 12 сарын 2ны хооронд болно. Тийм болохоор бэлтгэлдээ шаргуу орж, бүрэн базаахыг хичээнэ ээ.

-Оюун ухааны спортоор хичээллэхийг хүсч байгаа болон анхлан суралцаж байгаа хүүхдүүдэд хандаж юу зөвлөх вэ?

-Анх хичээллэж байгаа бол шантралгүй, өдөр бүр оролдож хичээллээрэй. Уйгагүй, тууштай, зорилгодоо үнэнч чанар чамд амжилт авчирна гэж хэлмээр байна.

-Баярлалаа. Цаашдын тэмцээнүүдэд нь амжилт хүсье. Монголынхоо оюуныг дэлхийд үнэлүүлээрэй.

И.Сувд

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл