No icon

Нийгмийн даатгал

Г.Саран: Нийгмийн даатгалын шимтгэл НӨХӨН ТӨЛӨХ хуулийн заалт 2021 он хүртэл үргэлжилнэ

Нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон зарим өөрчлөлтүүдийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Сарангаас тодрууллаа.

-Нийгмийн даатгалын тухай хуульд хэд хэдэн заалт орж энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаадаа нөхөн төлөх боломжтой болсон. Энэ талаар?

-Шинээр орсон зарим заалтын хамгийн чухал нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлүүлэх тухай юм. Энэ хууль 2017 онд батлагдсан. Шимтгэлийн хуулийг дагаж мөрдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42 мянган төгрөгөөр тооцож төлнө. Малчин гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог буюу малын "А" данс бүхий иргэнийг, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж татварын албанд бүртгэлтэй хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах төрлөөс аль нэгийг нь төлсөн иргэнийг хэлэх юм.

-Энэхүү хуулиар малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хэдэн оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой вэ?

-15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой болж байгаа юм.

-Тэгвэл нөхөн төлснөөр хэдэн иргэн тэтгэвэр тогтоолгох нөхцөл нь бүрдэж байгаа вэ?

-Уг хуулийн үйлчлэлд 88.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдах бөгөөд ингэснээр 2020 онд 34.8 мянган иргэн шинээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тооцоо гарсан. Хуулийн үйлчилж буй хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хүсэлт гаргах үед 15-60 настай Монгол Улсын иргэн хамаарах ба шимтгэл нөхөн төлөх хугацаанд иргэний суралцсан хугацаа, хорих ял эдэлсэн хугацаа, өндөр насны тэтгэвэр  авсан хугацаа хамаарахгүй.

Comment As:

Comment (0)